Манай улсын 15-69 насны иргэдийн 23.6 хувь буюу 508.2 мянга нь артерийн даралт ихсэх өвчтэй байна. Үүний 68 хувь нь буюу 345.5 мянга нь эмчийн хяналтад ороогүй байгаа аж.
Зүрх судасны өвчнөөр өвдөхөд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлс дотор тамхи, архи, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, таргалалт зэрэг нь хамгийн их нөлөөлдөг байна. Эмчийн хяналтад ороогүйн улмаас өвчин хүндэрч, амь насаа алдах хүртэл эрсдэлтэй юм.
Тэгвэл энэ цусны даралт ихсэх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрвээ өвдсөн тохиолдолд эдгэрэх боломжтой эсэх талаар Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч Л.Аръяасүрэнтэй ярилцлаа.
ШИЛЭН ХҮЗҮҮ ХӨШИХ, ДОТОР МУУХАЙРАХ ЗЭРЭГ НЬ ДАРАЛТ ИХЭССЭНИЙГ ИЛТГЭНЭ
Цусны даралт ихсэх өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
Цусны даралт ихсэх үед шилэн хүзүү хөших, хуухь бамбайх, нүд эрээлжлэх, дотор муухай оргих, огиулах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Өвчтөнийг харахад, нүүр нь халуу оргиж, улайсан, нүдний салст улайсан шинж тэмдэгтэй байдаг. Хэт ихэссэн үед нүдэнд цус харвасан, улайсан харагддаг.
Цусны даралт ихсэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Ямар нэг шинж тэмдэггүй ч даралт ихсэх тохиолдол бий. Толгой эргэх, дотор муухайрах, нүд эрээлжлэх, тэнцвэр алдагдах шинж тэмдгүүд илэрч байвал даралтаа үзүүлэх шаардлагатай. Сүүлийн үед ихэнх иргэд гэртээ даралтын аппараттай болсон байна. Мөн гадуур албан байгууллагуудын үүдэнд даралтын аппарат байршуулдаг болсон. Эсвэл өрхийн эмнэлэгт ч үзүүлэх боломжтой. Хэвийн даралт 120/80 байх ёстой. 140/90-ээс дээш байвал даралт ихсэлт гэж үздэг. Тохиолдлоор даралт үзэхэд гурван удаагийн хэмжилтээр 140/90-ээс дээш их байвал даралт ихсэлт гэж үзээд, эмчид хандах зайлшгүй шаардлагатай.
СТРЕСС, ТАРГАЛАЛТ, БУРУУ ХООЛЛОЛТ ЗЭРЭГ НЬ ДАРАЛТ ИХСЭХЭД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛДӨГ
Сүүлийн үед цусны даралт ихсэлт их залуужиж байна гэж ярьж байна. Үнэхээр энэ өвчин залуужаад байна уу? Цусны даралт ихсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс нь юу вэ?
Улаанбаатар хотод 20-иос дээш насны иргэдийн 25.6 хувь нь даралт ихсэлттэй байна. Энэ нь нэлээн өндөр тоо юм. Даралт ихсэхэд хотжилт голлон нөлөөлж байна. Мөн амьдралын хэв маяг, буруу зуршлууд, буруу хооллолт, ажлын стресс, жингийн илүүдэл, хөдөлгөөний хомсдол, гэдсэнд хлостирин өндөр байх, өөх тосны хэрэглээ өндөр байх зэрэг нь нөлөөлнө. Мөн бага унтаж амрах, тамхи татах, архины буруу хэрэглээ зэрэг хорт зуршлууд ч цусны даралтад нөлөөлж байдаг.
Бид ихэнх цагаа сууж өнгөрүүлдэг. Алхахгүй, спортоор хичээллэхгүй. Гараад л машинд суудаг. Энэ хэмнэлээр явсаар хэвлийн тойрог ихэснэ. Сүүлийн үед залуу үеийн таргалалт ихэссэн байна. Жингийн илүүдэлтэй болсноор шөнөжин хурхирдаг болдог. Энэ нь даралт ихсэлтийн маш эрсдэлтэй хүчин зүйлсийн нэг юм.
ШЭЭС ХӨӨХ ЭМИЙГ УДААН ХУГАЦААНД УУХ НЬ ХАРВАХ ЭРСДЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ
Цусны даралт ихсэх өвчний үед ямар арга хэмжээ авах вэ?
Эмнэлэгт гурван удаа оношлогдсон тохиолдолд даралт ихсэлтийн эм хэрэглэж эхэлнэ. Энэ тохиолдолд ДЭМБ-аас хавсарсан эмийг бага тунгаар хэрэглэнэ гэж зөвлөдөг. Даралт ихсэлттэй хүн бүр зөвхөн нэг л эм хэрэглэх шаардлагагүй. Учир нь даралт бууруулах эмийн гаж нөлөө их байдаг. Жишээ нь, залуу хүмүүс зүрхний цохилт ихтэй, даралт өндөртэй байдаг.
Бета хориглогч эмийн тунг тохируулж хэрэглэх ёстой. Манай иргэд даралт ихэссэн л бол нэг эмээ байнга уудаг. Хэзээ ч эмчийн хяналтад ордоггүй. Даралт их тохиолдолд бета хориглогч эм уусаар, зүрхний зохилт цөөрсөөр хүндэрч ирж байгаа тохиолдлууд цөөнгүй байна.
Мөн чихрийн шижинтэй, даралт ихсэлттэй хүмүүс шээс хөөх эмийг удаан хугацаанд хэрэглэснээр, шээс хөөсөөр байгаад цус өтгөрч, харвах эрсдэл бий болдог. Шээсний хүчил ихсээд тулаа үүсч, үе нь өвддөг. Энэ нь эмний гаж нөлөө байдаг. Тиймээс иргэд даралтны эм сонгож хэрэглэж байгаа бол эргээд заавал эмчийн хяналтад орох ёстой. Хэрвээ гэртээ даралтаа үздэг, даралт нь хэвийн байдаг бол гурван сард нэг удаа эмнэлэгт очиж, эмчдээ хянуулах шаардлагатай.
ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ БУУРУУЛАХ НЬ НЬ ЦУС ХАРВАЛТААС СЭРГИЙЛНЭ
Бидний өдөр тутамдаа өөрсдөө ч анзаарахгүй хийдэг үйлдлүүд даралт ихсэхэд нөлөөлж байдаг уу. Тийм бол ямар үйлдлүүд байдаг вэ?
Хүмүүсийн өдөр тутамдаа байнга хийдэг ч анзаардаггүй үйлдлүүдийн нэг бол давсны хэрэглээ юм. Давсыг хоолондоо хийж байгаа давс л гэж боддог. Манай улсын иргэд цайг хүртэл давстай хэрэглэдэг. Орон нутгийн байдлаас хамааран ихэвчлэн баруун аймгийнхан хэт их давстай, өтгөн цай уудаг. Энэ нь амьдралын буруу хэв маягт орно. Даралт ихсэхэд ч ихээр нөлөөлдөг.
Мөн бид ногоо дарж их хэрэглэдэг. Жишээлбэл, огурци, помидор зэрэг бүх төрлийн ногоог хачир байдлаар дарж хэрэглэдэг. Энэ ч мөн адил давсны хэрэглээг нэмэгдүүлж байдаг. Мөн загас дарж, хатааж хэрэглэж байна. Талх барихдаа ч давс хийдэг. Эдгээр нь бүгд далд давс бөгөөд шууд бус замаар даралт ихсэхэд нөлөөлж байдаг. Иргэд давсны хэрэглээндээ онцгой анхаарах хэрэгтэй байна.
Даралт ихсэлттэй үед цайг давсгүй хэрэглэх ёстой. Мөн даршилсан бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Хоолны давсыг ч лимон, халуун ногоо зэргээр орлуулж хэрэглэх боломжтой байдаг.
ҮЗЛЭГТЭЭ ТОГТМОЛ ХАМРАГДСАНААР БҮРЭН ЭДГЭРЭХ БОЛОМЖТОЙ
Цус харвалтын хүндрэлээс өөрийн хүчин чармайлтаар гарч чадсан тохиолдлууд байдаг уу? Ер нь эдгэрэх боломжтой юу?
Цус харвалтын хүндрэлээс өөрийн хүчээр гарч чадсан хүмүүс олон бий. Эмчилгээгээ тууштай хийлгэж, тасралтгүй хичээсээр энэ өвчнийг даван туулсан хүмүүс цөөнгүй. Тэд одоо дасгал хөдөлгөөн тогтмол хийж, эрүүл, зөв хооллож, амьдралын хэв маягаа маш сайн өөрчилсөн. Тогтмол эмчийн хяналтад байж, өөрөө хичээвэл бүрэн эдгэрэх боломжтой.
Даралт олон жил ихэссэн тохиолдолд хүмүүсийн зүрх судас тэлэгдэж, томордог. Зүрх томорч, зүрхний дутагдалд орсон байдаг. Ингэснээс зүрхний агшилт муудаж, бүх бие хавагнаж, амьсгаадаж эхэлдэг. Мөн өндөр дэр дэрлэж, хэт их амьгаадаж, юм идэж чадахгүй болж эхэлдэг. Ингээд ирэхээр хүн маш тавгүй болдог.
Энэ шатанд орсон хүмүүс гуравдугаар эмнэлгийн зүрхний дутагдлын тасгийн хяналтад байдаг. Энэ хүмүүс товлолт цагтаа 14 хоног тутамд ирж үзүүлдэг. Хяналтдаа байнга ирснээр “Одоо яана аа, энэ хүн их хүнд байна даа” гэж бодож байсан хүмүүсийн зүрхний агших чадвар сайжирч, амьсгаадалт багасдаг.
Даралт ихсэлт, зүрхний дутагдлаар өвдсөн хүмүүс эхний нэг жилдээ өвчинтэйгөө тэмцэхэд маш хэцүү байдаг. Харин дараа жилээсээ “Миний хэвлийгээр цардайгаад байвал би шээс хөөх эм ээ уух юм байна. Шөрмөс татаж, зүрх дэлсээд байвал ийм эм уух нь” гээд юу уухаа өөрөө мэддэг болчихдог. Эмч дээрээ ирээд, эмээ хэрхэн зохицуулж уух вэ гээд эмийн менежментээ хийлгээд явдаг. Хоёроос гурван жилийн хугацаанд биеийн байдалд ч асуудалгүй тогтвортой болдог. Эмийн, эрүүл мэндийн боловсролын хувьд ч сайжирдаг. Тухайн хүнд “Ингэж байгаад зүрх хаагдчих вий дээ” гэсэн айдас байхгүй болдог.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ТОГТМОЛ ХАМРАГДАХ НЬ ӨВДӨХ ЭРСДЛИЙГ БАГАСГАДАГ
Манай улсын иргэдийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, ойлголт хэр байна гэж харж байна вэ?
Ард иргэдийн эрүүл мэндийн боловсрол муу гэж хэлэхэд бас хэцүү. Гэхдээ иргэдийн хувьд нэг удаа эмчид үзүүлчихээд эргэж хяналтад орох асуудал их муу. Ихэвчлэн товлолт цагаа мартдаг. Жишээлбэл, нэг удаа үзүүлээд “Та 14 хоногт нэг удаа ирж үзүүлээрэй” гээд явуулахад товлосон цагтаа ирдэггүй. Ажлын цаг, ачаалал, амьдралын нарийн ширийн зүйлсээсээ болдог юм уу, товлолт цагтаа огт ирж үзүүлдэггүй. Товлолт цагтаа ирж үзүүлэх нь дараа дараагийн хүндрэлээс сэргийлж байдаг. Зүрхний өвчин ихэвчлэн харвалтаар хүндэрдэг. Даралт ихсэлт нь тархинд цусан бүлэг үүсээд, хүндэрч байдаг. Товлолт цагтаа ирж үзүүлэх нь эдгээр эрсдлээс сэргийлдэг. Ингэснээр бид тархины компьютер хэрэглэхгүй. Энэ нь эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй юм.
Мөн эмээ зөв уугаад явбал хүндрэхгүй. Ингэснээр бид маш бага дүнгээр үр дүнтэй урьдчилан сэргийлэлт хийж байгаа юм. Хэрвээ харваад гэртээ хэвтвэл ямар их зардал гарах вэ. Ар гэрийнхэн нь ямар их стресст орох вэ. Үр хүүхдээ харж чадахгүй, хүссэн зүйлсээ хийж чадахгүй зэрэг олон бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс иргэд яг товлолт цагтаа үзүүлж, эмчийн хяналтад орж, эрт илрүүлгийн урьдчилсан сэргийлэх үзлэгт зайлшгүй орж, өөрийн өвдөх эрсдлийг тодорхойлж, түүнийхээ эсрэг арга хэмжээ авбал эрүүл байх бүрэн боломжтой.
Хүн жилд нэг удаа зайлшгүй эмчид хандаж, бүрэн шинжилгээнд хамрагдах шаардлагатай байдаг.
Ярилцсанд баярлалаа.