Нарантуул худалдааны төвийн зүүн талын машины зогсоолын хажууд, жижигхэн газар хашаа татсан хэсэгт хүмүүс бараа заран сууж байна. Яг энэ хэсгийг эргэн тойрныхон нь “Эрдэнэсийн арал” гэж нэрлэдэг. “Эрдэнэсийн арал”-ынханд байхгүй юм байхгүй гэлцэнэ. Энд тогоо шанага, аяга таваг, хувцас хэрэгсэл, гар утас, эрэг боолт, хүүхдийн тоглоом гээд нээрээ л байхгүй зүйл алга. Бүр өрөөсөн гутал хүртэл зарж байна.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, ХӨГШИН ХҮМҮҮС ЭРДЭНЭСИЙН АРАЛ ДЭЭР НАЙМАА ХИЙДЭГ
Бид “Эрдэнэсийн арал”-ын хамгийн арын эгнээнд дээр үеийн шаазан эдлэл, аяга, таваг зардаг А.Оргилмааг онцолж очсон юм. Тэрбээр энд сууж, наймаа эрхлээд 11 жил болж байгаа. Гуравхан алхмын зайтай лангуун дотроо амьдралаа тээж, ам бүлээ тэжээж яваа тэрбээр, Эрдэнэсийн аралд ихэвчлэн ажил хийх боломжгүй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ирж амиа залгуулдаг талаар хэлсэн юм. Учир нь 50 нас гарсан тэднийг ажил олгогчид голдог, гадаад байдал, үзэмжээс нь болж ажилд авахаас татгалзсан хариу өгдөг байна.
Энэ эмэгтэй "Эрдэнэсийн арал"-д наймаагаа эрхлэхийн хажуугаар зээ нараа сургууль цэцэрлэгт нь зөөдөг ажилтай. Эмээгийн үүргээ гүйцэтгээд явж байх нь миний амьдралын утга учир болсон гэж ярих тэрбээр бусдад гай болохгүй, өөрийгөө, гэр бүлээ болгоод явахыг эрхэмлэдэг талаараа хэлсэн юм.
Тэрбээр энэ талаар ярихдаа, Би амьдралдаа хүнд гай болохгүй, өөрөө өөрийгөө л болгож явахыг л эрхэмлэдэг. Хэнээс ч гуйхгүй, ажлаа хийж, мөнгө олоод, түүгээрээ эм тангаа дөхүүлээд явахад болно доо. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдрал тийм ч муу биш" гэсэн юм.
ХЭН НЭГЭНД ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ БУСДАД ХЭРЭГТЭЙ УЧРААС ТАСРАЛТГҮЙ 11 ЖИЛ НАЙМААГАА ХИЙЛЭЭ
Бусдад хэрэггүй зүйл хэн нэгэнд хэрэгтэй байдаг гэж ярих түүний хувьд, зарж буй хуучин эдлэлүүдээ фэйсбүүк дээр зар тавьж авдаг талаар хэллээ. Заримдаа хэрэглэхгүй эд зүйлсээ сэтгэлээрээ авч ирж өгдөг хүмүүс ч байдаг байна.
Наймаачин Т.Оргилмаа энэ талаар ярихдаа, Наймаа өмнөх жилүүдийг бодвол муу байгаа. Хоёр, гурван жилийн өмнө энд гаднын жуулчид их ирдэг байсан. Тэр хэрээр борлуулалт сайн байдаг байлаа. Харин манайхан биднээс бараа авах нь бага. Гэхдээ наймаа муу байна гээд ирэхгүй байж болохгүй. Тэгвэл амьдрал хэцүүднэ. Өдөртөө ирээд сууж байхад бас хоосонгүй ээ. Суусан тэнэгээс явсан цэцэн гэдэг шүү дээ. Хүүхдүүддээ айхтар тус болохгүй ч, гай болчихгүйг хичээж, өөрсдийгөө болгоод л явж байна даа” гэсэн юм.