Бусдын амь насыг аврахдаа өөрийгөө золиосолж байдаг, ард түмний эгэл баатрууд бол онцгой байдлын албан хаагчид юм. Бид энэ удаа аврах 105 дугаар ангийн тэргүүн ахлагч, гавьяат аврагч Х.Цогбадрахтай уулзаж, аврах ажиллагааны ард тэд ямар бэрхшээл туулдаг талаар ярилцлаа.
Түүний хувьд онцгой байдлын албанд 20 жил ажиллаж, 1000 гаруй хүний амийг аварсан байна. “Хань ижил үр хүүхэд маань миний ажлыг ойлгож, ар гэрээ зөв сайхан авч явдаг учраас өдий зэрэгтэй явж, албандаа зүтгэж байна” гэж буй тэрбээр олон түмнийхээ “Баярлалаа” гэдэг үгэнд ханаж, урам орчихдог хэмээн ярьсан юм.
Тэрбээр "Хүний амь нас гэдэг юугаар ч зүйрлэшгүй үнэтэй. Үүнийг аварч хамгаална гэдэг эр хүний бахархал юм. Гаднаас нь харахад аврагчид бид цэргийн сайхан хувцас өмссөн, хүний амь нас аварсан буянтай ажил хийдэг. Яг дотор нь орж дуудлагад яваад ирэхээр хэцүү бэрх зүйл олон бий. Хоолтой явна, хоолгүй явна. Өлсөнө цангана, хол газар явган алхана. Хоол хүнсээ хувааж үүрнэ. Хоёр, гурав, долоо хоног алхаж түймэр дээрээ очно. Ус ч олдохгүй. Балга усаа хувааж уух үе ч бий.
Халтайсан урагдсан хувцастай, байгаа зүйлээ хувааж идээд, урагдсан хувцсаа нөхөж өмсөөд л явдаг. Хээрийн түймэрт нэг сар явж байлаа. Тэгэхэд нэлээн хүндрэлтэй байсан юм. Багийнхан маань олон хоног ажиллаад ядарсан, эцсэн байдалтай. Түймрээс түймэр дамжин нэлээн зүдэрсэн дээ. Галаа унтраагаад ажлаа хүлээлгэн өгөх харин үнэхээр сайхан. Юун ядарснаа мэдрэх. Ядарснаасаа хэд дахин илүү жаргалтай болчихдог.
Зовж явахад нөхрийн чанар танигдана гэж…
Гамшиг, осол, ой хээрийн түймэрт хоолтой ундтай, нойртой нойргүй ядраад л явж байхад ах нар халамжлаад л “миний дүү чи жаахан унт, өлсөж байна уу? хоол ид” гээд явахад л хүний хүн чанар нөхөрлөл харагддаг. Аврах ажиллагааны ард бидний нандин нөхөрлөлийн үнэ цэн бий болж байдаг нь сайхан.
Өвлийн нөхцөлд усанд, мөсөн доогуур шумбана гэдэг чанга ажиллагаа. Даарч хөрөх энүүхэнд шүү дээ. Тэр жилийн 12 дугаар сард харзалсан мөсөнд, хүүхэд осолдож, олдохгүй 10-аад хоног эрлийн ажиллагаа хийж байсан. Өдрөөс өдөрт голын мөс хөлдөж нарийсаад байдаг. Хүүхэд маань олддоггүй. Мөсөн доор бид дандаа нойтон хувцастай шумбадаг. Гүний багаж хэрэгсэл эргэх зайгүй. Энэ үед аврагч нар өөрсдөө осолдох өндөр эрсдэлтэй. Яг ийм нөхцөлд юу бодож, мэдэрч байгаагаа анзаарах сөхөөгүй байдаг юм.
Амжиж аварч чадаагүй, осолдсон хойно нь очих тохиолдлууд бидэнд бий. Хамаатан садан, өөрийн ах дүү осолдсон юм шиг хүлээж авна. Өөртөө буруу өгч хэцүү байдалд ордог. Хэсэгтээ шоконд орчихдог гэхэд болно.
Зундаа завьт эргүүл хийгээд явдаг байлаа. Ингээд явж байхад Хар усан тохойн тэнд нэг залуу манай аврагч нарыг басаад, “Та нар хүн аварч чаддаг юм уу, та нар аврагч мөн юм уу, уралдаж сэлье” гээд л амарч байсан залуус эрэг дээрээс орилоод байсан. “Цаашаа байгаарай, гол ус үертэй байна. Та осолдоно шүү” гээд сэрэмжлүүлэх мэдээллээ өгөөд явсан чинь нөгөө залуу ус руу ороод сэлсэн. Тэгээд л нөгөө залуу усанд живсэн. Бид нь доох нь явж байсан учраас түүнийг аварч байсан юм. Тэр залуу үнэхээр гол ус, хүнийг басаж болдоггүй юм байна гээд уйлж байсан.
Хүний амьдрал, ажил мэргэжилд хүнд зүйл гаралгүй яах вэ. Миний хувийн амьдрал ч тийм шулуун дардан биш. Манай том хүү өвчний оноштой. Нэлээн олон жил эхнэр бид хоёр, хүүгээ дагуулж эмнэлгээр явсан. Ажлын хажуугаар хүүхдээ эмчилгээнд нь зөөх, зардал мөнгө гээд өчнөөн асуудал гардаг байсан. Хүний л амьдрал болсон хойно эм тарианы ч мөнгөгүй болсон үе байна. Байнга мөнгөтэй, сайхан явна гэж байхгүй шүү дээ. Үүнийг огт зовлон гэж хардаггүй. Энэ бол хүний амьдралын туулаад өнгөрөх цаг хугацааны л асуудал гэж л боддог. Тийм ч учраас би ч, манай эхнэр ч шантраагүй. Хүүхдээ хөл дээр нь босгоно гэсэн зорилготой явдаг. Манай хүү хагалгаанд орчхоод, дөрвөн оёдол тавиулж хөлийг нь бүтэн гипстсэн. Хүү маань гипстэйгээ 22 хоног байсан юм. Шөнө болоод л уйлдаг. Эндээс би эмэгтэй хүний ямар агуу тэвчээртэйг олж харж байсан. Энэ үед манай эхнэр 22 хоног нойргүй явсан. Хүн бол үрээ л гэдэг амьтан. Эхнэр бид хоёр үр хүүхдээ зөв хүмүүжилтэй, сайхан мэргэжилтэй хүн болгоё л гэж бодож мөрөөдөж явдаг. Өөр бусад нь болох л зүйл шүү дээ" гэлээ.