Дундговь аймагт “Ид шидийн орон-3” хүүхэд хөгжил, хамгааллын төв байгуулагдаж хүүхдүүд баяр хөөрөөр дүүрэн байна. Таван сарын дотор боссон энэхүү төсөл 80 гаруй хүний оролцоотойгоор бий болж, 5000 гаруй хүүхэд хандив өргөсөн байна. Чөлөөт цагаараа хичээлээ хийж, хөгжих боломжтой газар бий болж буйд хүүхдүүд баярлаж буйгаа илэрхийлсэн юм.
Энэ талаар Ид шидийн орон-3 цогцолборын гүйцэтгэх захирал М.Санжаасүрэн "Анх энэ төслөө эхлүүлэхэд нэг л зүйл биднийг зоригжуулсан. Энэ нь юу байсан гэхээр хүүхдүүдийн итгэл байсан юм. Хүүхдүүд өөрсдийнхөө хэмжээнд 20 төгрөг, 10 төгрөг гээд л хандивласан. Яг үнэндээ “Ид шидийн орон” хүүхдийн хандивласан 20 төгрөгөөс эхэлсэн гэж болно.
Мэдээж энэ төсөл хэрэгжихэд амар байгаагүй. Төсөл хэрэгжүүлж эхэлсэн залуус, өөрсдийн ажлаасаа гарч байсан. Энэ дунд “Гэрэлтдэг Ертөнц” ТББ-ын залуус ч ажлаа хүлээлгэж өгсөн удаатай. Энэ бүхний ард бидний хамгийн хүчтэй мотор болсон зүйл бол хүүхдүүд байлаа. Манай залуучууд цалингүй ажилласан. Нээлтийн өмнөх 14 хоногийн хугацаанд унтаагүй. Гэсэн ч хүүхдүүдийн хөл хөдөлгөөн, инээд хөөрийг хараад бид ядрахаа мартаж байна".
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ДУУГАРДАГ ДЭЛХИЙН "ИД ШИДИЙН ОРОН" БОЛНО
Хүмүүс ярьдаг шүү дээ. “Манай хотын сургууль ингэдэг. Цэцэрлэгээс нь англи хэл үздэг” гээд л. Гэтэл миний хүүхэд тавдугаар ангиасаа л англи хэл үзэж эхэлнэ. Яагаад ийм хөгжлийн ялгаатай байгаа юм бэ. Хэдий хүртэл хөгжлийн ялгаатай байна гэж ярьж хүүхдээ хотруу шилжүүлэх юм бэ? Орон нутагт хэн үлдэх юм бэ? Бид энэ асуудлыг ярилцаж байгаад хүүхэд хөгжил хамгааллын сургалтын төв байгуулъя гээд л сургалтын төвтэй Ид шидийн орныг байгууллаа.
Манай төсөлд нийт 5137 хүүхэд хандив өргөсөн. Тэр ч бүү хэл малчид маань хонь хандивласан. Энэ хониор нь бид хуушуур хийж зарлаа. Хуушуур маань нийт 17 сая төгрөг босгосон юм. Энэ бол Дундговийн “Ид шидийн орон” биш, монголын “Ид шидийн орон” юм. Цаашлаад дэлхийд хүүхдийн төлөө дуугардаг “Ид шидийн орон” болохын төлөө зорьж ажиллана гэлээ.
Харин "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн У.Ганбаяр дараах мэдээллийг өглөө.
ИД ШИДИЙН ОРОН БОЛ "АМЬТАЙ БАЙШИН"
“Том зургаар нь харах юм бол энэ бүтээн байгуулалтад 1.5 тэрбум төгрөг зарцуулсан. Анх 950 сая төгрөгөөр босгоно гэж зорьж байсан ч үнийн өсөлтөөс болж их зүйл боллоо. Жинхэнэ “Ид шидийн орон” бол зүгээр нэг байшин, бүтээн байгуулалт биш. Гол нь хандлага, оролцоо. Дээрээс нь хүүхдүүдийг нийгмийн харилцаанд илүү ойртуулах, бие биенээсээ суралцах боломжийг нь олгож байгаа юм. Байшин амьтай байна гэж бий. Энэ байшин бол жинхэнэ утгаараа амьтай байшин. Гадна тохижуулалтын хувьд ч хүүхдэд тохирсон, “миний л орон зай” гэдэг мэдрэмжийг өгч байгаа учраас хаана ч хүүхдүүд биеэ барихгүй, чөлөөтэй тоглох, хөгжих боломж бүрдэж байгаа" гэлээ.