ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын иргэд Монголд олноор ирээд байна. Өнгөрсөн хугацаанд “Монголчууд элэг нэгтнүүддээ тусалъя” гэх давлагаа ч нийгмий сүлжээнд хүчтэй өрнөж ирлээ. Тэгвэл хамгийн сүүлд монгол залуус нэгдэж, ОХУ-аас ирсэн иргэдэд туслах мэдээллийн төв байгуулжээ. Тэд энэ төвөөрөө дамжуулан иргэдэд мэдээлэл өгч, наад захын тусламж үзүүлэх, туслах хүсэлтэй иргэдийг нэгтгэх зорилготой байгаа аж. Энэ талаар иргэн Б.Оюунбилэгээс тодруулахад дараах мэдээллийг өглөө.
Иргэн Б.Оюунбилэг:
Өнөөдрийн байдлаар манай улсад ОХУ-аас 14-15 мянга орчим хүн ирсэн гэх мэдээлэл байна. Онгоцны билет, байр, орон сууц, хоол унд, хэрэглээний мөнгө гээд маш олон асуудал тэдэнд тулгамдаж байна. Улаан-Үд, Оросоос ирсэн залуустаа “Яаж туслах вэ” гэж ярьж, санаа зовж байгаа хүмүүс маш их байна. Иймээс бид эхний ээлжинд мэдээллийн төв байгуулаад явъя гэж шийдээд, Худалдаа аж үйлдвэрийн танхим болон төрийн захиргааны бусад байгууллагуудтай хамтрахаар төлөвлөөд байна. Бид мэдээллийн төвөө “Найман шарга” валют арилжааны зах дээр нээлээ. Яагаад гэвэл энд оросоос ирсэн иргэд мөнгөө солиулах гээд ихээр цуглардаг. Монголыг мэдэхгүй, анх удаа ирж байгаа хүмүүс ч олон байна. Тиймээс бид 90 м2 талбай бүхий өрөөнд, мэдээлэл өгөх төв нээж, 2-3 залуу тогтмол ээлжлэн иргэдэд мэдээлэл өгч байна.
Өнөөдөр ОХУ-д нөхцөл байдал улам л хүнд болсон. Хөрш зэргэлдээх улсууд руу хүмүүс нь ихээр гарч байгаа. Өмссөн хувцастайгаа, ойр зуурын л мөнгөтэй, буудалд олон хоног байх боломжгүй олон хүн ирээд байна. Жуулчын визтэй явж байгаа учраас “Ажил хийе” гээд ил зарлаад байж чадахгүй. Хууль зөрчинө шүү дээ. Бид ч хуулийн хүрээнд л туслахыг эрмэлзэж байна.
Бид Вокзалаас тосож авах, орчуулагч хийх, угтаж авах, байрлуулах гэх мэтээр тусалж ирсэн Цаашид яах вэ гэдэг гаргалгаагаа одоо ярилцаж байна. МҮХАҮТ-тай хамтраад, Монгол улсад жуулчилж байгаа жуулчин гэдэг утгаар нь санал асуулга Орос иргэдийн дунд явуулж байна. “Монгол улсаас та бүхэн юу хүсэж байна вэ” гэсэн агуулгар санал авч байгаа юм. Асуулгы үр дүн маргааш гарна. Туслах хүсэлтэй хүн маш их их байна. Гэвч нэгдэх учраа олохгүй байна. Үнэндээ мэдээллийн төв нээх нь үр дүнтэй юм уу гэдгийг ч сайн мэдэхгүй л байна. Тодорхой хугацааны дараа тодорхой болно байх. Ирсэн иргэд Туркаар дамжаад Израйль зэрэг визгүй орон руугаа явцгааж байна. Энд үлдсэн иргэдэд яаж туслах вэ гэдгийг бид сайн санааны үүднээс ярилцаж, гарц эрэлхийлж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.