Загвар өмсөгч Э.Энхболд “Аав хүний гурван үүргийн нэг болох байшин барих үүргээ 10 жил бодож, гурван жил төлөвлөж, зургаан сарын хугацаанд барьж дуусгалаа” хэмээн цахим хуудастаа оруулсан пост олны анхаарлыг татаад буй. Тэрээр мөрөөдлийн байшингаа барихын тулд арван жилийн турш бэлдсэн тухайгаа ч ярьсан юм. Түүний барьсан байшин олон хүнд урам өгч, нэлээдгүй өндөр босго тогтоолоо хэмээн цахим орчинд иргэд ярилцсаар байна. Бид түүнтэй байшингаа хэрхэн барьсан болон ямар бэрхшээл тулгарсан, хэрхэн даван туулсан талаар цөөн хором ярилцсан юм.
БАЙШИНГАА АЛДАЖ, ОНОЖ, "ШАТАЖ" МАШ ГОЁ МЭДРЭМЖЭЭР БАРЬСАН
-Мөрөөдлийн байшингаа барих ямар байна вэ?
-Арван жилийн өмнө мөрөөдлийн байшингаа барина гээд эхнэртээ амласан амлалт байсан. Боломж нөхцөл нь энэ жил бүрдлээ. Байшингаа ч барья, гэхдээ хүний ажил дээр дадлагажих биш өөрийнх дээрээ алдаж, оноё гэж шийдсэн. Өөрийнхөө байшинг барих нь зөв юм байна. Барих барихдаа маш сайн гүйцэтгэлтэй хийе гэж шийдсэн. Байшин барьж байх хугацаандаа гайхамшигтай их дадлага туршлага олж авсан.
Яг байшингаа бариад алдаж, онож, "шатаж" байх үед маш гоё мэдрэмж авсан. Жинхэнэ өөрийнхөө хийх ёстой ажлаа олсон юм шиг мэдрэмж төрсөн.
Маш их ядраад, халуунд халж, хүйтэнд хөрж, салхинд сэвэлзэж, хээр хөхөрч байгаад гэртээ ороход гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хүүхдүүдийн амар тайван байгаа байдал, эхнэр халуун хоолтой, сэтгэл дүүрэн угтаж авах нь маш сайхан. Тэр үед амьдралын нарийн ширийн бүх зүйлийг маш сайн ойлгосон.
-Биет зүйл хийнэ гэдэг их гоё зүйл. Байшингаа хэдий хугацаанд барьсан бэ?
-Яг хагас жилийн хугацаанд барьсан. Анхны байшин гэдэг утгаараа алдаж, онох зүйл их байсан. Барилгын материалаа өөрөө бэлдээд, угсралтаа хийхэд төлөвлөсөн хугацаа маань хамаагүй хойшилсон.
БАЙШИНГАА ӨӨРӨӨ БАРИХ НЬ ХУГАЦАА АЛДАЖ, ИЛҮҮ ЗАРДАЛ ГАРГАХ ЭРСДЭЛТЭЙ САНАГДСАН
Хил гаалийн гацаанаас шалтгаалан барилгын материалын үнэ өсөж байна. Нэг бол үнэтэй ч хамаагүй материалаа аваад өөрөө барьсан нь дээр. Эсвэл өндөр үнэтэй, барилгын материал нь ч бараг орж ирэхгүй байхад өөрөө барьж яах вэ. Бэлэн компаниар нь бариулаад, бэлэн байшинд орсон дээр гэж ярьдаг. Таны хувьд байшингаа барьсны дараа энэ хоёрын яг аль нь зөв хувилбар гэж бодсон бэ?
Яг үнэнээ хэлэхэд мэргэжлийн хүмүүст захиалга өгсөн нь илүү дээр байдаг юм байна. Энэ жилийн хувьд үнэхээр онцлог жил байлаа. Барилгын материалын үнэ 2-3 дахин өссөн. Энэ нь зөвхөн Монголд өссөн өсөлт биш. Дэлхий дахинд мод, төмөр зэрэг стратегийн бүтээгдэхүүнүүд нь 30-40 хувь нэмэгдсэн. Мөн манай улсад үүссэн хил, гаалийн асуудал зэрэг маш олон эрсдэлт хүчин зүйл нөлөөлсөн.
Өнөөдөр ингээд харахад туршлагатай багт даатгаад, эсвэл өөрөө тэр багт нь ороод ажиллавал хамаагүй дээр санагдаж байна. 100 хувь өөрөө барина гэвэл хугацаа алдаж, зардал нэмэх эрсдэлтэй.
Жишээлбэл, би өөрийнхөө байшингаар төсөөлье. Би байшингаа яг өөрөө, 100 хувь манай бригад хийж дуусгасан бол хоёр жилийн хугацаа шаардлагатай санагдсан. Барилга байшингийн хувьд хугацаа уртсах тусам зардал нь өсөж байдаг. Тэгэхээр хэмнэх ч биш, яах ч биш маш төвөгтэй асуудал үүснэ.
ӨӨРИЙН ОЛСОН МЭДЛЭГЭЭ БУСДАД ТҮГЭЭХИЙН ТУЛД “ААВЫН БАЙШИН” ВЛОГ ХИЙСЭН
-Байшингаа барьж дуусаад, гэр бүлийнхэндээ үзүүлэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Би байшингаа барих явцдаа бүтээлч байхыг хичээж, “Аавын байшин” гээд влог бэлдсэн. Өөрийн олсон мэдлэгээ олон хүмүүст түгээхийг хүссэн. Влог маань дөрвөн дугаартай. Эхний гурван дугаарт байшингаа барих үйл явцаа харуулсан. Дөрөв дэх дугаарт эхнэр орж ирж, тохижилт болон интерьер хийх байсан юм.
Би хугацаагаа хэмнэх гээд бушуухан эхнэр, хүүхдэдээ үзүүлсэн. Хүүхдүүд орж ирээд “ваав, ямар гоё юм бэ, ёстой гоё” гээд л. Харин эхнэр орж ирээд л, царайнаас нь шууд л мэдэгдэж байгаа юм чинь.
“Хайраа гоё байна уу?” гэсэн чинь “мхн, ммм” гээд л. Гоё риакшн гэсэн чинь “Гоё байна, одоо яг ийм байх уу тийм ээ, үүнийг ингэхгүй байсан юм уу” гээд л. Ер нь их чанга юм билээ.
-Өөрийг тань барилгын салбар руу орчихов уу гэх таамаглал их дэвшүүлж байна. Барилгын салбарт хүч үзэхээр шийдсэн үү?
-Өөрийн байшингаа барьсан туршлага дээрээ үндэслээд, өөрийн байшингаа барья гэсэн аавууддаа туршлагаа хуваалцъя гэж бодсон.
Сет технологийн жижиг үйлдвэр нээгээд, энэ технологийн таниулах зорилготой. Энэ технологи нь манай улс шиг сэрүүн бүс нутагт маш тохиромжтой. Эдийн засгийн хэмнэлттэй. Passive house гэж ярьдаг. Тийм төрлийн хаус технологи. Манай цаг уурын нөхцөлд тохирохоор, их таалагдсан.
Энэ технологиор цаашид амины орон сууцны барилгын чиглэлээр ажиллана.
Ярилцсанд баярлалаа.