Дархан нэхий арьс ширний үйлдвэр байгуулагдаад 50 жил болж байгаа ч хүчин чадлынхаа ердөө 30 хувийг нь л ашиглаж байна. Үүний шалтгаан нь эргэлтийн хөрөнгө дутмаг, ажиллах хүчин хомс, экспорт бага, хил гаалиар хими, урвалжийн бодис саатаж байгаатай холбоотой гэж компанийнхан ярьж байлаа.
САРД 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ТӨЛӨХ ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА
Тус компанийн хувьд он дуустал буюу 10-12 сард нийт 6.9 тэрбум төгрөгийн зээл төлөх хуваарьтай. Үүнээс 4,5 тэрбум төгрөг нь 2021 онд авсан Засгийн газрын хөнгөлөлттэй зээл байна. Компани сард дунджаар 1,5 тэрбум төгрөгийн зээл төлөхөөр байгаа нь хүндрэлтэй, хугацаандаа төлж чадахгүй байх эрсдэл үүссэн байна. Тиймээс цаашид хөнгөлөлттэй зээл олгохдоо үндсэн төлөлтийн хугацааг багадаа хоёр жил болгож өгөхийг УИХ-ын даргаас хүслээ. Мөн Дархан нэхий компани ажиллах хүн хүчгүйгээс болж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна.
“Дархан нэхий” гутлын үйлдвэрийн гүйцэтгэх захирал Э.Арсланбаатар “Бид бүрэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын нийт хэрэгцээний арван хувийг хангах боломжтой. Гэвч хүний нөөц, хил гаалийн асуудал зэргээс шалтгаалан одоогийн байдлаар 70-100 мянган гутал үйлдвэрлэж, нийт хэрэгцээний гурван хувийг л хангаж байна. Бүрэн чадлаараа ажиллавал 500 мянган гутал үйлдвэрлэх боломжтой. Хүүхдийн гутал, эрэгтэй, эмэгтэй ажлын гутлыг, өвөл хавар намрын зэргээр арав гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Туслах материал 59 хоног хил дээр гацсанаас шалтгаалж 1.8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Мөн Хөрөнгө оруулалт хил дээр гацсан учраас 1.6 тэрбум төгрөгийн асуудал үүсч байна. Компани 32 мянган гутал үйлдвэрлэх төлөвлөгөөгөө алдаж, нийт 3.4 тэрбум төгрөгийн төлөвлөгөө алдагдсан байна” гэв.
ҮНЭГҮЙДСЭН НЭХИЙГ БАЯЛАГ БОЛГОЖ БАЙНА
“Дархан нэхий” компани үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд:
- Бодын шир боловсруулах үйлдвэр хоногт 1000 ширхэг буюу жилд 300 мянган ширхэг бодын арьс боловсруулж хөх шир, краст, гутал цүнхний гүйцэт боловсруулсан арьс, хуулдсан арьснууд үйлдвэрлэдэг.
- Богийн арьс боловсруулах үйлдвэр хоногт 5000 ширхэг буюу жилд 1,5 сая хонь, ямааны арьс боловсруулж хувцасны үслэг нэхий, савхи үйлдвэрлэдэг.
- Жижиг арьс боловсруулах үйлдвэр жилдээ 200.000 ширхэг хурга, ишиг, туулай болон ангийн арьс боловсруулж зах, дотор, шубний арьс үйлдвэрлэдэг.
- Оёдлын үйлдвэр жилд 0,5 сая ширхэг нэхий болон савхин хувцас, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
- Гутлын үйлдвэр жилд 0,5 сая хос өвөл, хавар намар, зуны гутал үйлдвэрлэдэг. Ажлын гутал сард 7000 ширхгийг үйлдвэрлэдэг. Ажлын хувцас сард 2500 ширхгийг үйлдвэрлэдэг. Цүнх сард 1000 ширхгийг тус тус үйлдвэрлэдэг байна.
Манай улсад арьс шир үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна. Иймээс дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, нөгөө талдаа ийм жишиг үйлдвэрүүдийг шинээр байгуулах нь чухал гэдгийг энэ үеэр онцолж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар компанийн хамт олны саналыг сонсож, бодлогын асуудалд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Тэрбээр “Арьс ширийг гологдолгүйгээр, цаас шиг дахин хэвлээд, маш өндөр сайн чанарын шир, авто машины суудлын, диваны шир үйлдвэрлэх боломж байна. Гэтэл тоног төхөөрөмж нь ажиллахгүй гацаж байна. Мэргэжлийн ажилтан, боловсон хүчин дутмаг учраас гаднаас хүн авч ажиллуулдаг. Аж үйлдвэрийн бодлогыг улсын хөгжлийн үндэс гэж үзэж төр засаг, хэвлэл мэдээлэл, ард түмнээрээ дэмждэг байж улсын хөгжил сайжирна” гэлээ.
Видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.