Тариланчид техникийн шинэчлэлт хийж, арвин ургац авсан ч түүнийгээ борлуулж чадахгүй асуудалтай тулгараад байна. Олон жилийн өмнөөс яригдсан энэ асуудал өнөөдөр ч шийдлээ олоогүй л байна. УИХ-ын дарга Г.Занданшатар есдүгээр сарын 24,25-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутагт ажиллах үеэр тэд энэ тухай саналаа хэлсэн юм. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Арвин хур” компани л гэхэд улаанбуудай, арвай, тосны ургамал, гурвалжин будаа зэргийг тариалж, жилд 4000-5500 тонн ургац хураадаг. Гэсэн хэдий ч сүүлийн 2-3 жилийн турш хураасан үр тариагаа борлуулж чадаагүй байна. Иймээс экспортыг дэмжих асуудлаар санал гаргалаа.
Тус компанийн захирал, Хөдөлмөрийн баатар Ч.Чадраабал “Манайх орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр техникийн шинэчлэл хийснээр дунджаар га-аас 20-30 цн, усалгаатай талбайгаас 30-40 цн ургац авч байна. Нийт тариаланчид улсаас дэмжлэг аваад хол явахгүй юм байна гэдгээ бид мэдлээ. Үүний оронд хуулиудаа боловсронгуй болгож өгвөл бид хууль зүйн дагуу ажиллана. Манай нийт ургуулж байгаа улаанбуудайн 30 орчим хувийг нь мал иддэг. Малын тухай, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй болгоё гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Энэ хооронд 10 гаруй сайд солигдож, аймаг орон нутгийн удирдлагууд ч солигдлоо. Энэ бүхэнд хүч нь суларсаар одоо байхгүй болчихлоо.
Газар тариалангийн хууль бий. Тухайн хуульд эрчимжсэн мал ахуй байж болно. Бусдыг нь шилжүүлье зэргээр багахан өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ийм хуулийн зохицуулалт хийвэл Сэлэнгэ аймаг дангаараа улсаа хангах хэмжээний ургац авах боломж бүрдэнэ.
Экспортын хоригоос шалтгаалан жил бүр нэг их наяд төгрөгийн экспортыг алдаж байна. Тэр нэг их наяд төгрөг тариаланчдадаа шингэвэл шинэ техник, трактор, шинэ технологиор Канад, Америкийн төвшинд хүрэх боломж байна. Экспортыг хориглосноор тариаланчид ямар ч хөдлөх эрхгүй, гараа гавлуулчихсан юм шиг байна” гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Бидний зорилго бол дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, илүү гарсныг экспортлох. Хүнс экспортлогч улс болох юм. Цаашид манай улсын экспортын гол үйлдвэрлэл болж хөгжвөл ухдаг шар алтаас, ургуулдаг шар алт нь илүү үнэ цэнтэй, нөхөн сэргээгддэг баялаг болно” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.