Нийгмийн харилцаанд орохдоо нутгийн аялгаараа ярьснаас болж бусдад шоглуулдаг, гадуурхагдаж байгаа юм шиг мэдрэмж авдаг талаар оюутнууд хэлж байна. Монгол Улсын үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл…"-ээр нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг. Тэгвэл бид энэ хуулиа санамсаргүй байдлаар зөрчсөөр байгаа юм биш үү.
ОЮУТНУУД:
- Би Увс аймгийх. Нутгийн аялгатай ярихаар жаахан шоглох маягтай байдаг. Орон нутгийнх гээд ялгаварлаад байгаа юм шиг мэдрэгддэг. Шоглохдоо бүр хэтрүүлж яриад байдаг нь үнэхээр таагүй санагддаг.
- Сургууль дээр Казак эсвэл Өвөр монгол хүүхдүүдийг дооглоод байдаг. Дооглуулж байгаа хүүхдэд дарамт болно шүү дээ. Манай нийгэмд ийм асуудал их бий. Энэ хандлагаа болих хэрэгтэй. Бидний наргиад өнгөрдөг зүйл тухайн хүүхдийг үхэлд ч хүргэж болно. Тиймээс анхаарах ёстой
- Миний хувьд заримдаа найзыгаа шоглоод л нутгийн аялгуугаар нь ярьдаг юм. Нийтлэг ярьж байгаагаас жаахан өөр болохоор шоглодог байх.
- Манай ангид Увс аялгуугаар ярьдаг нэг л хүүхэд байдаг. Анги дотроо аялгууг нь дуурайж хөгжилдөх тохиолдол цөөнгүй. Бидний энэ үйлдэл тэр хүүхдэд эвгүй сэтгэгдэл төрүүлдэг юм билээ. Өөрөө ч энэ талаараа хэлсэн.
Бид үүнтэй холбогдуулан МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор С.Батхишигээс нутгийн аялгуу гэж юу болох, үүний цаана ямар соёл агуулагдаж байдаг талаар тодрууллаа.
“Аливаа хэлэнд утга зохиолын хэл гэж бий. Монгол хэлэнд ч утга зохиолын хэл гэж байгаа. Энэ нь халх аялгуунд суурилсан байдаг. Түүгээрээ албан харилцаанд орно. Албан бус харилцаанд бусдын аялгууг ойлгож хүндэлж харилцах ёстой. Солонгост бол Сөүл, Бусан гээд аялгуу нь өөр, өөр байдаг. Тухайн газрынх нь нэрээр нэрлээд аялгуугаар нь таньдаг. Гэхдээ бусдыгаа шоглох нь хуулиараа хязгаартай. Манайх ч адилхан. Бусдыг шоглож эвгүй байдалд оруулж байгаа нь үндсэн хуулиа мөрдөхгүй байна гэсэн үг.
Манай улсад Халх, Ойрад, Буриад гээд газар нутаг, түүх, соёл зэргийг нь уламжилж ирсэн нутгийн аялгууд бий. Хамгийн том ялгаатай зүйл нь өөрсдийнх нь тээж ирсэн соёлын өвийг нутгийн аялгуу, үгийн сан илэрхийлж байдаг. Олон улсын хэл хамгаалах зорилт гэж байгаа. Аялгуу нь тухайн угсаатны соёлыг хамгаалж байна гэж ойлгож болно” гэлээ.
Видео мэдээг дээрээс үзнэ үү.