Хүүхдэд "Озонтой дусал хийж байна" гэх сурталчилгааны асуудлаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл мэдээллээ.
ХҮҮХДЭД ТОМУУГИЙН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ТОХИОЛДОЛД ГЭРТЭЭ АСАРЧ, СУВИЛААРАЙ
Улирал солигдох үеэр болон шинэ хичээлийн жил эхэлж, сургууль, цэцэрлэг цугларах үеэр хүүхдүүд нэг газар олуулаа цугларах зэргээс шалтгаалан томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсдэг. Энэ үед хамгийн чухал зүйл бол вирусын шалтгаант амьсгалын дээд замын өвчнөөс урьдчилан сэргийлэх юм. Үүний тулд өөрийн дархлаагаа хангалттай сайн байлгах хэрэгтэй. Зөв зохистой, амин дэмээр баялаг, илчлэг хангалттай хоол хүнс идэх, тогтмол цагт хангалттай унтаж амрах, улирлын цаг агаарын байдалд тохируулан хувцаслах, томуугийн дэгдэлт их байгаатай холбоотой олон нийтийн газарт явахдаа маск хэрэглэж дархлаагаа дэмжээрэй.
Хэрвээ хүүхэд тань хоолой нь өвдсөн, нус нь гоожсон, халуурсан зэрэг томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд боломжтой бол гэртээ хэд хоног асарч, сувилах шаардлагатай. Ингэхдээ янз бүрийн эм өгч болохгүй. Эмийг заавал эмчийн зааврын дагуу ууна.
ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХДАА БОЛГООМЖТОЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Олон нийтийн сүлжээгээр озон эмчилгээний тухай яригдаж байна. Энэ эмчилгээний тухай ЭМЯ ямар нэгэн эмнэлзүйн удирдамж, заавар гаргаагүй.
Эрүүл мэндийн байгууллага хууль, дүрмээрээ төрийн захиргааны байгууллагаас гаргасан удирдамж, зааврын дагуу тухайн эмнэлэг эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Яагаад энэ озон эмчилгээний заавар, удирдамжийг гаргадаггүй вэ гэхээр аливаа шинэ эмчилгээ технологийг нэвтрүүлэхдээ тухайн улс заавал нотолгоонд суурилсан байх ёстой. Тухайн улсад биш юм гэхэд олон улсад ямар өндөр хувьтай нотолгоо гарсан байх шаардлагатай. Тэр эмчилгээ, оношлогооны технологи нь тухайн хүний өвчнийг оношлоход хэр өндөр магадлалтайг, үйлчлүүлэгчид ямар нэгэн сөрөг нөлөө байна уу, үгүй юу гэдгийг харгалзан үзэж байж тэр оношлогоо, эмчилгээг тухайн улс авч хэрэглэдэг. Гэтэл бид озон эмчилгээний тухай олон улсад хийгдсэн судалгаануудаас харахад сайн үр дүнгүүд байгаа хэдий, ч үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд нөлөөлсөн муу нөлөөнүүд ч байна. Нотолгоо хангалттай биш гэж үзсэн учраас эрүүл мэндийн яам өнөөдрийг хүртэл оношлогоо, эмчилгээний заавар гаргаагүй байна.
Иргэд өөрийн сонголтоор оношлогоо эмчилгээг хийлгэж байгаа учраас эмчилгээний талаар мэдээлэлтэй байж, мэргэжлийн газруудын зөвлөгөөг харах хэрэгтэй. Эмчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахдаа анхаарал болгоомжтой, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.