Төрөөс хүнсний хэрэгцээгээ 100 хувь дотоодоос хангах зорилт тавьсан. Гэвч энэ бодлого хөрсөн дээрээ буухгүй байгааг ногоочид ярьж байна. Учир нь, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл нь хэрэгтэй хүндээ очдоггүй, “мөнгөтэй хүмүүст л зориулагдаад дуусдаг” хэмээн бор зүрхээрээ ажиллаж буй ногоочид ярилаа. Өнөөдрийн байдлаар, манай улс нарийн ногооны хэрэгцээнийхээ 75 хувийг гаднаас, 25 хувийг л дотоодоос хангаж байна.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоочин Ц.Гантуяа “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд шинэ ургацын ногоогоо борлуулахаар иржээ. Түүний хувьд нэг га талбайд хүлэмжийн ногоо, жимс жимсгэнэ тариалдаг байна. Эднийх аж ахуйгаа өргөжүүлэх мөрөөдэлтэй ч тийм боломж хомс. Учир нь, эгэл жирийн ногоочид бүү хэл, аль хэдийнэ ААН-ийн зөвшөөрлөө авч, хэд хэдэн хүнийг ажлын байраар тогтвортой хангаж байгаа үйлдвэрлэгчдэд ч зээл авах боломж нээгддэггүй байна. Тэрбээр “Зөгийн балаа зарах гэж ирлээ. Энэ жил би нарийн ногоо, сармис, сонгино, өргөст хэмх голцуу тарилаа. Залуус өөрийн газартаа ногоогоо тариад, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх боломж байна шүү дээ” гэж ярьж байлаа. Харамсалтай нь, түүний зорилгод бодит дэм тус болох зүйл бараг байхгүй шахам байгаа нь хэцүүхэн.
ХОВД АЙМГИЙНХНЫГ НАРИЙН НОГООГООР ТАСЛАХГҮЙ БАЙХ МӨРӨӨДӨЛТЭЙ Ч…
Ховд аймгийн Буянт сумын ногоочин Н.Энхзаяа сүүлийн зургаан жил хүлэмжийн аж ахуй эрхэлж байна. Гэр бүлийн хоёр хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэй тул Ховд аймагтаа очиж, газар тариалан эрхэлье гэж эрс шийджээ. Сүүлийн зургаан жилд тэд 1200 м2 талбайд хүлэмжийн ногоо тариалж, “Бүжин” брэндийн цехээ ч байгуулаад амжжээ. Одоогоор эднийх ургацынхаа 70 хувийг хурааж, 40 орчим тонн ногоо хурааж аваад байгаа аж. Тэрбээр энэ тухай ярихдаа Манайх Ховдынхон маань хотоос ногоогоо зөөдөггүй байгаасай гэж хүсдэг. Гэвч хүчин чадлаа нэмэх гэхээр банкны тэнгэрт тулсан шалгуур саад болох юм. Ингээд зээл авна гэдэг мөрөөдөл болчхож байгаа юм” гэлээ.
Н.ЭНХЗАЯА: ХҮЛЭМЖИЙГ БАРЬЦАА ХӨРӨНГӨД ТООЦДОГГҮЙ ТУЛ ЗЭЭЛ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА
Манайх нэг хоёр жил цуглуулсан мөнгөөрөө хүлэмжээ томруулаад л байдаг. Гэтэл хүлэмж банкин дээр барьцаа хөрөнгийн шаардлага хангадаггүй. Та үл хөдлөх хөрөнгөгүй байна. Үл хөдлөх хөрөнгөө аваад ир” гэдэг. Уг нь хүлэмж гэдэг бидний гол зүйл шүү дээ. Ингээд л хөрөнгө мөнгөний тарчиг байдлаас болоод бид 9 сар гээд л зогсчихож байгаа юм. Хэрвээ бид ЖДҮ-ийн зээлд хамрагдчихвал өвлийн хүлэмжээ барина. Хүлэмж зардал өндөртэй учир хэр баргийн хүн барьчихаж чадахгүй. Орон нутгийн иргэдээ нарийн ногоогоор таслахгүй байх боломжтой байхад үүнийгээ ашиглаж чадахгүй байна. Төр ажил хийж байна, зээл өгч байна л гэдэг. Гэвч, хийж байгаа хүнд тэр нь хүрэхгүй байна” гэлээ.
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЗЭЭЛИЙГ ШАЛГУУРЫГ БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Ногоочдын нэгэн адилаар зээл авч чадахгүйн зовлонг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид эдэлж байна. Олон “ЖДҮ”-чин барьцаа хөрөнгийн шалгуурт бүдэрч, хоёрын хооронд гацаанд ордог байна. Энэ талаар “Хатан төгөл” компанийн захирал Д.Уранчимэг “Тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хүн тэрбум төгрөг зээлдэггүй л байхгүй юу. 100-200 саяар үнэлэгдэх хөрөнгөтэй хүн 500 сая төгрөг зээлээч гэхээр барьцаа чинь хүрэхгүй гэдэг. Тэр хүн хөрөнгөө өсгөх боломж хайж л зээл авч байгаа. Түүнээс биш, их мөнгөтэй хүнд мөнгө хэрэггүй л байхгүй юу. 200 саяын барьцаатай хүн байлаа гэхэд 70-80 сая төгрөгийн л зээл ав. Ингээд энэ мөнгө нь бизнесээ өргөжүүлэхэд хүрэлцдэггүй” гэлээ.
НОГООЧДОД ЗОРИУЛСАН 50 ТЭРБУМЫГ ЭЗЭНД ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Засгийн газраас энэ хавар хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хүрээнд гурван хувийн хүүтэй, нийт 400 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ хүнсний ногоочдод зориулж, анх удаа тусад нь 50 тэрбум төгрөгийн санхүүжилт баталж өгсөн. Гэвч энэ зээл банкаар дамждаг тул олон ногоочин шалгуур давж чадалгүй үлдэж байна. Тиймээс цаашид зээлийг бага шалгууртайгаар олгох, жижиг аж ахуйн нэгжүүдэд олгох асуудлыг нухацтай авч үзэх цаг болсныг тариаланчид ярьж байлаа.
Өнөөдрийн байдлаар, манай улс хүнсний ногооны хэрэгцээний 60 хувийг дотоодоос хангаж байна. Цаашид үүнийг дотоодоос бүрэн хангах зорилтыг дэвшүүлээд буй. Монгол улсын хэмжээнд газар тариалангийн 900 мянган га эргэлтийн талбай бий. Энэ талбайгаасаа 800 гаруй тэрбум төгрөгийн орлого олж байна. 2025 он гэхэд эргэлтийн талбайг 1 сая га-д хүргэж, 1,4 их наяд хэмжээний орлого олохоор тооцоолж байна. Энэ бол жилд эрдэс баялгийн салбараас ордог орлогын гуравны нэгтэй тэнцэхээр хэмжээний мөнгө юм. Үүнд хүрэхэд төр бодлогоо, зээлийн шалгуураа эргэн харах хэрэгцээ зайлшгүй тулгарч байна.
Видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.