Монгол улсад уул уурхайн салбар үүсч, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Уул уурхайн долоо хоног 2022” арга хэмжээний үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д. Амарбаясгалан уул уурхайн салбарын өнөөгийн байдал болон хөгжлийн тухай дараах мэдээллийг өглөө.
Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал экспортын бараа бүтээгдэхүүнд уул уурхайн салбарын бүтээгдэхүүний эзэлж байгаа байдал зэрэг нь энэ салбарыг нэн даруй өндөр төвшинд хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг харуулж байна. Учир нь цаашид улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, бусад салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг сайжруулахад энэ салбар голлон нөлөөлөх юм.
Энэ хүрээнд хоёр зүйлд онцгойлон анхаарал хандуулна.
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын тогтвортой, урт хугацаандаа хөрөнгө оруулалт хийх хууль эрх зүйн орчин, нөхцөлийн олон улсын жишигт хүрсэн баталгаат хэмжээнд аваачиж, өгөх ёстой. Монголын улс төрийн сонгууль, Засгийн газрын тогтворгүй байдал зэргээс хамааран гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид урт хугацаандаа хөрөнгө оруулалт хийж чаддаггүй нөхцөл бодитоор үүссэн байна.
- Монголын уул уурхайн салбарынхан Засгийн газар болон ард иргэдийн тавьж буй шаардлагад онцгой анхаарал хандуулж ажиллах. Энэ нь ард иргэдийн нэн өндөр төвшинд шаарддаг хариуцлагатай уул уурхай. Уул уурхайн салбарын хөгжил юунаас шалтгаалан удааширдаг вэ гэхээр тухайн салбар нь бүрэн дүүрэн хариуцлагатай байж чадаагүйгээс өнгөрсөн хугацаанд доголдол үүссэн. Нэг ёсондоо нөхөн сэргээлтийг хангалттай төвшинд хийж чаддаггүй. Олборлолтоо хийдэг. Эргээд нөхөн сэргээлтэд хөрөнгө мөнгөө зарцуулдаггүй.
- Байгалийн баялаг Монголын ард түмний нийт өмчлөлд байх ёстой гэж Үндсэн хуульд заасан байдаг. Энэ хүрээнд орон нутгийн ард иргэдийн хувьд уул уурхайтай холбоотой асуудалд онцгой анхаарал хандуулж ирсэн. Уул уурхайгаас олж байгаа орлогын тодорхой хувь нь орон нутгийн ард иргэдэд хүртдэг байх нөхцөл боломжийг бүрдүүлэх тал дээр уул уурхайн салбар, Монголын төр анхаарлаа хандуулж ажиллах ёстой гэж үзэж байна
- Уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалт хийж, боловсруулалтын төвшинг ахиулах шаардлага бий болж байна. Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг экспортлодог болох нь манай улсын хувьд эдийн засгаа богино хугацаанд өсгөх боломж бүрдүүлнэ гэж үзэж байна.
- Энэ хүрээнд, боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх бодлогыг барина. Үүний хажуугаар боловсруулалт хийгдсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад Засгийн газар онцгой анхаарал хандуулж ажиллахаар зорьж байна.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.