“… Малчдыг Монголоос хөөж зайлуул. Улсаа хорлодог хэн юм, тэд. Гадны захиалгаар хөдлөгсөд… Сүйдэхээр байгаль тэнд байхгүй… Үгүй, бид чадахгүй. Хаашаа нүүх юм. Хайран сайхан нутаг минь” гэх маргаан талцал амралтын өдрүүдэд тасралтгүй хөвөрлөө. Том төслөө хөдөлгөхдөө тайвнаар, ойлголцох цаг болсныг энэ бүхэн харууллаа.
Манай улсын эрчим хүчний салбар эрсдэлд орж, хэзээ нэг өдөр нийтээрээ цахилгангүй болоход ойрхон болоод байна. Хамгийн ойрын жишээ л гэхэд, цар тахлын үед буюу 2020 оны өвөл эрчим хүчний салбарын ачаалал суурилагдсан хүчин чадлаасаа буюу 1300 мегаваттыг давж, нийтээрээ харанхуй суух эрсдэл тулсан юм. Тиймээс аюулгүй байдлаа хангахын тулд цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэрийг яаралтай барих хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд сануулж байна. Ирэх өвлөөс бид лааны гэрэлтэй суух эрсдэл тулсныг мэргэжилтнүүд анхааруулсаар буй.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд, гурван аймгийн нутгийн дамнуулан барихаар ажлыг нь эхлүүлээд байна. Тус цахилгаан станцын усан сан бүрдэх газар нь Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн нутгийг хамарч байна. 90 мегаваттын хүчин чадалтай станц ашиглалтад орсноор баруун таван аймгийн хэрэглээг хангаад зогсохгүй, төвийн бүс рүү эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэнэ. Гэвч Увс аймгийн Өмнөговь сумын 200 гаруй малчин өрх буурь бууцаа өгөхгүй, байгалиа сүйтгүүлэхгүй хэмээн тэмцэж эхлээд байна. Нэг талдаа улс орны цахилгаан эрчим хүчний аюулгүй байдал, нөгөө талдаа нутгийн иргэдийн эрх ашиг гэх хоёр туйлд хуваагдаж, талцал хуваагдал эрчимжсээр байна.
Тэгвэл Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих нь манай улсад ямар үр өгөөжтэй вэ?
-Баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.
-УЦС-ын барилга угсралтын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 байнгын ажлын байр шинээр бий болно.
– Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг ОХУ-аас хангасны төлбөрт жил бүр 18-20 тэрбум төгрөг төлж буйг бууруулах боломж бүрдэнэ.
-Дотоодын найдвартай эх үүсвэртэй болсноор аж ахуйн нэгжүүд бизнес өргөжүүлэх боломжтой болж, түүнийг дагаад иргэдийн амьдрал дээшилнэ.
-Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдаж, иргэдийн орлого нэмэгдэнэ.
-Загасны аж ахуй болон усалгаатай, хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх боломж бүрдэнэ.
-Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө болно” хэмээн Эрчим хүчний яамнаас тайлбарлаж байна.
Манай улсад эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихийн өмнө талцал хуваагдал байнга гарч ирсэн. Олонхийн эрх ашгийн төлөө цөөнхийн эрх ашиг байнга зөрчигддөг нь байдаг л үзэгдэл мэт боловч үүний цаана иргэдэд зөв мэдээлэл өгөх ажил орхигдож байгаатай холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна. Тодруулбал, аливаа бүтээн байгуулалтыг хийхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг мэргэжлийн байгууллага хийдэг. Тэд байгальд нөлөөлөх нөлөөллийг тооцохын зэрэгцээ орон нутгийн иргэдээс саналыг нь авч, шат болгонд нээлттэй мэдээлэл өгөх үүрэг хүлээдэг юм. Гэсэн хэдий ч нөлөөлөх байдлын үнэлгээг нэр төдий хийснээс болж, иргэд нь ч эсэргүүцэж, ажил нь гацсан байдалтай байна. Тиймээс нөлөөллийн үнэлгээг иргэдэд сайтар тайлбарлаж өгөх, тэдний хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгох зэрэг ажилд Засгийн газар ч, үнэлгээний, зөвлөх үйлчилгээний компаниуд ч дорвитой ажиллах шаардлагатай болоод байна.
Өнөөдөр бидэнд талцал хуваагдал биш ойлголцол хэрэгтэй. “Гурван сая иргэний өмнө гурван зуун малчин юу юм бэ” гэж мунхаглан дайрч болохгүй. Бас нөгөө талдаа малчид нь ч том агуулгыг нь харахгүй гөжөөд суучхаж боломгүй. Тиймээс аль альдаа талдаа ойлголцох, эмх цэгцтэй тайлбар мэдээлэл хүргүүлэх юу юунаас чухал болоод байна.
Нэг л өдөр нийтээрээ цахилгаан тасарчихвал эмнэлгийн сэхээнд байгаа хүн, яаралтай хагалгаанд орж байгаа иргэд гээд олон хүний амь дээсэн дөрөөн дээр ирнэ. Бас бид хаашаа ч “хөдөлж чадахгүй” болно. Тиймээс улс орны хөгжил, өдөр тутмын амьдрал цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр дээр тогтож буйг шат шатандаа ойлгуулах, хамтдаа ойлголцох шаардлагатай болжээ.