Жүдо бөхийн спортоос зодог тайлан, холимог тулааны спортод хөл тавьсан, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг АНУ-ын тулаанч Амбер Терреллийг яллаа. strawweight буюу 48-52 кг-ын жинд хүч сорьсон тэрбээр өрсөлдөгчөө хоёрдугаар үед өчих мэхээр буулгаж авав. Ингэснээр мэргэжлийн дэвжээн дэх карьераа ялалтаар эхлүүллээ. Түүгээр ч үл барам “Peak fighting” холбооны аварга боллоо.
М.Уранцэцэг жүдо бөхөөр дэлхийн шилдэг болж чадсан. Одоо холимог тулааны төрлөөр мэргэжлийн дэвжээнд дэлхийн шилдэг болохын төлөө зүтгэж явна. Түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.
НЭГ: Мөнхбатын Уранцэцэг Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 1990 оны гуравдугаар сарын 14-нд мэндэлсэн.
ХОЁР: Эхээс дөрвүүлээ. Хамгийн том ах нь Монголын Үндэсний урлагийн их театрын дуучин П.Баярмагнай.
ГУРАВ: 2005 онд Гавьяат дасгалжуулагч Ж.Баярсайханы удирдлагад жүдо бөхөөр хичээллэсэн. Дараа нь Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаагийн шавь болсон. Түүний амжилт хоёр багштай нь салшгүй холбоотой.
ДӨРӨВ: Дэлхийн дэвжээнд түрүүлсэн Монголын анхны эмэгтэй жүдоч. Үе, үеийн жүдочдын эмэгтэй дэлхийн аваргатай болох хүслийг тэр 2013 онд биелүүлсэн юм.
ТАВ: ДАШТ-ий иж бүрэн (алт, мөнгө, хүрэл) медальтай Монголын анхны жүдоч. Тэрбээр 2019 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр эл амжилтын эзэн болсон юм.
ЗУРГАА: ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн анхны монгол жүдоч. М.Уранцэцэг 2021 оны ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авсан. Ингэснээр ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медалийн эзэн болсон. Улмаар дэлхийн дэвжээнээс дөрвөн медаль авсан Монголын анхны жүдоч болсон юм.
ДОЛОО: М.Уранцэцэг “Токио-2020” оны олимпоос хүрэл медаль хүртсэн. Улмаар олимпын медальт жүдоч болох зорилгоо биелүүлсэн юм.
НАЙМ: Түүний жүдогийн замналд харамсалтай ялагдал цөөнгүй бий. Хамгийн харамсалтай нь 2016 оны олимпын хүрэл медалийн төлөөх барилдаан. Риогийн олимпод хүрэл медалийн төлөө барилдахдаа БНСУ-ын бөх Жеон Бо Кеонтой барилдаж байхдаа санамсаргүйгээр хориотой үйлдэл (өмдөнд нь гар хүрсэн) хийн, дэвжээнээс хөөгдсөн нь түүнд асар хүнд туссан гэдэг. Энэ тухайгаа “Энэ тухай бодох бүртээ харамсдаг. Олимпоос медаль хүртэнэ, аваргална гэсэн зорилготой, тэгнэ гэдэгтээ итгэл дүүрэн байсан хүн чинь ганзага хоосон хоцрохоор тэр хэрээрээ сэтгэлээр унадаг юм билээ. Илүү өндрөөс газар унасан л даа. Амьдрах утгагүй ч юм шиг санагдаж билээ. Дараа нь “Их балай юм бодож” гээд өөрийгөө дооглосон.
Уг нь түүнийг ялаад л аваргын төлөө барилдах байлаа. Дагах тойрогт олимпын аварга С.Менезесийг ялсан ч хүрэл медалийн төлөө барилдаж байхдаа үндсэн цаг дуусахаас хэдхэн секундийн өмнө дархан мэхэнд нь ороод, дийлдчихдэг байгаа.
Тэр үед тэнгэр хөмөрчих шиг л болсон. Хүнд үеийг шигшээ багийн хамт олон, гэр бүлийнхнийхээ дэмээр даван туулсан даа. Риогийн олимп надад том сургамж болсон. Түүнээс хойш тэгж сэтгэлээр унаж, хэр баргийн юманд гундахаа байсан” гэсэн юм.
ЕС: М.Уранцэцэг 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны цуврал тэмцээнүүд (Mастерс, Их дуулга, гран при)-ээс хамгийн олон буюу 11 алт, 11 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтаараа 2020 онд Гиннесийн дээд амжилт тогтоосон юм. Энэ нь монгол жүдоч “Гиннесийн ном”-д бичигдсэн анхны тохиолдол.
АРАВ: Тэрбээр энэ оны эхээр Хөдөлмөрийн баатар цолныхоо найрыг хийх үеэр жүдо бөхөөр зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Үүний дараа холимог тулааны спортод хөл тавьсан юм.
М.Уранцэцэг өдгөө ханийн хамт АНУ-д амьдарч, холимог тулааны бэлтгэлээ "Jackson Wick MMA Academy"-д хийж байна. Хэвтээ барилдаан сайтай, боох, өчих мэхийн өндөр түвшинд хийдэг нь түүний гол давуу тал.