Монгол орны нийт нутгийн 50 хувьд нь зуншлага тааруухан байснаас үүдэж, нийт 10 аймагт өвөлжилт хүндрэх эрсдэлийн үнэлгээ гараад байна. Үүнээс, Ховд аймагт зудын эрсдэл маш их, Увс аймагт эрсдэл дунд түвшинд байна гэж үнэлэгдсэн юм. Зэргэлдээх сумдаас өвсөө чадлаараа бэлдээд ч байдал эвгүйтэх нь тодорхой болсон учраас малчдыг эр сувай малаа нядалж, эдийн засгийн эргэлтэнд оруулахыг аймгуудын онцгой комисс малчдадаа зөвлөж эхэлжээ. Ингэхгүй бол нийтээрээ хотоо харлуулж, хүндхэн байдалтай нүүр тулахаар байна. Малчид малаа борлуулах хүсэлтэй ч банк зээлээ зогсоосон. Шүлхийн гоц халдварт өвчний улмаас махны экспорт саатсан гээд олон бэрхшээл тулгамдаж байгаа талаар орон нутгийн удирдлагууд хэллээ. Бид Увс, Ховд аймгийн удирдлагуудтай холбогдож, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
Б.АЛТАНБАДРАЛ: МӨНХХАЙРХАН, МӨСТ, ДУУТ СУМД ХАДЛАНГАА АВЧ ЧАДАХГҮЙД ХҮРЛЭЭ
Ховд аймгийн онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадрал
Хагас жилийн тооллогоор Ховд аймагт 3,7 сая мал өвөлжих тооцоо гарсан. Хадлан бэлчээрийн гарц тааруухан байна. Их нууруудын хотгор буюу Хар ус нуурын ай сав газар, Ховд голын ай сав газраар хадлантай. Булган, Үенч голын Цагаан түнгэ орчмын ай сав газраар, Зэрэг сумын эхэн багийн нутгаар тус тус бага зэргийн хадлантай байна. Бусдаар бол тааруухан байна.
Жил бүр Ховд аймаг хадлан тэжээлийн бэлтгэлийг 80 гаруй хувьтай хангадаг байсан. Зэргэлдээх аймгууд руугаа өвс тэжээл нийлүүлдэг байсан. Энэ жил тийм боломж гарахааргүй, дотоодын хэрэгцээгээ дөнгөн данган хангахаар байна.
Хадлангийн бригадуутайгаа аймаг орон нутгаас гэрээ хэлэлцээгээ хийгээд явж байна. Уулын сумд болох Мөнххайрхан, Мөст, Дуут сумд хадлангаа авч чадахааргүй болоод байна.
Ховд аймаг жилдээ 56 мянган тон өвс тэжээл бэлтгэдэг байсан. Говь-Алтай, Завхан аймгууд руу өвс тэжээл нийлүүлдэг байсан бол энэ жил чадах нь уу гэдэг асуудалтай тулгараад байна.
ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ НЭМЭГДСЭН УЧИР ӨВСНИЙ ҮНЭ 40 ХУВИАР ӨСЛӨӨ
Боодол өвсний үнэ 10 мянган төгрөгт хүрэхээр байна. Шатахууны үнэ 3750 төгрөг байна. Өмнө нь 1750-2000 төгрөгөөр дизель түлш авч ажлаа хийж байсан шүү дээ. Зардал өсөх төлөвтэй байна. Өвс шингэн ургасан учраас ажиллах хүчин хоёр дахин нэмэгдэхээр тооцоо гарсан.
Өвсний үнэ ханш зах зээлийн үнээс 40 хувиар өсөх төлөвтэй байна. Хадлангийн бригадуудаа хавраас техник хэрэгслүүдээ бэлтгэсэн.
Ховд аймаг жил бүр 600-700 мянган мал нядалж, эдийн засгийн эргэлтэнд оруулдаг. Гурван сая мал өвөлжих байх. Хорогдолтойгоо нийлээд 2,8 сая болох болов уу. Мах экспортын асуудал шийдэгдчихвэл сайн байна. Эрсдэлтэй байгаа учраас малчид малаа нядлах хэрэгтэй гэдэг зөвлөмж өгч байгаа.
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.ЧИМЭД: ЭРСДЭЛЭЭ ТООЦОЖ, НИЙТ МАЛЫНХАА 30 ХУВИЙГ НЯДЛАХААС ӨӨР ГАРЦГҮЙ БОЛЛОО
Цаг уур байгууллагын мэдээгээр, Увс аймгийн бэлчээрийн 30 хувь нь сайн, 40 хувь нь дунд, 30 хувь нь муу байна. Өнгөрсөн жилийнхтэй ижил тооны малыг өвөлжүүлэхэд хүнд байдалтай болоод байна. Сумдаар бороо хур багатай учраас зуншлага оройтсон. Өвс тэжээлийн нөөц бэлтгэх асуудал хүнд байна. Малчид өөрсдөө 50 мянга гаруй тонн хадлан тэжээл бэлтгэх ёстой. Өвсний гарц хоёр дахин бага гарч байна. Гарц муу байгаа учраас өнгөрсөн жилийн хэмжээнд хадлан тэжээл бэлтгэх боломжгүйд хүрээд байна. Зэргэлдээх аймгуудаас өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх талаар тооцоо хийж байна. Архангай, Ховд, Завхан, аймгийн нутаг руу отроор өвөлжих малчид хүсэлтээ ирүүлчихээд байна. Мөн Ачит нуурын отрын бүсэд өвөлжих өрх бүрийн тоогоор нарийвчилсан тооцоогоо хийж эхэлсэн. Үүнийгээ гаргасныхаа дараагаар бид зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэнэ.
ШҮЛХИЙН ГОЛОМТТОЙ ХОЁР СУМЫН МАЛЧИД ОТОР НҮҮДЭЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙХ ЭРСДЭЛ ТУЛГАРЛАА
Нэг асуудал нь, Өмнөговь, Ховд сумдад шүлхий өвчний голомт бий болсон учраас отрын асуудал хүнд байна. Ямар нэг байдлаар л аймаг сумынхаа аюулгүйн нөөцөө бүрдүүлэхээр тооцож байна.
Өвсний үнэ өнгөрсөн жилийнхээс 50 хувиар өсөөд байна. Найман мянга байсан боодол өвс 12 мянган төгрөгт хүрсэн. Малыг яаж эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй байна. Гэтэл өвчлөлийн асуудлаас шалтгаалж, экспорт саатсан. Бид бүх малаа хээлтүүлэх эсэхийг тооцоолох чухал болсон. 100 хувь хээлтүүлбэл эрсдэлтэй гэсэн тооцоо гараад байна.
Эдийн засаг хүндэрсэн энэ үед банкууд зээл гаргахаа зогсоож, ченжүүд мал авахаа зогсоосон нь малчдад хүндээрч тусаж байгаа юм байна. Оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бүрдүүлэх, түлш, шатахуунаа бэлтгэж хадландаа гарахаас авахуулаад хэн хэнгүй мөнгөний эрэлд гарсан өдрүүд үргэлжилж байна. Тиймээс төрөөс махны экспортыг урагшлуулах тал дээр дорвитой шийдэл гаргаж, малчид онд орохооргүй малаа нядлах, эрсдэлээ тооцох боломж олгож өгөхийг хүсч байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.