МАХН-аа татан буулгаж, хуучин намтайгаа эвлэлдэн нэгдсэн, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийг ахлахаар болсон нь улстөрийн хүрээнд анхаарал татсан сэдэв болов. МАН-аас өрх тусгаарлаж явсан хэдэн жилд тэрбээр Монгол Улсын Шинэ дээд үндсэн хуулийн төсөл гэгчийг хүртэл боловсруулаад амжсан. Монгол орноо хэдэнтээ тойрч “МАНАН бүлэглэлээс Монголоо аваръя, байгалийн баялгийг ард түмэндээ тараая, бүх шатны боловсролыг үнэгүй болгоё. Үндсэн хуулиа шинээр баталъя” гэдэг байв. Гэвч тэр улстөрийн тохироо хийж, МАН-тайгаа эргэн нэгдсэнээр түүний бүх мөрөөдөл талаар болж, сарнин замхарсан гэхэд болно. Тэгвэл удаан хугацаанд хөшигний ард байсан Н.Энхбаяр дахин “тайзанд гарч”, Үндсэн хуульд “гар хүрэх багийг” зангидахаар болов.
“АЛТАН УЛИАСЫГ ЧИНЬ ХУГА МӨРГӨНӨ ШҮҮ”
Н.Энхбаяр МАХН-аа татан буулгаж, олон жил ярьсан зарчмынхаа эсрэг явж эхэлсэн нь тэр өгдгөө ч өгч, авдгаа ч авъя гэж тохирсонтой нь холбоотой. Түүнд ирсэн хамгийн эхний ашиг нь өөрийн хүү Э.Батшугараа Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлж, парламентын гишүүн болгосон. МАН-ын бага хурал руу зарим гишүүнээ зүтгүүлж, доод дунд шатны албан тушаалд томилж амжсан. Гэхдээ түүний Шадар сайд болох гэсэн хүсэл нь талаар болсон. Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлын суудал атгуулсан ч юман чинээ тоогоогүй. Өөрөөр хэлбэл, МАН-д хүчээ өргөж, дайсан биш, найз нь болсныхоо шагналыг томоор авахыг тэр хүлээж суусан гэхэд болно. МАН-д ч түүнийг гомдоох эрх үгүй. “Аргат үнэт алаг шаазгайд томорч, Алтан улиасыг чинь хуга мөргөнө шүү” хэмээн айлгадаг шиг тийм л үйлдэл Н.Энхбаяраас гарч мэдэх тул нэгэнт амлалтаа цувруулсаар дуусгах нь МАН-ын “үйлийн үр” билээ. Товчхондоо ямбыг нь эдэлсэн хойно ялаа үүрч, Н.Энхбаярын хүсэл бүхнийг гүйцэлдүүлэх хатуухан үүрэг тэдэнд буй. Нөгөө талаар, ард түмэн, олон нийтээс ирэх дайралтад өртөж, "улиасаа хугалуулахгүй", нэр цэвэр үлдэхийн тулд МАН-ынхан дотроосоо шүүрдээд гарах эвтэйхэн хувилбар нь Н.Энхбаяр ч байж мэдэх. Ерөөсөө, МАН гэдэг мод хугарахгүй нугарахгүй үлдэхэд Н.Энхбаяр л нэг юм сэднэ, хийж чадна гэж үзсэн бололтой. Ингэж ч бас өөрөөр харж болох…
ЗАЛУУ ӨРХӨД ОРОН СУУЦ ҮНЭГҮЙ ОЛГО, БҮХ ШАТНЫ БОЛОВСРОЛЫГ Ч ИЙМ БОЛГО
Н.Энхбаяр МАХН-ыг удирдаж байхдаа МАН, АН хоёрын “шүдний өвчин” байлаа. Ялдаггүй юм гэхэд санал хуваахад л сонгуулийн хувь заяаг шийдэх тул бусад нь ихэд болгоомжилно. Тэрээр төрийн эрхэнд гарвал МАХН үндсэн хуулиа цоо шинээр өөрчилнө. Иргэд амьдралдаа хүрэлцэхүйц цалин, орлоготой, хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэдэг байв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй зэрэгцүүлэн тэд “БНМАУ-ын шинэ, дээд үндсэн хуулийн төслийг боловсруулсан. Ингэхдээ тухайн хуульдаа:
-БНМАУ Парламентын засаглалтай байна. Парламент дээд, доод гэсэн хоёр танхимтай байна.
– Бүх шатны боловсролыг үнэ төлбөргүй болгоно.
– Монгол улсад жаргалын найман хотыг шинээр байгуулна.
– Иргэдийн цалинг амьдралд нь хүрэлцэхүйц хэмжээтэй болгоно.
– Залуу гэр бүлд үнэ төлбөргүй орон сууц олгоно.
– Үнэгүй орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ.
– Дээрх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд байгалийн баялгийг өгөөжийг тэгш хуваарилж, дундын сан бий болгоно” хэмээн 21 аймгаар тойрч хуулийн төслөө сурталчилж байв.
Харамсалтай нь, тэд замын дундаас шантарч, улстөрийн тохироо хийснээр МАНАН бүлэглэлээс Монголыг аврах уриа нь сураг алдарч, өөрсдөө буцаад тэр бүлэглэлдээ багтдаг болсон юм.
“ШИНЭ ДЭЭД ХУУЛИЙНХАА ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ҮНДСЭН ХУУЛЬД ШИНГЭЭЖ ЧАДАХ УУ?”
Хэдийгээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тус тохирооныхоо хариуг авч, ажлын хэсгийн ахлагч болж буй ч түүнд хамгийн сайн хийж чадах ажил нь энэ ч байж мэднэ. “Бүх юм үнэгүй” хэмээн иргэдийг хуйлруулж явсан нь үнэн ч гэлээ үндсэн хуулийн цоо шинэ хувилбарыг гаргаад ирчихсэн нь түүний нэг ололт билээ. Тиймдээ ч авах гээхийн ухаанаар хандаж, Үндсэн хуулийг иргэндээ ээлтэй болгож чадвал дээд хуульд дэмий цаг үрсэн гэх алдаагаа залруулж мэдэх юм.
Ямартай ч ард түмний амьдралыг сайжруулна, тийм боломж байна. Гагцхүү үндсэн хуулиа өөрчлөөд өг. Хулгайчууд идээд байна Хувилбар байна, надад” хэмээн зарлаж явсан экс Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийг зангидаж ажиллахаар болж байна. Тэр МАН-ынхаа захиасаар явах уу, эсвэл алдааг нь залруулж, дориун өөрчлөлт авчрах уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.