Нойр бол хүний бие махбодийн суурь хэрэгцээ. Сайн унтаж амардаг хүмүүсийг сайн нойрсдоггүй хүмүүсийн амьдралын чанартай харьцуулан судлахад “нойрны чанар” сайн хүмүүс өндөр орлого олдог, санхүүгийн чадамж сайн, амьдралдаа сэтгэл хангалуун, эрүүл саруул байжээ.
Сүүлийн үед хүмүүс оройн цагаар, унтахынхаа өмнө гар утсаа ихээр оролдох болсон нь нойргүйдэл үүсэх гол шалтгаануудын нэг болж байна. Энэ мэт амьдралын буруу зуршил нойргүйдэлд хэрхэн нөлөөлдөг, нойргүйдлээс хэрхэн сэргийлэх тухай “Better Mind” нойргүйдэл сэтгэл заслын эмнэлгийн үүсгэн байгуулагч, сэтгэл засалч эмч М.Мандахтай ярилцлаа.
Тэрээр “Сүүлийн гурван жил үргэлжилсэн “ковид” цар тахлын үед Монголд төдийгүй дэлхий даяар нойргүйдэл нийтлэг тохиолддог асуудлуудын нэг болсон. Манай эмнэлэгт өдөрт 20 хүн үзүүлэхэд бараг бүгдээрээ нойрны асуудалтай байна” гэсэн юм.
НОЙРГҮЙДЭЛ НЬ БҮХ ӨВЧНИЙ СУУРЬ ШАЛТГААН БОЛДОГ
Нойргүйдлийн тухай ярихаас өмнө хэвийн нойр гэж юу болох талаар ярих ёстой. Насанд хүрсэн хүмүүс хоногт хамгийн багадаа долоон цаг унтаж амрах ёстой. Өглөө босоход бие нь сайхан амарсан, эрч хүчтэй босож байвал та хэвийн нойртой байна гэсэн үг.
Харин долоон цагаас бага хугацаагаар унтах, шөнө олон дахин сэрэх, унтсан ч шөнийн турш зүүдлэх, унтаж байхдаа хажуугийн дуу чимээг мэдэрч хөнгөн нойрсох, унтаад босоход бие амраагүй байх зэрэг нь нойргүйдлийн шинжүүдэд ордог.
Нойр бол бидний “цэнэглэгч” гэсэн үг. Нойргүйдэл удаан хугацаанд үргэлжилбэл ажлын бүтээмжид сөрөг нөлөөтэй. Мэдрэлийн архаг ядаргаанд орно. Дээрээс нь сэтгэл гутрал үүсгэж, сэтгэл түгшилт зүрх судасны өвчин, илүүдэл жин, хөгшрөлт гээд бүхий л өвчин эмгэгүүдийн үндэс суурь болдог.
НОЙРГҮЙДЛЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Танд нойргүйдлийн шинжүүд байгаа бол дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.
- Тогтсон цагт унтаж, тогтсон цагт сэрж сурвал нойргүйдэлд өртөхгүй. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд нойрсож эхлэхэд хамгийн тохиромжтой цаг нь шөнийн 22 цаг байдаг. Учир нь шөнийн 22 цагаас 02 цагийн хооронд хүний гүн нойрсдог цаг юм. Тэр хугацааг дараагийн хэдэн цагийн нойр ч орлож чадахгүй.
- Сайхан унтаж амрахын тулд бидний унтах өрөө тохь тухтай, тохиромжтой байх ёстой.
Хэт бүгчим халуун байж болохгүй. Сэрүүвтэр байвал тохиромжтой. Харанхуй, дуу чимээ бага байвал нойрсоход илүү сайнаар нөлөөлнө.
- Бидний тайван сайхан нойрсоход хоол хүнс ч чухал үүрэгтэй.
Кафен агуулсан энергийн ундаа, өтгөн цай, кофег өдрийн 14 цагаас өмнө ууж хэвшвэл дээр. Орой 19 цагаас хойш хүнд махан хоол, алкохольны төрлийн зүйлс хэрэглэхгүй байх хэрэгтэй. Орой найман цагаас хойш уух шингэн зүйлийн хэрэгцээг багасгах чухал.
21 цагаас эхлэн гар утас, компьютер, зурагтаа үзэхгүй байх хэрэгтэй. Электрон хэрэгслээс өөрийгөө тусгаарлах хэрэгтэй гэсэн үг.
- Зарим хүн унтахын өмнө сэтгэл түгшээсэн, зовоосон зүйлс их бодох хандлагатай байдаг.
Сэтгэл түгшээсэн бодлууд орж ирвэл унтахаасаа өмнө 5-10 минутын хугацаанд өөрийн толгойд бодогдож байгаа, санаа зовоосон зүйлсээ тайван сууж байгаад нэг бүрчлэн бичих хэрэгтэй. Бичсэнийхээ дараа энэ санаа зовоосон зүйлс үнэхээр мөн үү, эсвэл маргааш ажил дээрээ очоод шийдэх асуудал уу гэдгийг тодорхой болгоно. Санаа зовсон зүйлсээ шийдээд унтвал илүү сайн нойрсоно.
- Өдөрт 15-30 минутын хугацаанд хөлсөө гаргасан биеийн ямар нэг хөдөлгөөн хийж хэвшвэл их тохиромжтой.
Хэрвээ эдгээр энгийн зөвлөгөөнүүдээр нойргүйдэл засагдахгүй байвал хамгийн түрүүнд мэргэжлийн сэтгэцийн болон сэтгэл засагч эмчид хандаж, нойргүйдлийн шалтгааныг тодорхойлуулаад, яг өөрт тохирсон нойргүйдлийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай.
НОЙРГҮЙДЛИЙГ ЭМИЙН БУС АРГААР Ч ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ
Нойргүйдлийн эмчилгээ нь зөвхөн эмийн эмчилгээ байдаггүй. Эмийн болон эмийн бус эмчилгээ гэж бий. Эмийн бус эмчилгээндээ нойргүйдлийн эсрэг “Alpha Stim” аппаратын эмчилгээ, мөн сэтгэл заслын эмчилгээгээр нойргүйдлийг засах боломжтой байдаг.
Манай “Better Mind” эмнэлэг мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, сэтгэл санааны хямралуудыг эмчилдэг. Оочер дараалалгүй, хүлээхгүйгээр хүссэн үедээ сэтгэл засалч эмчтэй уулзаад, эмийн болон сэтгэл заслын эмчилгээгээр мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, сэтгэл санааны хямралууд, донтох эмгэг, хүүхдийн сэтгэцийн асуудлуудыг эмчлүүлэх боломжтой. Манай эдгээр эмчилгээ маш үр дүнтэй. Олон хүн бидэнд хандаж, нойргүйдэх эмгэгээсээ салж, хэвийн нойртой болж чадсан.
Ярилцсанд баярлалаа