"Гашуун яриа" нэвтрүүлгийнхээ шинэ дугаарт гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон нэгэн эмэгтэйг урьж ярилцлаа. Төрсөн эцэг эхдээ хаягдан, өргөмөл эцгийн гарын шүүс болж, өсвөр насаа өнгөрүүлсэн охин, энэ амьдралаасаа дайжиж, хайргүй хүнтэйгээ гэрлэсэн байна. Гэвч аз жаргал, хайр эрсэн 17-той охины зовлон дууссангүй. Хань ижлээ болгоё гээд сонгосон хүн нь гарыг нь хугартал зоддог, гурван хүүхдийнхээ нүдэн дээр эмэгтэйг нүцгэлж бах таваа хангадаг нэгэн байж таарав. Ингээд тэр хүүхдүүддээ муу муухайгаа үзүүлэхгүй гэсэндээ салах шийдвэр гаргажээ.
Хоёулаа ярилцлагаа таны хүүхэд наснаас эхэлье. Та өвөө, эмээ дээрээ өссөн. Цаашлаад хүнд өргүүлсэн байна. Энэ талаар ярьж өгөөч?
Ээж намайг төрүүлээд л ааваас салсан. Намайг нэг сар ч хүрээгүй байхад өвөө, эмээд өргүүлсэн юм билээ. Өвөө, эмээ хоёр намайг тав зургаан настай байхад айлд өргүүлсэн. Тэгээд л жинхэнэ зовлон эхэлсэн. "Охинтой болохгүй байна. Охин байхгүй" гээд намайг өргөж авсан юм билээ. Үүний дараа эхнэр нь жирэмсэн болоод охин гаргасан. Ингээд намайг ад үзээд л гарыг маань хугартал зоддог болсон.
Энэ хүчирхийлэлд хэр удаан байсан бэ? Энэ хугацаанд аав, ээж хоёр нь хаана байсан бэ?
Аав, ээж хоёр салснаас хойш би юм болгоны дунд ганцаархнаа болсон. Манай өвөө, эмээ хоёр жаахан хатуу хүмүүс байсан. Би зодуулаад, гараа хугалуулсан гээд хэлэхээр эмээ намайг загнадаг байсан. Би хүүхэд байсан. Надад хичээлийн хэрэгсэл бүрэн байдаггүй байлаа. Нэг дэвтэр дээр гурван төрлийн хичээл хийдэг байсан. Манай хойд аав хүний хажууд маш сайн аав. Хүн гараад явахаар л зодоод эхэлнэ. Би өргөмөл аав ээжийнхээ хажууд хоолоо ч олигтой идэж чаддаггүй байсан. “Хоол хүрэхгүй байна. Чи хоол идэхгүй” гээд хэлэхэд гол зурагддаг байлаа.
Миний аав, ээж байсан бол өөрийнхөө хоолноос таслаад өгөх л байсан шүү дээ. Миний ээж надтай ойрхон байсан бол намайг тэврэх л байсан байх. Гэхдээ ээж минь одоо ч гэсэн намайг тэвэрч үзээгүй.
Би 17 настай байхдаа нөхөртэйгөө танилцаж байсан юм. Энэ хүн л миний нөхөр болох ёстой юм байна гээд болсон. Анх үнэхээр хайртай дуртай болж нийлээгүй л дээ. Эндээс холдох л хэрэгтэй байна. Хэн ч намайг гээд ирэхгүй гээд сонгосон.
Ингээд манай нөхөр цэрэгт яваад ирсэн. Би жирэмсэн байсан. Цэрэгт явж ирээд л намайг хэдэн өдөр дараалж зодсон. Эрүүл байсан шүү дээ. 16 жил амьдрахад би олон зодуулсан даа. Үсдэнэ, алгадна, нүцгэлнэ.
Нүцгэлдэг нь ямар учиртай юм?
Мэдэхгүй. "Хувцсаа тайл" гээд л хүүхдүүдийн хажууд чарлачихна. Би үнэхээр хүүхдүүддээ буруу зөрүү юм үзүүлмээргүй байна. Сая гурван сараас хойш тусдаа гарсан.
Хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэх, муухай зүйл үзүүлэхгүй байх арга зам нь салалт гэж харж байна уу?
Би салалт гэж харж байна. Хүүхдүүд том болсон байхад зодуулаад энэ чигээрээ яваад байх юм бол хүүхдүүд маань аавдаа дургүй болж эхэлж байна. Аав хүү хоёрын харилцааг дуусгахгүй байхын тулд хоёр тийшээ болж байгаа юм. Зүгээр салсан байлаа гээд нэг нь хаядаг, нөгөөх нь ганцаараа хүүхдүүдээ хүмүүжүүлдэг зүйл гэж байхгүй шүү дээ. Гурван хүүхэд маань аав ээжийнхээ хэн дээр амьдрах нь өөрсдийнх нь сонголт. Манай том хүү хэлж байсан юм.
“ Ээж ээ би хаашаа ч явсан хоёр дүүгээ хэзээ ч орхихгүй дагуулаад л явна” гэж. Нээрээ ч тийм дээ л гэж бодсон. Одоо манай ах дүү нар энд тэнд л байдаг. Хүүхдүүдийг хэзээ ч битгий салга. Энэ үгийг би хүүгээсээ сурсан шүү дээ. Хүүхдүүд элэг бүтэн байхаас илүү жаргалтай амьдрах хэрэгтэй. Хэчнээн салсан ч үр хүүхдээ эцэг эхийн хайраар дутаахгүй өсгөх хэрэгтэй. Энэ нь хойд эцгийн гар харуул гэсэн үг огт биш. Аав, ээжтэй нь заавал холбоотой байлгах хэрэгтэй. Аавыг нь буруутгаж үр хүүхдүүддээ ярих хэрэггүй. Тэд угаасаа мэдэж байгаа.
Одоо би цаашдаа гэр авах санаатай байна. Гэр авчхаад хөдөө байгаа гурван хүүхдээ хүлээнэ. Гэр авсан байхад болно доо гэж бодож байна. Би барилга дээр ажилладаг. Ажил хийж байгаа юм чинь болох байлгүй.
Гэр бүлийн хэрүүл маргаан, хувийн амьдрал, салалтын шалтгаан бидэнд хамаатай зүйл биш. Гэхдээ энд хүчирхийлэл оршин буй учраас бид онцоллоо. Энэ нэвтрүүлгээрээ бид яарсан харилцаа, төлөвлөөгүй гэр бүл зохиох ямар хортойг харуулахыг зорилоо. Мөн ямар ч үед хүчирхийлэлд цэг тавих учиртайг хөндлөө. Хүүхэд өссөн орчныхоо агаараар өөрийгөө бүтээнэ. Харин ирээдүйг мянга мянган хүүхэд бүтээнэ.
Видеог дээрээс үзнэ үү.