Монгол улсад сувилагчаар ажиллах хүний нөөц дутагдалтай байна. Сувилагч мэргэжлээр их, дээд сургуульд сурч, төгссөн ч мэргэжлээрээ ажилладаггүй нь олон. Учир нь ачаалал ихтэй, цалин багатай. Тиймээс сувилагчаар ажиллаж ачаалалтай байснаас, худалдагч хийвэл биед амар, ачаалал бага гэж сувилагчид хэлж байлаа.
“НЭГ СУВИЛАГЧ СТАНДАРТААСАА 10 ДАХИН ИХ АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАДАГ”
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлгийн сувилахуйн албаны дарга С.Болортуяа "Манайд сувилагчийн 100 гаруй орон тоо сул байна. Одоо байгаа сувилагчид нь 8/16 байдлаар гурван ээлжээр ажилладаг. Энэ нь нэг сард 15 хоног жижүүр хийдэг гэсэн үг. Ингэхээр хувийн амьдрал, ар гэр, үр хүүхдүүд хаягддаг.
Сувилагчаар ажиллах стандартад нэг сувилагчид хоёр ор оногдохоор заасан. Гэвч одоогийн нөхцөлд тасагт ажиллаж байгаа нэг сувилагчид 20-30 ор оногдож байна. Ажлын ачааллыг харгалзан үзэж эмнэлгээс нэмэлт, урамшуулал сайн өгдөг ч хүний нөөцийн дутмаг байдлыг хангаж чадахгүй байсаар байна.
Сувилагчдын ажлын ачаалал их учир өвдөнө, ядарна. Цалингийн хувьд дунджаар 750-950 орчим мянган төгрөг байдаг. Тиймээс сувилагчид мэргэжлээрээ ажиллахаас халширч, ажлын ачаалал их байгаагаас шалтгаалан ажлаасаа гарах тохиолдол их байна. Ингэснээр тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй болоод байна.
Шинээр төгссөн сувилагчид ажилд орохоор бараг ирдэггүй. Ирсэн нэг нь төд удалгүй ажлаасаа гардаг. Уг нь төрөөс төлбөрийн хөнгөлөлт үзүүлэн сувилагчаар сургаад байгаа л гэдэг. Ихэнх төгсөгчид ачаалал бага, цалин өндөр учир хувийн эмнэлгүүд рүү яваад байна. Төрөөс бодлогоор дэмжиж энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна” гэлээ.
"АЖЛЫН АЧААЛАЛ ХЭТ ИХ УЧИР АЖЛААСАА ГАРСАН"
Өнөөдөр Монгол улсад 13 мянга гаруй сувилагч ажиллаж байна. Тэд хувийн бизнес эхлүүлэх болон өөр мэргэжил шаардагдахгүй ажил хийдэг байна.
ГССҮТ-ийн сувилагч байсан иргэн З “Нэг сувилагч 40-50 хүнтэй ажиллаж байхад яаж чанар, бүтээмж байх вэ дээ. Цагтаа багтаагаад 50 хүнийхээ тариаг хийвэл их юм.
Бидэнд тавьдаг шаардлага нь ажлаа сайн хий гэдэг. Бид эргүүлээд ачаалал нэмэгдээд байна, нэмж ажилтан авъя гэх шаардлага тавьдаг. Ажлын ачаалал их, гэр бүлдээ гаргах цаг байхгүй. Бас хэт их ачаалалтай ажилласнаас болж бие өвддөг болсон. Ийм шалтгаанаар ажлаасаа гарсан” гэсэн юм.
СУВИЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР СУРАХ ОЮУТНЫ ЭХНИЙ ЖИЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС ДААДАГ
Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор сувилагч мэргэжлээр дээд боловсролын дипломын болон бакалаврын хөтөлбөрт элсэлтийн ерөнхий шалгалтдаа 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийг 100 хувь төрөөс олгоно гэж шийдвэрлэсэн. Тухайн оюутан суралцаж байх хугацаандаа 2.8-3 голчтой суралцвал 70 хувийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн.
Мөн сувилагч мэргэжилтний хэрэгцээ шаардлага, сургууль болон оюутнуудаас төлбөрийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг судлан төрийн бус өмчийн сургуульд суралцаж буй оюутанд мөн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарч байсан юм.
2023 ОНД 3001 ОЮУТАНД 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН
Бид энэ тухай Дээд боловсролын газраас тодруулахад “2023 онд 3001 оюутанд 6.5 тэрбум төгрөг сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр төсөвлөсөн байна.
Энэ мэргэжлээр эрэлт их байгаа учир нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор тэтгэлэгт хөтөлбөр бий болгосон. Сувилагч мэргэжлийн ачаалал их, цалин бага учраас мэргэжлээрээ ажиллахгүй байх тохиолдлол олон байдаг байх.
Одоогоор манай байгууллагад төгсөгчдийн мэдээлэл байхгүй байна. Статистик мэдээлэл одоо хийж байгаа” гэсэн юм.
Бэлтгэгдсэн ажлын байргүй байгаа сувилагчдадаа цалин, хангамжийг нь нэмээд, ачааллаа хэвийн болговол дутагдаад байгаа хүний нөөц нь Монголд уг нь байна. Дахиад шинэ сувилагч бэлтгэхэд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардана. Үнэгүй сувилагчид биш цалинтай, орлоготой сувилагчид хэрэгтэй байна хэмээн иргэд шүүмжилсэн юм.