Наадмын дараа намар. Намрыг дагаад ядуурал, инфляци, стресс.
Амарч зугаалж дууссан, ажилдаа хамцуй шамлан орж буй ард иргэд энэ намраас эхлээд амаргүй цаг хугацааг туулах нь.
ДАМПУУРЧ БОЛЗОШГҮЙ УЛСЫН ТООНД МОНГОЛ БАГТАВ
Энэ оны эхээр үнийн хөөрөгдөл 15 хувьтай байсан. Өнөөдөр улсын хэмжээнд 16, нийслэл хотод 16.9 хувьтай байна. Харин оны сүүлээр инфляци 20 хувьд хүрч магадгүй талаар эдийн засагчид анхааруулж буй. Эдийн засгийн энэ хүнд нөхцөл байдал энгийн иргэд болоод, эмзэг бүлгийнхэнд дарамт болно. Зургаадугаар сард өрөг.мн сайтын сурвалжлах баг, арван мянган төгрөгөөр нэг удаагийн хоол хийх материал авч хүрэхгүй байгааг сурвалжилсан. Ирэх намар, өвлөөс эдийн засаг одоогийнхоос ч илүү хүндэрч таарна. Учир нь иргэд ипотекийн зээлээ төлж эхлэх юм. Инфляцийн хувь өсөх тусам хоосон хонох өрхүүд олширно гэсэн үг. Хоол унд, хувцас хунар авдаг мөнгөө зээлэндээ өгөхөөр эдийн засагт эргэлдэх бэлэн мөнгө хумигдах нь тодорхой.
Манай улс өнөөдрийн байдлаар 33.2 тэрбум долларын гадаад өртэй. Үүнээс Засгийн газрын өр 8.4 тэрбум доллар байна. Тодруулбал, Монгол улсын нэг иргэн саяхан дампуурлаа зарласан Шри Ланкын иргэнээс дөрөв дахин их буюу, би ч, та ч 33 сая төгрөгийн өртэй болчхоод байгаа юм. ОУВС-аас Шри Ланкын араас орж болзошгүй улс орнуудын тоонд Монголыг нэрлээд буй. /ОУВС-гаас Азийн улс орнуудын өр өсөн нэмэгдэж, эргүүлэн төлөх боломж хумигдаж байгаад санаа зовсон байр суурь илэрхийлжээ. Лаос, Мьянмар, Мальдив, Папуа Шинэ Гвиней, Монгол зэрэг улс орны нэр дурьдагдсанаас Лаос, Монгол хоёрыг хамгийн хүнд байдалтай нь гэж тодотгосон байв/
Эдийн засгийн энэ хүнд нөхцөл байдлыг Хөгжлийн банкны асуудалтай холбохоос аргагүй. Саяхан Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит компаниудын болох “Бэрэн”, “Эрэл”, “Нью яармаг хаусинг прожек” компанийн өр төлөгдөөгүй байгааг Сангийн яам мэдээлсэн. Нийтдээ 1.6 их наядын чанаргүй зээлээс 500 гаруй тэрбумын эргэн төлөлт хийгдсэн байна.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулын мэдээлснээр, 2023 онд төлөх олон улсын төлбөр тооцоогоо төлж чадахгүйд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл Монгол улс саяхныг хүртэл Шри Ланкын адил дампуурлаа зарлахад тулаад байв. Эргэн төлөгдсөн 500 тэрбум бидэнд нэг удаадаа амьсгаа авах боломж өгсөн. Цаашид, үлдсэн зээл төлөгдөхгүй үргэлжилбэл бид Шри Ланкын шийрийг залгах болно.
ЭРТ БАЯРЛАХ ХЭРЭГГҮЙ, ЭРГЭЭД МАСКАА ЗҮҮХ НЬ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тавдугаар давлагаа эхэлснийг мэдээлэв. Энэ нь коронавирусийн халдвар намжлаа гэж маскаа тайлан наадамласан ард түмнийг эрт баярлах хэрэггүй гэсэн дохио болов.
Сүүлийн үед тархалт өндөр гэгдээд буй Омикрон хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж байгаа. Мөн өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, 10 орчим хувьд тархаж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо, эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, шинжилгээнд эерэг эзлэх хувь 5.7 хувь болж өссөн байна. Ингээд 5-11 насныхныг өчигдрөөс вакцинжуулж эхэлсэн. Эрүүл мэндийн сайдын ерөнхий зөвлөх О.Батбаяр мэдээлэхдээ, хичээл сургууль орохтой зэрэгцэн вирусийн тархалт ихэснэ. Тиймдээ ч хүүхдүүдийг вакцинд хамруулж буйг хэлсэн. Гэсэн ч манай улс дахин хөл хорио тавихгүйг онцолсон юм.
ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ
Дээр дурдсанчлан эмнэлгийн ачаалал нэмэгдэж буй. Өнөөдрийн байдлаар өрх, дүүрэг, улсын аль ч эмнэлэг асрагч, сувилагчийн, өөрөөр хэлбэл хүний нөөцийн дутагдалтай байгааг ярьж байна. Нэмээд эмнэлгийн орны асуудал. Ковид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидний мэдэхгүй тоглоом байсан. Үүнд бүдэрч болно. Харин хоёр жилийн турш энэ вирусээс үүдсэн горыг бид амссан, туулсан. Туршлагатай болсон гэсэн үг. Гэсэн ч эдгээр асуудал үргэлжилсээр байгаа нь ямар ч тогтолцоогүй эрүүл мэндийн салбарын байдлыг тод харуулж байна. Үүнд иргэд бидний зүгээс хийж чадах зүйл бол өөрсдийгөө болон эргэн тойрны хүмүүсээ энэ өвчлөлөөс хамгаалах явдал юм.
“ЮУН ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ”
Хугацаа нь дууссан 532 автобусаараа их хотын түгжрэлд хамаг цагаа үрсэн завгүй, сандарсан, цухалдсан, стрессээр хооллосон өдрүүд эхэлж байна. Түгжрэлийн асуудал байх ёстой мэтээр бидний тархинд кодлогдчихсон. Өөрөөр хэлбэл бид хууртахаа болиод эвлэрдэг болсон. Метро, агаарын дүүжин тээвэр ярьсан үе үеийн хотын дарга нар метротойгоо, агаарын дүүжин тээвэртэйгээ замхардаг жишээг бид мэднэ. Харин одоо хөнгөн галт тэрэг яригдаж байна. Ажилладаггүй ажлын хэсэг байгуулаад л орхичихсон. Ингэж хэлж буйгийн учир иргэд энэ талаар ямар ч мэдээлэлгүй, бидэнд хэн ч мэдээлэл өгөөгүй. Нэг эхлүүлсэн ажлынхаа эцсийг нь үздэг, үр дүн гаргадаг л баймаар байна.
АЧ ХОЛБОГДОЛГҮЙ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАЛТ
Зам гэснээс АИ-92 бензиний үнэ энэ оныг дуустал л тогтвортой байна. Үүнээс цааш нэмэгдэнэ гэсэн үг. Угаас хүчээр барьсан үнэ дунд, урт хугацаандаа хүнд нөхцлийг л бий болгоно. АИ-92-ийн үнийг хэсэг хугацаанд тогтвортой байлгалаа гээд нэмэргүй. Хэрэглээний авто машины хувьд АИ-92 хэрэглэдэг ч гэсэн яг импортыг харахаар АИ-95 шатахуун Монгол улсад стратегийн хувьд өндөр ач холбогдолтой байна. Өнгөрсөн онд АИ-92 шатахуунаас хоёр дахин илүү АИ-95 импортлолжээ.
Харин дизель түлш манай аж үйлдвэрлэл, орон нутаг, мал аж ахуй, газар тариалан эрхлэдэг аймгуудад хэрэгтэй байгаа юм. Техник технологи үйлдвэрүүдэд ч мөн хэрэгтэй. Тийм ч утгаараа маш их хэмжээгээр импортлож оруулж ирж байгаа. Үүнээс харахад Аи-92 шатахууны үнэ барих нь тийм ч ач холбогдолтой зүйл биш.