Манай улсад умайн хүзүүyний хорт хавдрын өвчлөл нас баралтын шалтгааны эхний тавд орж байна. Хорт хавдартай 12 эмэгтэй тутмын нэг нь умайн хүзүүний хорт хавдраар өвчилж буйг ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү хэллээ.
Бид энэ өвчлөлийн суурь шалтгаан юу болох, үүнийг таслан зогсоох ямар арга зам байгаа талаар түүнээс тодрууллаа.
-Умайн хүзүүний хорт хавдар нас баралтын тоогоор тэргүүлж байна гэхэд хилсдэхээргүй нөхцөлтэй байгаа юм байна. Жилдээ хэдэн эмэгтэй шинээр өвчилж байна вэ?
-Жилдээ 400 эмэгтэй энэ өвчлөлөөр өвдөж Байгаа юм. Нийт хорт хавдрын 73 хувийг урьдчилан сэргийлэх боломжтой. Дэлхийд өвчлөлөөрөө болон нас баралтаараа харьцуулаад үзэхэд манайх дээгүүрт жагсана. Зүүн Ази дундаа өвчлөл хорт хавдраараа тэргүүлэх эгнээнд багтаад байна. Энэ бол дэлхийн эрүүл мэндийн санд бүртгэлтэй судалгааны дүн.
-Энэ төрлийн хорт хавдар үүсэх суурь шалтгаан нь юу вэ?
-Умайн хүзүүний хорт хавдрын гол үүсгэвэр нь хүний хөхөнцөр вирус байдаг. Энэ вирус байхгүй болчихвол умайн хүзүүний хорт хавдрын 96 хувь нь байхгүй болно. Бид энэ вирусийн эсрэг вакцинжуулалт хийх хэрэгтэй. 2011 онд мянганы сорилын сангийн тусламжтайгаар умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг нэвтрүүлэх гэж оролдсон. Харамсалтай нь амжилтад хүрээгүй. Тухайн үед буруу ойлголт их байсан. Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан мэдээллээс илүү вакцины эсрэг худал мэдээлэл давамгайлж байсан юм. Манай эрүүл мэндийн салбар ч тэр үед сайн нотолгоо гаргаж чадаагүй.
-Үүнээс болж бид юу алдсан бэ?
-Тэр үед бидний хийх гэж байсан вакциныг тарьж эхэлсэн улс орнууд хавдрын тоо болон түүнээс хамаарсан нас баралтыг бууруулж чадсан. Жишээ нь Австрали улс. Энэ орон 2-3 жилийн дараа умайн хүзүүний хорт хавдаргүй улс гэдгээ зарлах гэж байна. Гэхдээ зөвхөн охидыг биш хөвгүүдээ вакцинжуулсан. Хавдрын шалтгаан вирус ихэнхдээ бэлгийн замаар дамждаг. Өөрөөр хэлбэл хөвгүүд дамжуулагч болдог гэсэн үг. Хөвгүүд өөрсдөө бараг өвчилдөггүй. 7-8 хувь нь шодойн хавдар болдог.
-Хөхөнцөр вирусээр дамжсан энэ хавдар хэдий хугацаандаа илэрдэг вэ?
-Хүн арав гаруй насандаа бэлгийн харьцаанд орлоо гэж бодоход, энэ үеэс халдвар авна. Ингээд цааш арван жил нууц үедээ явна. Ойролцоогоор 30 насанд анхны шинж тэмдгүүд умайн хүзүүн дээр илэрнэ. Шархлах зэрэг байдлаар гэсэн үг. Түүнээс өмнө ямар нэг шинжилгээ аваад хэрэг байхгүй. Ирт илрүүлбэл тасалж чадна. Үгүй цааш бусад эрхтэндээ тархана.
-2011 онд амжилт олоогүйг хэлж байна. Тэгвэл одоо бид юу хийх боломжтой вэ?
-2021 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар хавдрын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулсан юм. Түүний дагуу сайн дурын дархлаажуулалт, дараагаар нь хуульдаа оруулж товлолт хэлбэрээр умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг хүлээн зөвшөөрүүлэх ёстой.