“Нью гарден” хотхоны оршин суугчид хар цай шиг өнгөтэй, зэвтэй ус хэрэглээд жил тойрчээ. Хотхоны зарим айл өрхүүд шүүлтүүр хэрэглэж байгаа ч, бохирдол их байгаа учир санхүүгийн хувьд дарамт болж буйг хэлэв. Харин зарим нь усанд орох нь битгий хэл, аяга тавгаа ч угааж чадахгүй харшил өгч, эрүүл мэндээрээ хохироод байна.
Энэ талаар хотхоны оршин суугчид ярихдаа,
- Бүтэн жилийн хугацаанд усанд орохоос эхлээд хүндрэлтэй асуудал их байна. Аяга тавгаа угаахад хүртэл арьс хуурайшиж, алга харлаж байгаа. Байнга ус худалдаж авч хэрэглэх нь өнөөгийн нийгэмд бас л хүнд ачаа болно. Долоо хоногт гурван удаа хүүхдээ усанд оруулах гээд ус гоожуулж үздэг. Ингээд дэмий их усны зардал гарч байгаа юм. Бид байгаа хөрөнгөөрөө тухтай амьдрах гэж байр худалдаж авсан. Гэтэл эрүүл аюулгүй амьдрах нөхцөл байхгүй байгаад бухимдалтай байна.
- Манайх усны шүүлтүүр авсан. Бохирдол ихтэй учраас шүүлтүүр маань зэвээр маш хурдан дүүрчихдэг. Ундны усанд гэхэд тусгай дөрвөн шүүлтүүр байгаа юм. Шүүлтүүр тавиагүй айлууд шууд л усаа ууж байгаа шүү дээ. Шүүлтүүр нэг нь л 40-50 мянган төгрөг. Улиралдаа 200 мянган төгрөг зарлагадаж байна. Үүгээр зогсохгүй гараж руу их хэмжээний ус алдана. Зэвтэй ус ч гардаг. Чанарын хувьд байшин ийм байгаа нь гүйцэтгэгч “Монгол угсаа” компани ямар болохыг харуулж байна.
ХООЛОЙГОО ЦЭВЭРЛҮҮЛСЭН Ч ЗЭВТЭЙ УС ГАРСААР БАЙНА
Бид энэ асуудалтай холбогдуулан хотхоны СӨХ-ны дарга Ю.Энхчимэгээс ямар арга хэмжээ авч байгаа, гүйцэтгэгч байгууллагад хандсан эсэх талаар тодруулахад,
“Оршин суугчдаасаа гарын үсэг цуглуулаад НМХГ, Ус сувгийн удирдах газар тэргүүтэй 11 байгууллагад хандсан. “Монгол угсаа” компанид ч асуудлыг хэлсэн. Компани салбарлаад “Арга мэргэн” гэх контор бий болсон. Энэ асуудлыг бүгдийг нь мэдэж байгаа. Ойр орчимд нийтээрээ ийм байгаа. Шинжилгээний хариу гарахаар ямар арга хэмжээ авах нь тодорхой болно. Компанийн зүгээс сар бүр ирж хоолойг цэвэрлэдэг боловч зэвтэй ус гарч буй энэ байдал зогсохгүй байна” гэлээ.
Шинээр баригдсан, өөрөөр хэлбэл ашиглалтад ороод арван жил болоогүй бол барилгад үүссэн асуудлыг барилгын компани хуулиараа хариуцах ёстой. Иймд бид “Монгол угсаа” гүйцэтгэгч компанийн мэргэжилтэнтэй холбогдож, эрүүл мэнд, эд хөрөнгө, санхүүгээрээ хохироод байгаа оршин суугчдад тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх талаар тодруулахад, хариулт өгөлгүй утсаа таслав.
ЗАХИАЛАГЧ, ГҮЙЦЭТГЭГЧ НАРЫН БУЛХАЙТАЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ИРГЭД ХОХИРЧ БАЙНА
НМХГ-т зэвтэй усны асуудлаар, давхардсан тоогоор 300-400 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Дийлэнх гомдол мэдээлэл ХУД-ийн шинэ орон сууцнуудын иргэдээс иржээ.
Эдгээр асуудлыг зохицуулахаар зургадугаар сарын 21-нээс ажлын хэсэг байгуулсан талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн мэдээллээ.
Тэрбээр, “Зэвтэй усны асуудал маш хүндрэлтэй байна. Дандаа шинэ барилгууд дээр гарч байна. Цэвэрлүүлээд байхад зэвтэй ус гараад байх юм. Тиймээс бид нэг хоёр орон сууцны галыг унтраах зорилгоор биш зэвтэй ус гараад байгаа учир шалтгааныг нийтэд нь олохоор ажиллаж байна.
2010 оноос хойш, захиалагч өөрөө дотоод асуудлаа хариуцна гэдэг хууль гарснаас хойш баригдсан барилгууд дээр ийм асуудал үүсээд байгаа юм. Эзэн нь өөрөө захиалагч болоод, гүйцэтгэгч нь өөрийнх нь компани байж байдаг. Эзэн гүйцэтгэгч хоёр хоорондоо цаас үйлдээд техникийн компани ажилласан мэтээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний үр дүнд зэвтэй ус гарч иргэд хохироод байгаа юм” гэв.