ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны импортын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг. Газрын тосны үнийн өсөлт, импортын хилийн үнэ болон ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор А-80 шатахууны дундаж өртөг 3758 төгрөг, Аи-95 бензиний дундаж өртөг 4145 төгрөг, харин дизель түлшний дундаж өртөг 4116 төгрөгт хүрч нэмэгдсэн байна.
УУХҮЯ-наас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор ОХУ-ын “Роснефть” компанитай хэлцэл хийж, энэ оны дөрөв, тав, зургаадугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн Аи-92 бензиний хилийн үнийг тонн тутамд 840 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр дөрөвдүгээр сараас литр тутмын өртөг 3325 төгрөгт хүрэх тооцоололтой байсан Аи-92 бензиний жижиглэн борлуулалтын үнийг 2390 төгрөг болгож тогтворжуулаад байна.
Бензиний үнийг тогтвортой байлгах нь дунд болон урт хугацаандаа манай эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эрсдлийн шинжээч Г.Оюунтунгалагаас тодрууллаа.
Тэрбээр, “Бензиний үнийн өсөлт нь зөвхөн энэ жилээс ч биш өмнө жил ч өсөх бүрэн боломжтой байсан. Монгол улсын хувьд үнэ тогтворжуулах бодлогыг стратегийн хувьд баримталсан юм. Үнэ тогтворжуулахын сөрөг нөлөө дунд хугацаандаа гарч ирж буйг өнөөгийн нөхцлөөс харж болно.
Хоёрдугаарт дэлхий даяар бензиний үнэ Украйн ОХУ-ын дайны нөлөөгөөр өссөн. АИ-92 бензиний үнийг тогтворжуулж байна гэсэн мэдээллийг өгч байгаа боловч асуудал шийдвэрлэгдэхгүй.
Монгол улсын хувд хэрэглээний авто машины хувьд АИ-92 хэрэглэдэг ч гэсэн яг импортыг харахаар АИ-95 шатахуун Монгол улсад стратегийн хувьд өндөр ач холбогдолтой. Өнгөрсөн онд АИ-92 шатахуунаас хоёр дахин илүү АИ-95 импортлолсон байна.
Дизель түлж нь хаана хэрэгтэй болж байгаа гэхээр манай аж үйлдвэрлэл, орон нутаг, мал аж ахуй, газар тариалан эрхлэдэг аймгуудад ч мөн хэрэгтэй байгаа юм. Техник технологи үйлдвэрүүдэд ч мөн хэрэгтэй. Тийм ч утгаараа маш их хэмжээгээр импортлож оруулж ирж байгаа. Үүнээс харахад Аи-92 шатахууны үнэ барих нь тийм ч ач холбогдолтой зүйл биш.
Ер нь үнэ тогтворжуулах бодлого амжилт олдоггүй гэдгийг бензиний үнэ болон бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс харж болно. Эсрэгээрээ хатуу ч гэсэн үнийг илүү сул тавиад , нөгөө талд иргэдийн гар дээрх мөнгийг яаж нэмэгдүүлэх үү. Яаж гадна доллартай холбох уу гэсэн илүү инфляцитай уяалдсан орлоготой болох асуудал дээр анхаарвал хэрэгтэй юм болов уу гэж харж байна” гэлээ.