Хүнсний ногооны үнэ өсөж байгаа энэ үед иргэд өөрсдийн хашаандаа хүлэмж байгуулж, ногоо тарьж, өрхийн хэрэглээгээ хангах боломж байна.
СХД-ийн долоодугаар хорооны иргэн М.Батчулуунынх хашаандаа есөн төрлийн хүнсний ногоо тарьж, өрхийн хэрэглээгээ бүрэн хангадаг байна. Тэрбээр тэтгэвэрт гарснаасаа хойш ногоо тариалж байгаа аж.
-Та ямар ямар ногоо тарьж байна вэ?
-Одоо лууван, хүрэн манжин, зэрлэг сонгино, помидор, чинжүү, огурци тарьж байна. Мөн сүүлийн жилүүдэд чацаргана, бөөрөлзгөнө, тарвас зэрэг жимс тарьж эхэлсэн.
-Нарийн ногоо тарихад юунд анхаарах вэ?
Нарийн ногоо тарихад газар шороо сайхан байх хэрэгтэй. Хөрсөө сайн бэлдэж, арчлах нь чухал. Бас үрээ зөв сонгох хэрэгтэй. Манайх борооны усаар ногоогоо усалдаг. Дөрвөн газар ус тосдог. Борооны усыг алдаж болохгүй. Ус гэдэг нандин шүү дээ. Хамгийн чухал зүйл ус.
-Хашаандаа ногоо тарихын тулд юунд анхаарах ёстой вэ? Хэрхэн эхлэх вэ?
-Хамгийн түрүүнд газраа зөв сонгоод, боловсруулах хэрэгтэй. Ямар ч газар байж болно. Хадтай газар ч хүлэмж бариад, хөрсийг нь бэлдээд ногоо тарьж болно.
-Хүн бүр гэртээ өөрийн хэрэгцээний ногоог хангах боломжтой юу?
-Боломжтой. Манайхан залхуу нь дэндсэн байна. Халамж нь ихэдсэн байна. Хүн бүр хөдлөх хэрэгтэй. Ажил хийх ямар сайхан билээ дээ.
-Баярлалаа.
Ташрамд дурдахад энэ айл мөн туулай тэжээдэг бөгөөд туулайныхаа хэвтрийг хатааж, хадгалаад ногооныхоо бордоо болгон ашиглаж буй юм.