Бид энэ удаад СХД-ийн хүүхэд, гэр бүл, залуучуудын хэлтэст байрлах, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ярилцахаар тохижуулсан, жишиг өрөөг онцолж байна. Өрөөг хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн сэтгэл санааг тайвшруулах, байцаалт өгөхөд сэтгэл зүйг нь бэлдэх зорилгоор, сэтгэл зүйч болон нийгмийн ажилтантай ярилцахад зориулан тохижуулжээ.
Энэ талаар дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Золжаргалаас тодрууллаа.
-Гэрч, хохирогчоос мэдүүлэг авах өрөөг анх яагаад тохижуулах болсон бэ? Тохижуулах болсон шалтгаан нь юу вэ?
-Нийслэлийн хэмжээнд, маш олон хүүхэд гэмт хэргийн гэрч, хохирогч болж, гэмт хэрэгт өртөж байдаг. Энэ хүүхдүүд цагдаагийн байгууллагад ороод, асуудлыг нэг ярихаараа маргааш нь мэдүүлгээсээ буцах, цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагчийг хараад, айж эмээх тохиолдол бишгүй гардаг. Магадгүй хүчирхийллийн хүнд хэлбэр болох бие махбод, бэлгийн хүчирхийлэл байвал эрэгтэй, эмэгтэй албан хаагчдыг хараад айж, сандрах зэрэг асуудал тулгардаг юм.
Цагдаагийн байгууллагад ороод хүүхдийн айж, сандарсан анхны сэтгэл зүйг нь дарах үүднээс гэрч хохирогчоос мэдүүлэг авах өрөө маш хэрэгтэй, шаардлагатай байсан. Энэ өрөө нь нийслэлийн есөн дүүрэгтээ жишиг болохуйц анх бий болж байгаа учраас ийм өрөөтэй болсонд маш их баяртай байна.
-Танай дүүрэгт жилд ойролцоогоор хүчирхийлэлд өртсөн хэчнээн хүүхэд бүртгэгддэг вэ?
-Хагас жилинй байдлаар 188 гэрч, хохирогч хүүхдэд хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Үүний 32 нь бэлгийн хүчирхийлэл гэсэн тоон мэдээ байна. Нэгдүгээр улирлын байдлаар шүү дээ. Бид өмнө нь цагдаагийн байгууллага дээр очоод, хүүхдүүдтэй уулзаад ярилцъя гэхэд тэр бүр өрөө байдаггүй. Бидэнд мэдүүлэг авах өрөөгөө суллаж өгдөг хэдий ч ярих орчин нөхцөл бүрддэггүй байсан. Эхлээд сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд очиж хүүхэдтэй ярилцаад, болсон процесс, он, сар, өдөр, цагийг мэднэ. Хүүхдийн ярих чадварыг хөгжүүлж байгаад байцаалт авбал хэрэг шийдвэрлэгдэхдээ хурдан, үр дүнгээ үзүүлдэг.
–Энэ өрөөг тохижуулснаар ямар үр дүн гарна гэж харж байгаа вэ?
-Бид өмнө нь хүүхдүүдийг цагдаагийн байгууллагад очиж, мэдүүлэг, байцаалт өгөх, хэрэг шийдвэрлэгдэх хүртэл зарим үед хоёроос гурван удаагийн мэдүүлэг авах тохиолдол байдаг. Энэ үед хүүхэд голоосоо ийм зүйл байхгүй гэх, залхах, төвөгшөөх үйлдэл маш их харагддаг. Энэ өрөөтэй болсноор байцаалт аваагүй үед ч энэ өрөөнд тухайн хүүхэдтэй цаг товлож байгаад уулзаад, ярилцлагаа илүү үр дүнтэй болгож, сэтгэл зүйн анхан шатны зөвөлгөө өгөх маш том боломж бүрдэж байгаа.
Бэлгийн хүчирхийлэлд нэг зүйл анзаарагддаг нь хүүхэд болсон үйл явдлыг цаг, он, сарыг эхний үед санаж ярьж байгаа ч дараагийн удаа, би тэгсэн билүү, ингэсэн билүү гэхээр хэрэг шүүхэд очоод, буцаад задардаг. Энэ нь үргэлжилбэл 2-3 жил болдог. Тухайн хүүхэд болсон үйл явдлыг 2-3 жилийн турш ярих тусмаа сэтгэлзүйд нь гэмтэл учирсаар байдаг. Энэ өрөөнд анхан шатны ярилцлага хийх давуу тал нь энд болсон үйл явц эндээ л дуусна. Цагдаагийн албан хаагч энд ирэхдээ энгийн хувцастай ирж байцаалт авах ёстой. Энгийн хувцастай хүн хараад хүүхэд арай өөр. Насанд хүрсэн хүн хүртэл цагдаагийн албан хаагчийн хувцас эсвэл цагдаагийн маяакны чимээг сонсоод жийрхдэг. Энэ нь хүүхдэд бас маш томоор, хүндээр нөлөөлдөг.