Дэлхий нийтийг нөмөрсөн үнийн өсөлтөөс шалтгаалсан хямрал манай улсад ч хүчтэй нөлөөлж байна. Ийм үед бид улсын төсвийн орлогоо хэрхэн тасалдуулалгүй, гал алдахгүй байх вэ гэдэгт анхаарах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Зэсийн үнэ огцом унасан нь уул уурхайгаас хараат эдийн засагтай манай улсад хүндээр тусах нь улам бүр л ойлгомжтой болж ирлээ. Бид төсвийн нийт орлогынхоо 30 хувийг уул уурхайгаас олно. Гэвч…
36 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОХООР ТӨЛӨВЛӨСӨН Ч…
2022 оны улсын төсвийг батлахдаа энэ онд нийт 36,7 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. Ингэхдээ 1 тонн нүүрсийг 128 ам.доллараар борлуулна гэж тооцоолжээ. Энэ бол түүхэнд байгаагүй хамгийн өндөр дүн. Цар тахалтай нүүр тулсан 2021 онд 20 сая тонн нүүрс экспортолж чадаагүй манай улс ийм их хэмжээний нүүрс экспортлохоор тооцсон нь үнэхээр эрсдэлтэй алхам гэдгийг эдийн засагчид анхааруулж буй. Учир нь, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улс дөнгөж 3 сая тонн нүүрс экспортолж, хил гаалийн асуудлаа ч цэгцэлж чадаагүй байсан. Өнөөдөр ч зорилтынхоо 30 хувьд ч хүрч амжаагүй л байна. Таг чиг хаачихсан байсан үеэ тооцвол хилээр гарах автомашины тоо харьцангуй нэмэгдсэн ч бид 30 сая тонн давсан нүүрс экспортолж амжихгүй нь тодорхой болоод байна. Хууль зүйн сайд тээврийн гацааг арилгах ажлын хэсгийг ахалж Өмнөговь аймагт ажиллахдаа “Цар тахлын дэглэмээ сайтар баримталж, яаралтай нүүрс экспортыг нэмэгдүүлэхгүй бол хүнд байдалд орлоо. Хэрэв уул уурхайн орлого тасалдвал ирээдүйн өв сангийн орлого тасарна. Энэ орлого үгүй бол хүүхдийн мөнгөө олгож чадахгүй” хэмээн мэдэгдэж байв. Хамгийн сүүлд буюу ҮСХ-ноос өнгөрсөн сард зарласан мэдээллээр, оны эхний 5 сарын байдлаар 5,7 сая тонн нүүрс экспортлоод байна.
ЗЭСИЙН ҮНЭ УНАЖ, ХЯМРАЛЫН ХҮЧТЭЙ ДОХИО ИРЭВ
Манай улс энэ онд 1,2 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор тооцоолсон. Тонн тутмыг нь 8915 ам.доллараар борлуулж, нийт 958 тэрбум төгрөгийг зэсийн баяжмалаас олохоор төлөвлөсөн. Тодруулбал, энэ оны төсөвт нийт 2,1 их наяд төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого болгон олохоор төсөвт тусгасан. Бараг тэн хагасыг нь зэсийн экспортоос бүрдүүлэхээр Сангийн яам тооцоолжээ. Гэвч зэсийн экспортын орлого нүүрстэй нэгэн адил бодит эрсдэлтэй тулж ирээд байна. Учир нь, сүүлийн өдрүүдэд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасаар байна. Тодруулбал, зэсийн үнэ оны эхнээс 30 орчим хувиар буурч, 7000-д хүрээд байна. Энэ байдлаас үүдэж, зэсийн экспортоос орж ирэх орлого огцом унах эрсдэл тулж ирлээ.
ХЭТ ӨӨДРӨГ ТӨСӨВ БАТАЛСНЫ ГОРЫГ АМСАЖ БАЙНА
Манай улс улсын төсвийн нийт орлогынхоо гуравны нэг буюу 4 их наяд төгрөгийг уул уурхайн салбараасаа олохоор төлөвлөсөн. Гэвч цар тахлаас шалтгаалсан хил гаалийн гацаа зэргээс болж, энэ зорилтдоо хүрч чадахгүй нь тодорхой боллоо гэж эдийн засагчид анхааруулж байна. Уг нь, 2022 оны төсвийг УИХ-аар хэлэлцэх үеэр эдийн засагчид болон УИХ-ын зарим гишүүн хэт үрэлгэн, өөдрөг төсвийг баталж болохгүй хэмээн шүүмжилж байв. Өнгөрсөн хавар төсөвт тодотгол хийж, зарим төрлийн үргүй зардал, хөшөө барих мөнгө зэргийг танаж хассан ч энэ нь бас л хангалтгүй гэдэг нь энэ өдрүүдэд тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, хил гаалийн гацаанаас гадна, урьдчилан тааварлаагүй дэлхийн зах зээлийн уналт нь ийнхүү төсвөө дахин нэг эргэн харах шаардлагыг бий болгож байна.
Манай улс нүүрстэй ч түүнийгээ овоолоод орхичихсон хүндхэн дүр зурагтай хүнд үеийг даван туулж байна. Экспортын гол гарц Гашуунсухайт боомтоор өмнө нь нүүрс тээвэрлэсэн 1200 автомашин БНХАУ руу нэвтэрдэг байсан бол одоо 300 орчим тээврийн хэрэгсэл нүүрс ачин гарч байна. Тээвэрлэлтийн хэмжээ нь энгийн үеийнхээс дөрөв дахин буурчихсан энэ үед хэт өөдрөг төсөөлөлтэй хол явахад бэрх. Тиймээс дахин бүсээ танаж, олж чадахгүй орлогоо хасаж тооцож, хөрсөн дээр буусан тооцолол хийх цаг ирээд байна.
Дэлхий даяар цар тахлын дараагийн давлагаа эхэлж буй тухай зарлаж эхэллээ. Манай улсад ч сэрэмжлүүлэг өгч эхлэв. Энэ нь БНХАУ дахин цар тахлын дэглэмээ чангатгах, улмаар манай улсыг Эрсдэлтэй бүс гэж үзэн, нэг л өдөр хилийн хаалга барьж магадгүй байдал руу түлхэж байна. Учир нь, аль аль талдаа халдвар намжаад байх үед ч Хятадын тал нүүрсний машины гадаргуугаас вирус илэрч байна хэмээн үүдээ барьж, чангалсаар ирснийг бид санаж, тооцоотой хөдлөх цаг тулсныг шинжээчид сануулж байна.
Энэ хямрал зөвхөн Монголынх бус, дэлхий нийтийн асуудал тул илүү ухаалгаар даван туулж, төсвийн зарлагаа танаж, орлогоо орлуулах боломжийг судлах цаг ийнхүү тулж ирээд байна.