Бид Хөрөг нэвтрүүлгийнхээ нэ удаагийн дугаар “Намнаа” академийг үүсгэн байгуулагч, морьт харваач Н.Алтанхуягийг онцолж байна. 2011 оноос үндэсний уламжлал үүх түүхээ судлах ажилд хүчин зүтгэсэн тэр өнөөдөр үндэсний спортоо түгээн дэлгэрүүлэхээр зорьж буй. Бид түүнтэй монгол хүний үнэт зүйл хийгээд харваа ба намнааны ач холбогдол, уламжлалын талаар ярилцлаа.
-Сайн байна уу? манай нэвтрүүлэгт зочноор оролцож буй танд баярлалаа. Өөрийгөө уншагчдад танилцуулаач?
-Намайг Нэргүй овогтой Алтанхуяг гэдэг. Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж өссөн. Бага нас маань хөдөө буурай ээж дээрээ мал маллаж өнгөрсөн. 2011 онд би МУИС-ийн философи, шашин судлалын ангийг дүүргэсэн юм. Төгссөнөөсөө хойш одоог хүртэл судалгааны ажил хийж байгаа. Монголын харваа, намнаа, морьт харвааны түүх, эртний монголчуудын цэрэг дайны урлагийг судалж, тэр дундаа харваа намнааны хөгжлийг дэлгэрүүлэх үйлсэд зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байна.
-Таны төгссөн мэргэжил одоо хийж байгаа үйл хэрэг тань хэр зөрүүтэй байна вэ?
-Зөрүүтэй зүйл байхгүй гэж боддог. Философи судална гэдэг, цаад агуулга нь ямар учиртайг гүн ухаж хардаг гэсэн үг. Би өөрөө бие хамгаалах урлагаар хичээллэдэг байсан. Гадагшаа маш олон орноор бэлтгэл сургуулилт хийж явж байсан. Надаас асуудаг л даа. Танай үндэсний уламжлалт спорт чинь юу юм бэ? Ялгарах зүйл чинь юу вэ? Та нар гаднаасаа яг л Хятадуудтай адилхан байна. Монгол орон ямар онцлогтой вэ? гэж их асуудаг байсан. Тиймээс энэ зүйлийг Монголд бий болгож болох юм байна гэдэг үүднээс Монголын эртний тулааны урлагуудыг судалж эхэлсэн байгаа. Түүний нэг нь харваа ба намнаа юм.
-Харваа, намнаа гээд өөр утгыг агуулж байна уу?
-Харваа гэдэг нь газраас, намнаа нь морин дээрээс харвахыг хэлж байгаа юм. Энэ бол манай Монголчуудын язгуурын байлдааны урлаг, мөн тулааны урлаг. Орчин үед энэ маань слорт болон хөгжиж байгаа.
-Үндэсний спортоо түгээн дэлгэрүүлэх ач холбогдлыг та юу гэж хардаг вэ?
-Японд бол каратэ, жүдо, жию жицу байдаг. Эдгээр нь орчин үеийн хүүхэд залуучуудаа хүмүүжүүлэх, ёс зүйтэй, зөв үзэл баримтлалтай болгох, уламжлалт соёлоо дээдэлдэг, хүндэлдэг болгохын тулд өв соёлоо Япондоо дэлгэрүүлж авч явж буй хэрэг. Монголд өв соёлоо зарчимтай хөгжүүлэх байдал нь бусад орон, Японыг бодвол маш бага байсан юм уу даа гэж хардаг. Тиймээс тэр хэмжээнд хөгжүүлэхийн төлөө явдаг. Морьт харваагаа хөгжүүлж байна гэсэн үг.
-Танай академийн дүрэмт хувцас их сонирхол татлаа. Энэ талаараа яриач?
-Өнөөдөр залуучууд морь унахгүй, монгол өв соёлоосоо холдож байгаа. Дээл хувцсаа өмсөхөө байж байгаа.
Би судалгаагаа дээлнээс эхэлсэн л дээ. Яг миний өмсөж байгаа хувцас манай монгол болон тал нутаг руу ирж байсан нүүдэлчдийн дээл. Тэр утгаараа археологийн олдвор дээрээс эртний монгол дээл хувцсыг сэргээж хийж нутагшуулсан байгаа. Магадгүй 1000 жилийн өмнө хэрэглэж байсан хувцас, эд хэрэглэл байгаад байна шүү дээ. Жинхэнэ эртнийхээ зүйлийг өмсөхөд Монгол хүн их хойрго ханддаг. Тиймээс би үүнийг хүчээр “Намнаа” академийнхаа дүрэмт хувцас болгож чадсан.
-Санхүүгийн хувьд амаргүй байх тийм үү?
-Эдгээр зүйлийг хийхэд мэдээж санхүүгийн хувьд хүнд хэцүү. Гэвч миний хүсэл сонирхол, эртний урлагийг дэлгэрүүлэх зорилго тэмүүлэл дотор маань байдаг учраас би санхүүгийн байдал дээр өөрөө шүд зуугаад л явж байна.
“Гоё үнэтэй пүүз авах уу” гэж байгаад л “больё, больё, эртний гоё монгол гутлаа сэргээгээд хийчихье” гээд л. Энэ нь юу гэхээр, бид өв соёлоо мартаж болохгүй, хүндэтгэж буй хэлбэр. Иж бүрэн байх ёстой шүү дээ.
-Залуус тэр бүр үндэсний спорт сонирхдоггүй байх. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Гаднынхан ирээд жинхэнэ монгол харваа, намнааны эд хэрэгсэл, жинхэнэ монгол нум, монгол дээл ямар байдгийг мэддэг. Биднээс илүү мэддэг. Гэтэл тэдгээрийг бид хэрэглэхгүй байвал, энэ нь миний хувьд ичгэвтэр зүйл. Бид өнөөдөр NBA-ийг маш сайн мэддэг. Өөрийнхөө үндэсний спортыг мэдэхгүйгээр, бусдад бахархалтай байдлаа харуулж чадахгүйгээр, бусдын зүйл рүү хошуураад байх нь зөв үү үгүй юу гэдгээ бодоод үзэх хэрэгтэй.
-Намнаа академи хэзээ үүсгэн байгуулагдсан бэ?
-“Намнаа” академи 2018 онд байгуулагдсан. Энэ хугацаанд бид 300 гаруй хүнд сургалтаа явуулсан. Үүнээс 50 гаруй нь “Намнаа” академийн тамирчнаар үлдсэн. Түүнээс өмнө эртний түүхэн зураг, археологийн олдвор, хаана ямар байдалтайгаар өв соёл маань хадгалагдаж байна гэх зэргээр судалсан. Өнгөрсөн арван жилийн судалгаагаа багцлаад “Монгол харваа, намнаа” гэдэг ном гаргасан байгаа.
-Номынхоо талаар дэлгэрүүлээч?
Газрын болон морин дээрээс харвах харвааг нэгтгээд сурах бичиг гэж хэлж болохуйц судалгааны ажил юм. Харваагаар хичээллэх нь хүнийг их төлвлөрч сургана. Өнөөдөр залуус төвлөрч чадахаа байсан байна. Хүний үгийг 10 минут сонсож чадахгүй байна шүү дээ. Маш олон үйлдлийг нэг үйлдэл болгож байгаа учраас төвлөрөл байдаг. Морьт харваа болоод ирэхээр түргэн хугацаанд шийдвэр гаргаж сурдаг. Манайхан шийдвэр гаргах чадвар дээрээ сул байдаг шүү дээ. Дэлгүүрт ороод ундаа авах гэж л бөөн юм болдог. Цаг хугацаа яваад байгаа. Үзэл онолын хувьд ярихад, хүн буруу зөв сонголт хийхээс, шийдэж чадахгүй байх нь илүү стресстүүлж, цаг хугацааны хувьд хохироодог.
-Ярилцсанд баярлалаа. Танд уншигчдадаа хэлмээр байгаа зүйл байна уу?
Давхиж байгаа хурдан морины эрчин дээрээс нум сум эзэмшинэ гэдэг нь тэр болгоны хийж чадах зүйл биш. Үүнд маш их цаг зав зарцуулах шаардлагатай байдаг. Тэгэхээр энэхүү дэлхийг эзэлсэн өв соёл маань Монголчуудын урдаа барих үнэт зүйл, орчин үеийн спортуудын нэг шүү гэдгийг л би хэлмээр байна.