Уухайн түрлэг цуурайтсан Монгол наадмын өглөөний мэндийг үзэгч, уншигч та бүхэндээ өргөн дэвшүүлье. Түүхт ойн энэ өдрөөр аймгийн арслан Б.Содхүүг үзэгч, уншигч та бүхэнтэйгээ уулзуулж байна. 2010 оноос бөхийн спортыг сонгож хичээллэсэн тэрбээр тууштай хичээл зүтгэлийнхээ үр дүнд аймгийн арслан цолонд төвөггүйхэн хүрч, өдгөө улсын цолтны тааварт багтаж буй залуу бөх.
ӨСВӨРИЙН БАРИЛДААНААС ИРЭЭДҮЙН АМЖИЛТАА АТГАСАН
Б.Содхүү Төв аймгийн Жаргалант сумын харьяат. Хүүхэд байхдаа бөхийн спортод дурлаж, өсвөрийн барилдаанд хүч үзэж эхэлснээс түүний тамирчин болох эхлэл тавигджээ. 14 насандаа сумын өсвөрийн барилдаанд түрүүлж байсан тэрбээр 2015 онд аймгийнхаа наадамд 5 давж, аймгийн начин цол хүртжээ. Их сургуулиа төгсөх жилдээ аймгийн цолонд хүрсэн нь түүнд “Би ногоон дэвжээний л хүн юм байна” гэх тэр л итгэл үнэмшил, урам зоригийг өгчээ. “Монгол эр хүний бахархал юм уу даа гээд багаасаа наадам их үздэг байлаа. Нутагтаа ирсэн цолтой бөхчүүдийг хараад сайхан санагдана. Бөх болохсон гэж багаасаа л мөрөөдсөн” хэмээн тэр ярьсан.
СУМЫНХАА АНХНЫ АРСЛАН ЦОЛТОН БОЛЖ, ТҮҮХ БИЧСЭН НЬ
Б.Содхүү 2020 онд Говьсүмбэр аймгийн наадам түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн нь түүний тасралтай 9 жилийн хөдөлмөрийн үр дүн байлаа. Ингээд тэр 90 жилийн түүхэнд анхны арслан цолтон хэмээх эрхэм алдрыг хүртжээ. Цаашид олон хүчтэн төрөх нь хэмээн нутгийнхан нь түүнийг хөл газар хүргэлгүй хүлээн авсан аж. Амжилтын шанг татаж, түүх бичиглэсэн тухайгаа Б.Содхүү ярихдаа “Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан Түмэнтэй тунаад давж байлаа. Тэр барилдаан санаанаас гардаггүй. Хүч шавхсан барилдаан болсон доо. Барилдаж түрүүлээд нутагтаа очиход маш сайхан байсан” хэмээн баярт мөчөө хуваалцав.
ЭДИЙН ЗАСАГЧААР АЖИЛЛАХ УУ, АЛЬ ЭСВЭЛ БАРИЛДАХ УУ?
Б.Содхүү 2015 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Энэ үед түүнд бөхийн спортоороо тууштай хичээллэх үү, аль эсвэл мэргэжлээрээ ажиллах уу гэдэг чухал сонголт тулж иржээ. Энэ үед түүний хань түшиг тулгуур болж, чухал үед нь гол зөвлөгч, дэмжигч нь болжээ. “Миний ханийг Нямсүрэн гэдэг. Би эхнэртэйгээ нэг ангид суралцаж төгссөн. Эхнэр маань үндэсний бөхөөрөө барилдах шийдвэр гаргахад гол зөвлөгч болсон. Өдий болтол бэлтгэл сургуулилтаа хийгээд, сараар хөдөө гадаа явж, бэлтгэл сургуулилт хийхэд эхнэр маань ар гэрээ авч явж, ойлгож дэмжиж, өдийг хүрсэн” гэж ярив. Сайн ханийн түшиг тулгуур тамирчин хүний амжилтын багана байдаг тухай тэр байн байн ярих нь гэр бүлийн үнэ цэн, хайр, итгэлцлийг илтгэнэ.
ЖУДАГТАЙ БАЙХ НЬ МОНГОЛ БӨХИЙН МӨН ЧАНАР
Жудаг гэхээр л хаа холын том зүйлийг хэлэхгүй хэмээн аймгийн арслан Б.Содхүү ярьж байна. Түүнийхээр бол жудаг нь хүндлэл, хүмүүжил, төлөвшил. Ерөөс ах захтай байж л торгон ногоон дэвжээн дээр алхах учиртайг тэрбээр хөндсөн. “Жудагтай байна гэдэг нь ах зах, ахмад настнаа хүндэлж дээдлэх, залуу үедээ үлгэр дууриалалтай, зааж зөвлөхийг хэлдэг юм болов уу. Монголчууд маань бөхчүүдийгээ хүндэлж, хоймортоо залдаг. Ингэх тусам нь хайр хүндлэлийг нь даах чухал юм болов уу гэж боддог” гэв.
БӨХИЙН ДҮРЭМ ӨӨРЧЛӨГДСӨНӨӨР “ТЭСРЭЛТТЭЙ” БАРИЛДАХ БОЛОМЖ БҮРДСЭН
Б.Содхүү наадамчин олноо шуугиулж, уран хурц барилдаан үзүүлэх юмсан гэж хүсэж зорьж явдаг идэр залуухан бөхчүүдийн нэг. Бөхчүүд хууль дүрмээ ягштал мөртөл, дүрэм журам нь ч тэдэндээ ээлтэй байвал бөхийн спортоор хичээллэх залуусын тоо нэмэгдэнэ. Энэ бол шударга спорт гэсэн итгэл үнэмшил тэр хэрээр бий болно гэдгийг ч тодотгосон. Бөхийн холбооны дүрэм шинэчлэгдсэнээр бөхчүүд жингээ хасч, тэсрэлттэй барилдаан хийх боломж бүрдсэнд тэр олзуурхаж байна. Энэ тухайгаа “Бөхийн холбоо барьц сонгох дүрмийг халлаа. Барилдааны идэвх санаачилга, цаг хардаг боллоо. Гурав гурван минут хараад идэвхтэй барилдсанд нь давааг нь өгдөг боллоо. Энэ бол их зөв шийдвэр. Урд нь барьц сонгодог байхад бөхчүүд жингээ нэмж, барьц сонгоон дээрээс барилдахыг илүүд үздэг байсан. Шинэ дүрэмтэй болсноос хойш бөхчүүд жингээ хасч байна. Илүү тэсрэлттэй, уран мэх хийх боломж бүрдэж байна. Үзэж буй үзэгчдэдээ ч сонирхолтой шүү дээ” хэмээв.
БИД НЭГ Л МОНГОЛ
Монголчууд бөхөд элэгтэй, өөрийн нутгийн бөхөө харж өмөлзөн, манайх танайх гэж “маргах дуртай” ард түмэн. Бахархсандаа өндөлзөж, огшсондоо хөөрүү зангаа хэтрүүлдэг мэт. Энэ л зүйлийг залуу арслан Б.Содхүү бага ч болов өөрчлөгдөөсэй хэмээн бодож явдаг тухайгаа хуучилсан. Нутгийн бөхийнхөө дээлийн захыг мушгиж болох ч гэлээ бусад газрын бөхийг доош хийдэггүй байх нь бөх үзэгч, дэмжигчдийн чухал чанар байх ёстой хэмээн тэрбээр тайлбарласан. “Монгол бөхийн нэг сайхан чанар байдаг. Дэвжээн дээрээ гараад өрсөлдөгчид. Энгийн үедээ сайхан найзууд, ах дүүс. Нутаг усаараа талцахыг буруу зүйл юм болов уу гэж боддог. Увсын, Архангайн, тэндхийн бөх түрүүлнэ гээд л маргацгаах юм. Ялгаагүй л нэг Монгол шүү дээ” хэмээн инээмсэглэв.
МОНГОЛООРОО БАЙГААСАЙ…
Залуу арслан Б.Содхүү Монгол өв соёлоо эрхэмлэж явахыг залуустаа уриалж байна. Хүн бүр Монголоо мэддэг, мэдэрдэг байсан цагт өв уламжлал өнө мөнхөд үлдэх учиртайг тэр хэлж байна. Бөх хүн соёлын өв тээгч учир илүү их хичээж, Монгол гэсэн бүхнээ цээжиндээ баринтаглаж, эмээлийн бүүрэгтээ ганзагалаж, явахыг боддог хэмээн ярьж байна.
“Даяаршиж буй нийгэмд Монгол ахуйтайгаа ойрхон байгаарай гэж залуучуудыгаа уриалмаар байна. Монголоороо сайхан мэндлэх, дээл хувцасаа зөв өмсчихдөг байх, хөдөө очоод морио эмээллээд уначихдаг байх гэх мэт энгийн ёс заншлаа эзэмшээд, хүүхдээ зөв өсгөвөл зүгээр юм болов уу” хэмээн бодлоо хуваалцсан юм.
Видеог дээрээс үзнэ үү.