Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хортон шавж устгалын талаар дараах мэдээллийг өглөө.
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Хортон шавж устгах хугацаа тавдугаар сарын 10-наас эхэлж, долдугаар сарын 10-н хүртэл үе шат дараатай хэрэгждэг. Хор цацаад яагаад үр дүн гарахгүй байгаа вэ гэдэг асуудал яригдаж байна. Шавжнууд амьд амьтан учир төрлөөсөө шалтгаалж 15 хоногоос нэг сарын хугацаанд амьдрах чадвартай байдаг. Тиймээс 21 хоногоос нэг сарын хугацаанд сэргэдэг.
Энэхүү ажилд батлагдсан хоёр орчим тэрбум төгрөг дээр 50 орчим сая төгрөгийн пиар сурталчилгааг тавьсан байна гэх худал мэдээлэл сошиал хуудаст байсан. Шавж устгалд сурталчилгаа байршуулах ямар ч шаардлага байхгүй, харин нэг ч гэсэн хор авчих юмсан гэсэн зүтгэл чармайлттай ажиллаж байна. Харин хортон шавж устгахад хамгийн өндөр гардаг зардал нь онгоцны түрээс байдаг. Нийт хоёр тэрбум төгрөгийн 650 сая орчим төгрөг нь онгоцны түрээст зарцуулагддаг. Тиймээс цаашдаа Онцгой байдлыг түшиглэсэн онгоцтой болох эсвэл хувийн хэвшилтэй түрээсийн үнийг нь бууруулж хамтарч ажиллах эсэхийг шийднэ. 2026 он хүртэл ойн шавжийг устгах ажлыг санхүүжүүлэхээр Рио Тинто компанитай хамтрахаар хэлэлцэж, уулзалт хийсэн ба шаардлагатай тохиолдолд тэр дундаа Тэрбум модны хөдөлгөөний үеэр энэхүү ажлыг хийх, улсаас төсвийг ахиу тавьж өгөх шаардлагатайг онцолсон.
Байгалийн нөөц ашигласны төлбөрт 2022 онд 149,9 тэрбум төгрөг төвлөрсөн ба аймгууд үүнээсээ ойн хөнөөлт шавж устгах зардлыг санхүүжүүлэх хуулийн зохицуулалттай. Тиймээс БОАЖЯ-нд буюу улсын хэмжээнд тусгайлсан төсөв тавигддаггүй.