Үндэсний их баяр наадам ойртож байна. Энэ жил тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь гэсэн таван аймаг энэ сарын 29-31-ний өдрүүдэд бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах юм.
Баяр наадмын үеэр анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудын нэг яалт ч үгүй хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлын асуудал байдаг. Хамгаалах хувцас хэрэгсэл хэрэглээгүй, даатгалд хамрагдаагүйгээс болж, өнгөрсөн хугацаанд бэртэж, гэмтэж, амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд цөөнгүй гарсан. Энэ жилийн баяр наадмын хурдан морины уралдаанд оролцож буй унаач хүүхдүүдийг ямар зохицуулалтаар хэрхэн хамгаалах, болзошгүй эрсдэлийн үед ямар хариуцлага хүлээлгэх тухай тодрууллаа.
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү “Он гарснаас хойш хурдан морь уралдаанч хүүхдийн програмд 82 уралдаан бүртгэгдсэн. 3816 хүүхэд хурдан морины уралдаанд оролцсон. Уралдааны явцад есөн хүүхэд бэртэж гэмтсэн. Түүнээс нэг хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн. Мөн бүртгэлгүй үсэргээ, сунгаа, уул овооны тахилга зохион байгуулж буй тохиолдол гарсаар байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийн хүрээнд, хуульд заасан чиг үүргийн дагуу аймаг, орон нутгийн засаг дарга нар, хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нар орон нутагтаа зохиогдож байгаа үсэргээ, сунгаа, уралдааныг заавал бүртгэлжүүлэх шаардлагатай. Холбогдох мэргэжлийн байгууллага болох мэргэжлийн хяналт, цагдаагийн газар, гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтарсан ажлын хэсэг гаргаж, хяналтад оруулах хэрэгтэй. Учир нь бүртгэлтэй уралдаанд хүүхдийн ослын эрсдэл бага. Бүртгэлгүй уралдааны үеэр хүүхэд унаж, гэмтэх нь их байна. Мөн хүүхдийг хамгаалалтын хувцас хэрэгсэлгүйгээр уралдуулах тохиолдлууд цөөнгүй байна” гэсэн юм.
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалан “Цагдаагийн байгууллагад сүүлийн хоёр сард хүүхэд мориноос унасан, бэртсэн, чирэгдсэн гэх 13 хүүхэд тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн найм нь нас барсан бол тав нь биедээ хүнд гэмтэл авсан буюу эмнэлгийн байгууллагад одоогоор ухаангүй, хэвтэн эмчлүүлж байна.
Эцэг эхчүүд хүүхдээ зуны амралтаар нь хөдөө өвөө эмээ, хамаатан садангийнх руу нь явуулдаг. Хөдөө очсон хүүхэд морь сайн унаж сураагүй хэр нь морь унах, хөдөөгийн хүүхдүүдийг дуурайх зэрэг хайхрамжгүй байдлаас үүдэн унаж, гэмтсэн тохиолдлууд байна.
Эцэг эхийн хариуцлагагүй байдлаас хүүхэд гэмтэж, бэртсэн тохиолдолд эцэг эхэд ямар арга хэмжээ авдаг вэ? Энэ тухай хуулийн зохицуулалт бий юу?
Үндсэн хуульд заасан гэр бүлийн эцэг эхийн үүрэг гэж байдаг. Энэ үүрэг, хариуцлагыг биелүүлж чадаж байгаа эсэхийг шалгадаг. Гэр бүлийн тухай хуульд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд иргэний хуулиар арга хэмжээ авдаг. Эрүүгийн хуульд эцэг, эх байх үүргээ үл биелүүлсэн, түүний улмаас хүнд хор уршиг учирсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага байдаг. Энэ хариуцлагын арга хэмжээг хоёр эцэг эхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шалгасан” гэв.
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү “Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчлэгдсэн найруулга батлагдсан. Өмнөх хуульд долоон настай хүүхэд хурдан морины уралдаанд морь унаж уралдахыг зөвшөөрдөг байсан. Шинэчилэсэн хуулиар хурдан морины уралдаанд оролцох хүүхдийн насны доод хязгаар найман нас байхаар тогтоосон. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас үндэсний хэмжээнд хурдан морь уралдаанч хүүхдийн хяналтын ажил явуулахдаа бүртгэлийн асуудалд маш их анхаардаг. Бүртгэлээр дамжуулж бүх зүйлийг хянадаг.
Бүртгэлгүйгээр хүүхэд хурдан морь унаж уралдаж байгаад унаж гэмтвэл эцэг эхэд ямар хариуцлага тооцох вэ? Эцэг эх нь өөрийн морио унуулна гээд найман нас хүрээгүй хүүхдээрээ унуулах тохиолдол байдаг уу?
Яагаад ч байхгүй. Хуульд хурдан морины уралдаанд оролцож байгаа хүүхдийн насны доод хязгаарыг заасан байхад аав нь хүүхдээрээ морь унуулж байна гээд тав, зургаан настай хүүхдээрээ унуулж болно гэсэн юм байхгүй. Монгол улсад нийтээрээ дагаж мөрдөх хуулийг тэр хүүхдийн аав, ээж нь хэн ч байсан мөрдөх үүрэгтэй.
Хэрвээ уяач эцэг эхээс нь зөвшөөрөл аваагүйгээр хүүхдийг уралдаанд оруулсан тохиолдолд зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Хүүхэд унаж гэмтсэн тохиолдолд цагдаагийн байгууллага шалгаж, иргэний хэргээр асуудлыг шийднэ.
Зохион байгуулалтгүй уралдааныг зохион байгуулсан аж ахуйн нэгж 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгууль төлнө. Иргэн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль зөрчлийн хуулийн дагуу төлнө.
Нэг унаач хүүхэд өдөрт гурван насны морь унах тохиолдол байдаг. Унаач хүүхдийн ачаалалд зохицуулалт байдаг уу?
Хуульд баяр наадмын хурдан морины уралдаанд оролцох унаач хүүхдийн насны хязгаар, хэдэн насны морь ямар зохион байгуулалтаар уралдуулах вэ гэдгийг тогтоодог. Нэг унаач хүүхэд өдөрт тийм тооны хурдан морь унана гэсэн зохицуулалт хараахан байхгүй. Манай програмд бүртгэгдэж байгаа хүүхдүүдээс дээд тал нь гурван насны морь нэг өдөрт унадаг цөөн тохиолдол байна. Ихэвчлэн нэг өдөрт 1-2 морь унаж уралдахаар бүртгүүлдэг.
Бүртгэлгүй уралдаанд оролцсон уяачид дараагийн томоохон уралдаан оролцох эрхийг нь хасах гэх мэт зохицуулалт байдаг уу?
Бүртгэлгүй уралдаан зохион байгуулсантай холбоотой асуудлыг зөрчлийн хуулиар шийддэг. Бүртгэлгүй уралдаанд оролцсон уяачийг дараагийн уралдаанд оролцуулахгүй гэсэн зохицуулалт хараахан байхгүй.
Унаач хүүхэд тусгай хамгаалах хувцастай уралддаг хэдий ч бэртэл, гэмтэл авсаар байна. Унаач хүүхдийн хувцас хэрэгсэлд ямар стандарт байдаг вэ?
Унаач хүүхдийн хувцас хэрэгслийн стандарт гээд 2017 онд батлагдсан. Стандартын дагуу хувцас хэрэгсэл өмссөн хүүхдийн бэртэл харьцангуй бага байдаг. Гэтэл зах зээлд хэн дуртай нь стандартын хувцас хэрэгсэл зарж худалдаалж байна. Түүнийг нь уяачид худалдан авах тохиолдол бий. Мэргэжлийн хяналтын байгууллага чиг үүргийн дагуу хувцасны стандартад хяналт тавьдаг” гэж ярилаа.
Хэрвээ таны хүүхэд хэн нэгэн уяачийн хурдан морь унах гэж байгаа бол таны хүүхэд хурдан морь унаж дадсан уу, үгүй юу зэрэг үүсч болох эрсдэлийг тооцож, хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрөөрэй.