Бага насны хүүхдүүд хэт их чихэрлэг хүнс хэрэглэж, цагийн хуваарьгүй буруу хооллож байгаа нь таргалалтын гол шалтгаан болж байна гэж тогооч Д.Буян ярилаа. Тэрбээр зөв хооллолтын талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөхөд анхаарч эхэлсэн байна.
САХАРЫН ХЭМЖЭЭ ХЭТЭРВЭЛ БИЕД ЯМАР СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ТУХАЙ ХҮҮХЭДТЭЙ САЙН ЯРИЛЦАХ ХЭРЭГТЭЙ
Таны худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнд далд болон ил хэлбэрээр сахар их хэмжээгээр агуулагдсан байдаг. Үүнээс үүдэн хүүхдүүд таргалж байна. Сахар бол хоосон энерги. Эрдэс бодисын хувьд ямар нэгэн шим тэжээл буюу уураг, минерал, витамин зэргийг өгөхгүй.
Хүүхдүүд бүгд чихэрлэг зүйлсэд дуртай. Гэхдээ бидэнд сахаргүй амттан хүүхдэдээ авч өгөх сонголт байгаа. Нэг үеэ бодвол дэлгүүрт эко бүтээгдэхүүний лангуу байдаг болчихсон. Хүүхдүүддээ сахарын хэмжээний тухай харьцуулалт хийж үзүүлэх хэрэгтэй. Ийм хэмжээний сахартай бүтээгдэхүүн идсэнээр бидэнд ийм асуудалд тулгарна. Үр дүнд нь бидний биед ямар өөрчлөлт гарах, ямар өвчин үүсэх зэргийг хүүхдэд тайлбарлаж, хэлж өгвөл илүү үр дүнтэй. “Болохгүй шүү. Энэ чинь сахар ихтэй” гээд орхичихвол хүүхдэд асуулт бүрхэг болоод үлдэнэ. Яг юу нь болохгүй вэ гэдэг мэдээлэл байхгүй. Таргалалт, зүрх судасны өвчлөл, даралтад өөрчлөлт орно гээд бүх мэдээллийг хүүхдэд өгчихвөл тэд ойлгоно. Бага багаар чихэрлэг зүйлээс татгалзаж, чихэрлэг бус зүйл сонгодог болно. Хүүхэдтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй.
ТӨМС БОЛ НОГОО БИШ
Ихэнх айл 20 -21 цагийн үед буюу нэлээн орой хооллодог. Бид яаж илүү эрүүл хооллох, хүнсний бүтээгдэхүүнээ боловсруулах аргаа яаж өөрчлөх вэ, орой бүр хөлдүү махаа гаргаад л цаг хүлээдэг системийг өөрчлөх шаардлагатай байна. Монгол хоолны нүүрс усны агууламж нь хоёр дахин илүү байдаг. Төмс бол ногоо биш. Хүмүүс төмсийг ногоо гэж андуурдаг. Гурилтай, будаатай, ер нь ямар ч хоол хийхдээ төмс хийдэг. Бид үүнийг өөрчлөхгүй бол нүүрс усны хэмжээгээ хоёр дахин их авч байна. Хооллолтынхоо нүүрс усанд анхаарч байж таргалалтыг буюу энергиэ багасгана. Хэт их энерги авахаар тухайн бүтээгдэхүүн өөх тос болж хувирна. Эрүүл, зөв хооллолтод илүү анхаарах шаардлагатай.
Хүнсний бүтээгдэхүүнээ зөв худалдаж аваад, хадгалаад, боловсруулсан тохиолдолд бид хүнд хэрэгтэй элементээ алдахгүйгээр эрүүл хооллож байна гэсэн үг.
Видеог дээрээс үзнэ үү.