Боловсролын Ерөнхий Газар, Боловсролын Үнэлгээний Төвөөс "Элсэлтийн ерөнхий шалгалт-2022"-ын талаар мэдээлэл хийлээ.
Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Баян-Өлгий аймагт монгол хэл, бичгийн шалгалтын 400 оноогоо даваагүй 450 хүүхэд бий. Үүний 74 нь огт шалгалтдаа ирээгүй.
Тухайн хүүхдүүд бусад шалгалт дээрээ 410, 480-аас дээш оноо авчихсан учраас цаашид тасралтгүйгээр элсэн сурах боломжийг нь олгох үүднээс наймдугаар сард монгол хэл, бичгийн шалгалтыг дахин зохион байгуулахаар болсон. Ингэхдээ зуны улирлыг үр дүнтэй ашиглаж, тэдний монгол хэлний мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг хамтран зохион байгуулахаар тус аймгийн ЕБС-ийн удирдлагуудтай зөвшилцсөн.
Монгол хэл, бичгийн шалгалтыг гараар засдаг учраас бид алдаанд нь дүн шинжилгээ хийж, хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулаад долдугаар сарын 20-ноос эхлэн сургалтыг явуулж, дараа нь шалгалтыг дахин зохион байгуулна.
Бид олон улсын туршлагаар үндэсний цөөнх рүүгээ хандаж байгаа бодлого үйл ажиллагааг оруулж ирэх ёстой. Энэ утгаар бага боловсролын монгол хэлний жишиг хөтөлбөрийг 2-5 дугаар ангид боловсруулж, энэ жилээс хэрэгжүүлж эхэлнэ. Тухайн хөтөлбөрөөр суралцсан эхний хүүхдүүд долоон жилийн дараа төгсөж эхэлнэ.
Хос хэлний том бодлогыг хэрэгжүүлэх дараагийн чиглэлд асуудлуудыг тавьж тодорхой хоёр ч удаагийн туршилтыг хийсэн. Бүх багш нарыг монгол хэлний сургалтад хамруулах ажлыг хийж байгаа. Мэдээж үр дүн гарахад тодорхой хугацаа шаардах учраас богино хугацаанд тэдгээр хүүхдүүдийн цаашдын сурч мэдэх эрхийг нь хамгаалахын тулд төр засгаас дэмжлэг үзүүлэхээр монгол хэл, бичгийн шалгалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг гаргаж буй юм. Гэхдээ унасан ч дахиад шалгалт аваад байх юм байна гэх байдлаар хандаж болохгүй, хамтарч ажиллана.
Мөн монгол-казах хэлний толь бичгийг энэ жилээс ашиглаад эхэлсэн. Магадгүй үүний үр дүн урт хугацаандаа гарах хүртэл бусад бодлогын баримт бичгүүдийг хамтран хэрэгжүүлнэ.
МУБИС монгол-казах, монгол-тува хэлний ангийг нээх хөтөлбөрийг боловсруулаад сонголт руу оруулсан. Өөрөөр хэлбэл, МУБИС-д багш бэлтгэх ийм бодлого хэрэгжинэ.
Дээрээс нь Баян-Өлгий дэх Багшийн коллеж нь МУБИС-ийн харьяанд очно. Энэ хүрээнд 3+1, 1+3, 2+2 гэсэн зэрэгцсэн хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэх юм.
Бид судалгаагаар ЕБС, СӨБ-д ажиллаж байгаа багш нарын төгссөн сургуульд нэлээд дүн шинжилгээ хийсэн. Одоогоор хэрэгжээд эхэлсэн жишиг хөтөлбөрүүдийн үр дүн 4-5 жилийн дараа гарна. Энэ хугацаанд бид богино хугацааны шийдлүүдээ хэрэгжүүлнэ" гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.