Боловсролын багц хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй. Энэ хуулиар Ерөнхий боловсролын сургуулиудын чанар, хүртээмж, тэгш хамран сургах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж харж байна. Хуулийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны тэргүүн Н.Номинтой ярилцлаа.
Боловсролын багц хуулийг өөрчилснөөр ямар үр дүн гарна гэж та харж байна вэ?
Юуны өмнө, одоо мөрдөж байгаа хууль тогтоомж үүргээ гүйцэтгэж байгааг бид онцлох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, шинэ хуульд реформын шинжтэй олон заалт орж байгаад их олзуурхаж байна. Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд 848 ЕБС-д 712 мянган сурагч суралцаж байна. Үүнээс хувийн хэвшлийн 166 сургуульд 6 мянган сурагч суралцдаг. Хуулиараа өмчийн хэлбэр үл харгалзан боловсролын үйлчилгээг адил тэгш үзүүлнэ гэсэн зарчим бий. Хуулийн өөрчлөлт бүх сургуульд өгөөжөө өгдөг байх л хэрэгтэй гэсэн зарчмыг бид баримталж байна.
Хувийн сургуулиуд хувьсах зардал төрөөс авдаг атлаа сурлагын чанар төдийлэн сайн биш, алаг цоог сургалттай гэх шүүмжлэл гарах боллоо. Улсын сургуулийнхаа асуудлаа шийдэж чадахгүй байхад өндөр төлбөртэй хувийн сургуулиуд хувьсах зардал өгөх нь зөв үү гэх маргаан ч бий. Энэ асуудалд та ямар тайлбар хэлэх вэ?
Хувийн хэвшлийн сургуулиудын төлбөрийг батлахдаа тухайн хүүхэд суралцахад шаардлагатай бүх зардлыг тооцоолдог. Сургалтын төлбөрт нь хувьсах зардлыг нь нэмээд тооцчихсон байдаг гэсэн үг. Татвар төлөгч иргэн хүүхдээ төрийн өмчийн сургуульд өгөх үү, аль эсвэл хувийн хэвшлийн сургуульд өгөх үү гэдгээ шийддэг. Нэг ёсондоо улсаас сонголтыг нь өгч байна шүү дээ. Энэ бол олон улсад байдаг л жишиг. Хууль журмаараа л зохицуулагдаж ирсэн асуудал. Нийт хувийн сургуулиудын 80 гаруй хувь нь 5 сая төгрөгөөс доош төлбөртэй. Хэрвээ хувьсах зардлыг хасах асуудал яривал сургалтын төлбөр нэмэгдэж таарна. Эцэг эхчүүдэд төлбөрийн дарамт болж ирнэ л гэсэн үг.
Сургалтын чанарын асуудалд анхаарах цаг болсныг сануулж байна. Нөгөө талаар, хувийн сургууль байх шаардлагатай юу гэж ч шүүмжлээд эхэллээ?
Нэг юмыг бид сайн ойлгох хэрэгтэй. Ирэх жилүүдэд ЕБС-ийн сурагчдын тоо 250 мянгаар нэмэгдэнэ. Үүнд 20 мянган багш шаардлагатай гэсэн тооцоо бий. Энэ эрэлтийг хангахын тулд өмчийн бүх хэлбэрийн сургуулиудыг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Мөн төрийн бус өмчийн сургуулиуд дээр төрийн өмчийн сургуулиудын сайн жишгийг ч нэвтрүүлэх чухал. Ингэж байж бид үр дүнд хүрнэ. Хүүхэд бүрт боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэж чадна. Өнөөдөр улсын сургуулиудын ачалаал их байна. Үүнээсээ болоод сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байна. Гэхдээ үүний буруутан нь хувийн сургуулиуд биш. Хааж боох биш, бүх талаар сургалтын орчин, гарцыг нээхэд бид анхаарч хуулиа өөрчлөх хэрэгтэй.
Сургуулийн орчинд хүүхдийг хамгаалах асуудлуудыг хуулиар хэрхэн зохицуулах хэрэгтэй вэ? Цар тахлын үед хувийн сургуулиуд төлбөрөө буцааж олгосонгүй гэх шүүмжлэл ч гарч байсан?
Нэг үеэ бодоход боловсролын салбарт хүүхдийн эрхийг бүх талаар хамгаалах асуудалд ахиц гарч байна. Одоо мөрдөж байгаа хуулиар аливаа нэг хүүхдийн эрхийн зөрчил гарахад бид дүүрэг, Нийслэл, цаашлаад ХЭҮК зэрэг мэргэжлийн байгууллагуудад нь ч хандаад явдаг. Удахгүй батлагдах мэргэжлийн холбоодын тухай хуулиар эерэг өөрчлөлт гарна гэж бид харж байна. Өнөөдөр асуудал гарлаа гэхэд бага дунд сургуулиудын холбоонд ямар нэг санал гомдол шийдвэрлэх эрх байхгүй. Хамгийн гол нь, эрсдэл гарахаас нь өмнө бид хамтарч ажилладаг байх механизмыг бүрдүүлэх хэрэгтэй.
Шинээр батлах Боловсролын багц хуульд өөр ямар саналуудыг тусгаасай гэж та хүсч байна вэ?
Бид сургууль, эцэг эхийн эргэх холбоог сайжруулах чухал. Эцэг эхийн оролцоог дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Цар тахлын үеэр л эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө ийм ийм үүрэг хүлээсэн байдаг гэдгээ мэдэж авлаа шүү дээ. Энэ үүргийг хэрэгжүүлэхэд цаашид олон талын оролцоог хангаад явах нь чухал. Хуулийн төсөлд тал талын байр суурийг нэгтгэж, боловсролын салбарт реформ хийсэн өгөөжтэй хууль батлагдаасай гэж бодож байна.
Ярилцсанд баярлалаа.