Сенегал улсын баруун хэсэгт орших Тивауан хотын нэгэн эмнэлгийн төрөх тасагт гал гарч, дөнгөж төрсөн 11 хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарчээ. Гал түймэр богино холболтоос болсон гэж хотын дарга Дэмба Диоп Си мэдэгдэв. Галаас гурван нярайг аварсан гэдгийг тэрээр хэлсэн байна. Үүний дараа Сенегалын Эрүүл мэндийн сайд Абдулайе Диуф Сарр ажлаасаа халагдсан гэнэ.
Энэхүү эмгэнэлт явдал Сенегал даяар эмгэнэл, эгдүүцлийн давалгааг үүсгээд байна.
Гэр бүлүүд хүүхдүүдээ амьд үлдсэн эсэхийг мэдэхийн тулд Маме Абду Азиз Си Дабах эмнэлэг рүү яаран очжээ. Амь үрэгдэгсдийн дунд нялх хүүхэд нь байсан гэх аймшигт мэдээг сонсоод зарим нь гадаа толгойгоо бариад нулимс дуслуулан суух эцэг эхчүүд BBC-ийн сэтгүүлчийн дуранд үлджээ. Абдоу гэж өөрийгйй танилцуулсан нэгэн залуу ВВС-д өгсөн ярилцлагадаа “Бид сүйрлээ. Бэр эгч маань өнгөрсөн сард амаржсан ч дараа нь нас барсан. Хүүхэд нь энэ галын хохирогчдын нэг болсон" гэжээ.
Мостафа Сиссе гэгч Ройтерс агентлагт хэлэхдээ нас барагсдын дунд түүний гурван долоо хоногтой зээ хүү Мохамед байгаа гэжээ. Түүний ээж Рамата Гуее мөн төрсний дараа нас баржээ. Тэрээр нөхөр Эль Хадж Гуеэгийн хамт долоон жилийн турш хүүхэдтэй болохыг хичээсэн бөгөөд Мохамед тэдний цорын ганц хүүхэд байсан аж. Сиссе "Түүнийг эхнэрээ, одоо хүүхдээ алдаж байгааг харахад зүрх эмтэрч байна. Би түүний нүд рүү ч харж чадахгүй байна" гээд " Энэ явдал Бурханы төлөвлөгөө юу, эсвэл зүгээр л Сенегалын эмнэлгүүд доголдоод байна уу? Бид энэ асуултыг засгийн газарт тавих хэрэгтэй" гэж тэр нэмж хэлэв.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр тус эмнэлэг шинээр ашиглалтад орсон гэнэ.
Ерөнхийлөгч Макки Салл үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарлалаа. Тэрбээр "Амиа алдсан хүүхдүүдийн ээж болон ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж байна" хэмээн жиргэжээ.
Эрүүл мэндийн сайд Сарр огцрохынхоо өмнө "Энэ нөхцөл байдал маш харамсалтай бөгөөд сэтгэл өвтгөж байна" гэж мэдэгджээ.Тэрээр Женевт болсон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хуралд оролцож байсан бөгөөд Сенегал руу нэн даруй буцахын тулд аялалаа богиносгож байгаагаа мэдэгдсэн юм.
Сенегалын эрүүл мэндийн тогтолцооны гажуудал нь боловсон хүчин, дэд бүтэц, тоног төхөөрөмж, санхүүжилтийн асуудал зэргээс шалтгаалж байгааг олон ажиглагчид хэлж байна.
Хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллагаас "хариуцлага тооцож, буруутай этгээдийг шийтгэх зорилгоор бие даасан мөрдөн байцаах комисс байгуулах”-ыг Сенегалийн засгийн газарт уриалав.
Өнгөрсөн жил хойд нутгийн Лингер хотод үүнтэй төстэй хэрэг гарсны дараа Эмнести Интернэшнл байгууллагаас Сенегалын бүх нярайн тасагуудыг шалгахыг сануулж байсан гэдэг.
Тус эмнэлгийн төрөх тасагт гал гарсны улмаас шинээр төрсөн дөрвөн нярай тэнд амь насаа алдсан байна. Тухайн үед хотын дарга төрөх тасгийн агааржуулалтын хэсэгт цахилгааны гэмтэл гарсан гэж хэлж байсан. Үүгээчр ч зогсохгүй энэ сарын эхээр сувилагчийн туслах нас барсан гэж зарласан нялх хүүхэд цогцос хадгалах газарт амьд байгааг албаныхан илрүүлсэн. Харамсалтай нь тэрхүү нярай нас баржээ.
Лхагва гарагийн эмгэнэлт явдал мөн 20 цаг үргэлжилсэн хөдөлмөрийн хүнд хэцүү үед кесарево хагалгаа хийлгэхийг гуйж байгаад нас барсан Астоу Сохна гэх эмэгтэйн үхлийн улмаас үндэсний хэмжээнд шуугиан тарьсны дараа гарч байгаа бас нэг хариуцлагагүй байдлаас үүдэлтэй харамсалтай хэргүүдийн нэг юм. Түүний хэвлий дэх хүүхэд мөн нас баржээ.
Одоохондоо ийм гамшиг дахин давтагдахгүй байх арга замыг олох нь Сенегалийн засгийн газрын нэн тэргүүний зорилт юм.