Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны бэлчээрийн зөвлөх, доктор Д.Булгамаатай нүүдэлчин ард түмний оршихуйн үндэс болсон бэлчээр, түүний хамгаалалт, отор нүүдлийн талаар ярилцлаа.
Монголын нийт газар нутгийн 70 гаруй хувь нь бэлчээрийн талбай байдаг. Сүүлийн жилүүдэд бэлчээр доройтох болсон талаар их ярьж байна. Тэгвэл бэлчээрийг эргэн сэргээх боломж байна уу. Одоогийн байгаа нөхцөл байдалд тохирсон ямар менежмент шаардлагатай байна?
Бэлчээр бол мал аж ахуйн үйлдвэрлэлийн гол, үндсэн нөөц мөн. Монгол Улс “нүүдлийн мал аж ахуй, түүнд тээгдэж явдаг соёл, уламжлалт зан заншлаа хадгалж ирсэн” цөөхөн улсын нэг. Бид бэлчээрээ жилийн 4 улирал дамнан даацад нь тохируулж хөнгөн ашиглаж, улмаар бэлчээрийн ургамалд сэргэн ургах боломжийг олгох хэмжээнд ашиглаж ирсэн.
Бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангаас үзэхэд Монгол орны нийт бэлчээрийн газрын 65 хувь нь унаган төлөв байдлаасаа өөрчлөгдөж харилцан адилгүй түвшинд доройтолд орсон гэдэг дүгнэлт гарч байгаа. Унаган төлөв байдлаасаа өөрчлөгдөж, доройтно гэдэг нь нийтдээ цөлжиж ургамалгүй, халцгай элсэн хучлагатай боллоо гэсэн үг биш. Тухайн орчны экологи, ашиглалтын онцлогоос хамааран бэлчээрийн доройтол харилцан адилгүй түвшинд байхын зэрэгцээ доройтол нь өөр байдлаар илэрдэг. Тэгэхээр бид доройтлын аль түвшинд байгаагаас хамаараад ашиглалтаа хэрхэн өөрчлөхийг сонгох боломж нээгдэж байна. Тодруулбал, хүчтэй доройтсон бэлчээрийг ашиглалтаас аль болох урт хугацаагаар чөлөөлөх, богино хугацааны сэлгээнд оруулах, хөнгөн ашиглахыг зөвлөдөг бол бага зэргийн доройтсон бэлчээрийн ачааллыг нь даацанд нь тохируулахад маш хурдан сэргэнэ. Судалгаанаас үзэхэд “Монгол орны бэлчээр доройтож байна, үүнд хамгийн гол нөлөөлөгч хүчин зүйл нь даацаас хэтэрсэн ашиглалт. Гэхдээ одоогийн байгаа ачааллыг даацад нь тохируулж чадах юм бол доройтсон бэлчээрийн 80 гаруй хувь нь байгалийн аясаар өөрөө сэргэх боломжтой. Хөрсөнд хадгалагдаж байгаа үр тааламжтай нөхцөл бүрдсэн үед ургадаг. Хамгийн гол нь бэлчээрийн ургамлын үрд соёолох, хэвийн ургаж үрлэх, боломжийг нь өгөх ёстой” гэсэн гол дүгнэлт гарсан. Тиймээс бид малчдад хандаж малын тоо, ачааллыг даацад нь бариад цааш нь нэмж доройтуулахгүй байхыг зөвлөдөг.
Бэлчээр, отрын нөөц нутгийн хоорондын уялдаа холбоог тайлбарлаж өгөхгүй юу?
“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 3.4.1.2 дахь хэсэг “-т нийт бэлчээрийн 10-аас доошгүй хувийг улс, аймаг, сумын отрын бүс нутаг, нөөц бэлчээр болгон хамгаалалтад авч цаг хүндэрсэн үед ашиглах тухай заасан байдаг. Одоогийн байдлаар улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээр нь нийт бэлчээрийн 1 хувь, аймаг, сумын отрын нөөц бэлчээр 4 хувийг тус тус эзэлж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг дагаад ган, хуурайшлын давтамж нэмэгдэж, бэлчээрийн бүтээмж буурч байна. Нөгөө талаас малын тоо ихсэж, бэлчээр ашиглалтын ачаалал нэмэгдэж байгаа нь бэлчээрийг эргэн сэргэх боломжийг олгохгүй байна. Тийм учраас цаг хүндэрсэн үед ашиглах зорилгоор отрын нөөц нутгийг шинээр бий болгох, талбайг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.
Отор нүүдэл гэж юу болохыг та энгийнээр тайлбарлаж өгнө үү. Отор нь мал аж ахуйн үйлдвэрлэлд ямар ач холбогдолтой байдаг вэ?
-Манай улсын хөрсний үржил шимт давхарга нимгэн, ургамлан нөмрөг бүтээмж багатайгаас урт хугацааны эрчимтэй ашиглалтыг тэсвэрлэхдээ муу. Жилд аль болох олон удаа сэлгэж, нэг газраа удахгүйгээр сэрмэж, хөнгөн ашиглахад тохиромжтой. Гэтэл малын тоо өсөхийг даган сэлгээ нүүдлийн тоо багасаж, нэг дороо удаан хугацаагаар ашиглах, ялангуяа зуслан намаржааны бэлчээр, голын татмын бэлчээрт ургамал ургахаас хагдрах хүртэл хугацаанд ашигласнаас бэлчээр маш эрчимтэй доройтож байна. Сэргэх боломж нь олдохгүй байгаа юм. Мэдээж, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал бол байна. Хорин жилийн өмнөх үетэй харьцуулахад маш их зүйл өөрчлөгдсөн. Өргөн уудам нутагт хорь гаруй сая малтай байлаа. Бэлчээрийн бүтээмж хэд дахин өндөр байлаа. Ийм үед ашиглаж байсан технологи гэдэг өнөөдрийнхөөс өөр. Өнөөдөр бид уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хур борооны хуваарилалт, хэмжээг урьдчилан тооцох боломж муутай, нөгөө талаас малын нягтрал өндөр, хүний хэрэглээ, хэрэгцээ өссөн нөхцөлд амьдарч байна. Өөрчлөгдөн буй энэ нөхцөлд дасан зохицсон шинэ арга технологи чухал байна.
Сүүлийн үед нутаг бэлчээрээ сэлгэх, хуваарьтай ашиглах уламжлал алдагдаж жилдээ 2 удаа л нүүж байна. Харин баруун аймгуудад өнөөдрийг хүртэл нүүдэл хийх уламжлалаа хадгалаад үргэлжлүүлж байгаа малчид байна. Жилд арав гаруй нүүж байгаа малчид ч байна. Тэгэхээр энэ бол яах аргагүй байгальдаа дасан зохицож, байгалийнхаа өгөөжийг нөөцөд нь тааруулж ашиглаж байгаа том хүмүүжил гэж хэлж болох юм даа.
Малчдын эрхэлж байгаа аж ахуйд бэлчээр ямар чухал болох нь таны ярианаас ойлгогдож байна. Тиймээс та судлаач хүний хувьд энэ чиглэлээр малчдад зөвлөмж өгөхгүй юу?
-Малчид улсын өмч болсон нийтийн бэлчээрт мал аж ахуйгаа буюу хувийн бизнесээ эрхэлж байна. Нөгөө талаас үе удмаараа дамжин ашиглаад ирсэн сайхан нутаг нь байж байгаа. Тэгэхээр энэ нутгийн төрх байдал, бүтээмж, чанарыг нь эвдэхгүй, үр хүүхдүүддээ энэ чигээр нь үлдээхийн тулд хариуцлагатай байх ёстой. Хариуцлагатай үйлдвэрлэл явуулах ёстой. Хариуцлагатай үйлдвэрлэл гэдэг нь байгалийн нөөц болсон бэлчээрийн төрх байдлыг нь алдагдуулалгүйгээр, ургаж буй өвс ургамлын олон янз байдлыг хадгалж хамгаалж ашиглахыг л хэлж байгаа юм. Мөн бэлчээр бол зөвхөн малын тэжээлийн эх үүсвэрээр тогтохгүй зэрлэг амьтдын амьдрах орчин, хүмүүн бидний амьсгалах агаар, уудаг усны байгаль эргэлтийг багтаасан экосистем мөн. Малчид амьдрал ахуйгаа сайжруулахын тулд малынхаа тоог нэмэгдүүлж байна. Малын тоо толгой нэмэгдсэн нь малчдын өнгөрсөн 20 жилийн хөдөлмөрийн үр дүн. Нийгэм, экологийн өнөөгийн нөхцөлд малын тоо гэхээс илүү чанарт чиглэсэн аж ахуй хэрэгтэй байна. Нэг малын ашиг шимийг аль болох нэмэгдүүлэх юм бол бэлчээрийн ачаалал тодорхой хэмжээгээр буурах боломжтой. Нөгөө талаас зах зээлийн эргэлтэд оруулах, жишээ хэлэхэд, заавал төлгөнд нь биш хурга байхад нь тэжээгээд төлөгний үнээр зарж борлуулах замаар бэлчээрийн ачааллыг бууруулах арга хэмжээг эрэлхийлэх хэрэгтэй.
Манайх шиг нүүдэлчин өв соёлоо тээж, өнөөг хүртэл хадгалсаар ирсэн улс дэлхийд хэр олон байдаг юм бэ?
Нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй орнууд бий. Яг байгалийн задгай бэлчээрт суурилсан, нүүдлийн соёл, ёс заншлаа хадгалж ирсэн нь ховор. Мал хэрэгцээт тэжээлийнхээ 90 гаруй хувийг шууд байгалийн бэлчээрээс авч ашигладаг, олон сайхан үнэт чанартай ургамлаас мал өөрөө сонгоод идэж байна. Бэлчээрээ хуваарьтай буюу үнэт чанарыг алдагдуулалгүйгээр зохистой ашигласнаар байгальд ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэлийг дэмжих, хариуцлагатай бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхол, эрэлт нэмэгдэх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, байгалийн бэлчээрт суурилсан хариуцлагатай үйлдвэрлэл монгол малын гаралтай бүтээгдхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна.
Бэлчээрийн өвс, ургамлын шимт чанар одоог хүртэл хэвээрээ хадгалагдаж байгаа юу?
-Ер нь бол өөрчлөгдөж байна. Өнөөдөр бид их өөрчлөлтийн үед амьдарч байна шүү дээ. Экологи, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтүүдийн дунд амьдарч байна. Гэхдээ байгалийн бэлчээрийн үнэт чанартай ургамлууд байна. Зарим жил ургахгүй, зарим жил гараад ирдэг. Малчид сүүлийн хорин жил гараагүй ургамал энэ жил ургалаа гэж ярьдаг. Тэгэхээр хөрсөнд ургамлын үрийн маш том сан байна. Ургах нөхцөл сайхан бүрдээд ирэнгүүт ургадаг. Ургалтын хугацааны турш завсаргүй ашигласнаас ургамал үрлэж чаддаггүй, улмаар үрийн нөөц багасна. Аажмаар үрээр үрждэг ургамал багассаар үндэслэг ишээр үрждэг улалж, хиаг зэрэг ургамлууд давамгайлдаг. Эрчимтэй ашиглалт цааш үргэлжилснээс олон наст ургамлууд нэг настаар, сөөг сөөгөнцрөөр солигдоно. Энэ бол бэлчээрийн доройтлын үе шатуудыг харуулж байна. Бэлчээр доройтохыг даган илүү амьдрах чадвартай, хүнд нөхцөлийг илүү тэсвэрлэх сайтай ургамлууд нь гарч ирээд байгаа юм. Тэгэхээр бэлчээр доройтсоноос ургамлан нөмрөг устаж газрын гадарга шууд нүцгэрээд халцгай болчихгүй, ургамлууд нь солигдоод байдаг. Харахад ногоон, ургамлын бүрхэц өндөр хэдий ч хүчтэй доройтсон бэлчээрт идэмж муутай шарилжны төрлүүд, нэг настууд зонхилно.
Хүмүүс бороо хур ихтэй жил зуншлага сайн байна гэлцдэг, очоод үзэхээр идэмж муутай, 10-р сар гээд хагдраад уначих нэг настууд голдуу байдаг. Үүнийг ногоон цөлжилт гэж нэрлэх нь ч бий.
Бэлчээр ашиглалттай холбоотой танд өөр санал байна уу?
-Монгол орон бэлчээрээ жил бүр тоолдог боллоо. Бэлчээрийн төлөв байдал, бүтээмжийн талаар жил бүр маш тодорхой мэдээлэл гаргаж өгч чадаж байна. Бэлчээр доройтол хаагуур нүүрлэж байна, хаагуур хүндрэлүүд гарах эрсдэлтэй байна, хаагуур бэлчээр илүү сэргэж байна гэдгийг сум, баг, улирлын бэлчээрийн түвшинд тодорхойлж зураглал болон тайлан хэлбэрээр хүргүүлж байна. Өөрөөр хэлбэл бэлчээрийн хүрэлцээ, доройтол, доройтсон бэлчээрийн сэргэх чадавхийн талаар судалгааны үр дүн гарсан. Бэлчээрийн даац хэтэрсэн, малын тоо олон болсон гэдгийг хүн болгон ойлгож байгаа.
Малчид ч гэсэн ойлгож байгаа. Гэхдээ малын тоог даацад тохируулах гэдэг бол гурваас таван жилийн дотор маш хурдан шийдэх асуудал биш. Малчин өрхийн орлогыг бууруулалгүйгээр мал чанаржуулах, зах зээлийн эргэлтэд оруулахад орон нутагт ажиллаж байгаа мэргэжилтнүүд, малчид хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаар энэ нь зөвхөн малчдын, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн асуудал биш. Хэрэглэгчид хариуцлагатай мал аж ахуй эрхэлж байгаа малчдыг ойлгож, тэдний бүтээгдэхүүнийг нь худалдан авдаг, хариуцлагатай малчдыг хөхүүлэн дэмждэг, сайшаадаг, урамшуулдаг арга хэмжээнүүд өөрөөр хэлбэл эдийн засгийн хөшүүрэг чухал. Түүнчлэн эрх зүйн зохицуулалт маш чухал. Бие даасан бэлчээрийн хууль гэж байхгүй, бид Газрын тухай хуулийн тодорхой заалтуудыг мөрдлөг болгон ажиллаж байна. Сумын засаг даргатай гэрээ байгуулж бэлчээрээ урт хугацааны гэрээгээр ашиглаж байгаа, гэрээний хүрээнд бэлчээр ашиглалт, малын гаралтай бүтээгдэхүүн хариуцлагажиж байгаа сайн туршлага, амжилт байна. Мөн аймаг, сумын түвшний бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмууд нь бэлчээрээ зохистой ашиглах чиглэлд малчдыг үүрэгжүүлж, бэлчээрийн маргааныг шийдвэрлэхэд багагүй үүрэг гүйцэтгэж байна.