ХОТЫН ДАРГА АА, ЭМНЭЛГҮҮДИЙН ЗОГСООЛЫГ ТӨЛБӨРГҮЙ БОЛГООЧ!
Нийслэлчүүд ямар нэг газарт ажил хөөцөлдөхөөр очихдоо зөвхөн зогсоол олохын тулд хамгийн багадаа 26 минут зарцуулдаг гэсэн судалгаа байна. Хагас цаг хөлхөж байж зогсоол олно. Үгүй бол өөр тийш буцаад явна. Ялангуяа, эмнэлэгт үзүүлэхээр очиж байгаа, ар гэрийнхнээ эргэж яваа сахиурууд зогсоолын эрэлд хатаж байна. Бас болоогүй, эмнэлгийн зогсоол байлаа ч тэр нь зүгээр л “мөнгөний машин” болсныг иргэд шүүмжилдэг. Учир нь, эмнэлгүүд зогсоолын төлбөрөө хатуу тогтоож, үйлчлүүлэхээр очсон хүн бүрээс мөнгө сааж байна. Уг нь эмнэлэг гэдэг үйлчилгээ үзүүлж буй төрийн байгуулага, энгийн л нэг үйлчилгээний байгууллага. Үйлчлүүлэгчдээ орчин бүрдүүлж өгөх үүрэг нь уг нь тэдэнд бий. Гэвч өвчин зовлонтой, аргаа барж яваа иргэдийн хэрэгцээн дээр дөрөөлж буй мэт дураараа аашилж байна.
Ганцхан жишээ дурдахад, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зогсоол 1 цагийн 1000 төгрөгийн төлбөртэй. Сэхээний тасагт ухаангүй байгаа хүнээ сахихаар ирж байгаа хүмүүс аргагүйн эрхэнд мөнгөө төлж, хоногт л гэхэд 20 гаруй мянган төгрөг төлж байна. Иргэдийн ар гэрийнхэн яг ингэж хэдэн долоо хоногоор эмнэлгийн үүдэнд хүлээдэг. Сахиураар ирж байгаа хүмүүс ганц нэгээрээ ирэхгүй. Гэр бүл хамаатан садны хүмүүс эргэж ирэх тоолонд тэднээс зогсоолын мөнгө авсаар. Шөнө дөлөөр нүд цавчилгүй хонож, сэтгэлийн шаналал амсаж яваа эмнэлгийн үйлчлүүлэгчдээсээ мөнгө авдаг нь дэндүү хүнлэг бус шийдвэр болж байна. Бусдын зовлонгоор мөнгө олж болдог гэж үү, хотын дарга аа!
ЭМНЭЛГИЙН ЗОГСООЛЫН ЦАГИЙН ТӨЛБӨР ДУНДЖААР 1000 ТӨГРӨГ
Улсын эмнэлгүүдийн зогсоолын төлбөр дунджаар нэг цагийн 1000 төгрөг байна. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төвийн зогсоол 30 хүртэлх минутад үнэгүй аж. Харин нэг цаг зогсвол 1000 төгрөг, 1 цаг 30 минутаас 2000 төгрөгийн төлобөртэй. Харин 180 минутаас дээш бол 30 минут тутамд 500 төгрөгөөр нэмэгддэг байна. Хорт хавдар гэх айдаст автаж, эмнэлгийн урт дараалалд өдөржин зогсох хүмүүс 30 минут болоод л гараад ирчихгүй нь мэдээж. Гэтэл тэдний хэрэгцээн дээр, аминд тулсан шаардлага дээр нь дөрөөлсөн мэт ийм байдлаар мөнгө авах нь хэр ёсзүйтэй үйлдэл вэ, хотын дарга аа!
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хувьд ч ялгаагүй. Зогсоол, түгжрэл дээд цэгтээ хүрсэн газар гэж ч хэлж болно. 100 гаруй машины зогсоолтой гэж тайлбарладаг ч ийшээ орж зогсох ямар ч боломж гардаггүй. Шинжилгээндээ яарсан, үзлэгээсээ хоцрох вий гэж сандарсан хүмүүс аргагүйн эрхэнд машинаа орхиод орно. Гэтэл гараад ирэхэд ачилтын компанийнхан ирээд хөл залгах унааг нь хуу хамаад явчихсан байдаг нь өдөр бүр давтагддаг энгийн үзэгдэл гэж хэлж болно.
Өнөөдөр Нийслэлд зогсоол нэмэгдүүлэх нь зүйн хэрэг. Харин одоо үүнийхээ хажуугаар бусдын хэрэгцээнд дөрөөлж, мөнгө олдог болчимгүй үйлдлээ таслан зогсоомоор байна. Хүнд өвчтэй иргэд хоолны мөнгө, эм тарианы мөнгөө хагаслан байж зогсоолын төлбөрт өгч байна. Иргэндээ ээлтэй хот бүрдүүлнэ гэж хотын дарга Д.Сумъяабазар та амласан. Тэр ажлаа яг одоо үүнээс эхэлмээр байна!!!