Сөрөг сэтгэгдэл сөрөг сэтгэл зүйгээс гардаг байна. Сөрөг сэтгэгдэл ихээр бичдэг хүмүүс сэтгэл зүйн хувьд таагүй нөхцөлд байх, улмаар сэтгэл зүйн хямрал, асуудлаа анзаарч мэдэж чадахгүйгээс болоод бусдад нялзаадаг байна. Иймээс өдөр тутамдаа стрессээ гаргаж сурахыг клиник сэтгэл зүйч Т.Хонгорзул зөвлөлөө.
-Олон нийтийн сүлжээнд хүмүүс маш их доромж үгтэй сөрөг сэтгэгдэл бичдэг. Үзэл бодлоо илэрхийлэхээс илүү доромжлох, гутаах нь элбэг. Энэ нь сэтгэл зүйн талаас ямар шалтгаантай байдаг вэ?
Хүмүүсийн бичиж байгаа сэтгэгдэл бол тухайн хүний сэтгэлзүйн байдлыг шууд илтгэж байдаг. Тухайн хүн сэтгэлзүйн хувьд таагүй байгаа учраас сөрөг сэтгэгдэл бичиж байгаа. Тэгэхээр өөрийнх нь сэтгэлзүй таагүй сөрөг байгаа үед хүн хоёр зан үйлийг хийдэг. Нэгдүгээрт өөрийгөө өвтгөх зан үйл. Энэ нь өөрийгөө гэмтээх зан үйлийг хэлж байгаа юм. Эсвэл бусдыг өвтгөх зан үйл хийнэ. Энэ нь зөвхөн зодож цохих биш сөрөг сэтгэгдэл бичихийг ч хэлнэ. Стресстэй, өөрөө ямар нэгэн айдастай, түгшүүртэй, сэтгэл гутралтай байгаа тохиолдолд тэр таагүй сэтгэл хөдлөл мэдрэмжээ гаргаж байна гэсэн үг. Гуниг, гутралтай байх үед тухайн хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж чаддаггүй. Тэгэхээр хүний эрүүл дүгнэлт хийх чадвар алдагддаг.
-Тэгвэл сэтгэл хөдлөлөө хэрхэн хянах вэ?
Хүн болгон өөрийнхөө сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Тэгээд стрессээ маш сайн тайлж байх ёстой. Өдөр тутамдаа өөрт төрж байгаа мэдрэмжээ бусадтай хуваалцах зөвөөр илэрхийлэн гаргах, дасгал хөдөлгөөн хийх гэх мэт. Стресс тайлагдахгүй яваад байхаар хуримтлагдаад ужгирсан стресс болоод сэтгэл түгшүүр, сэтгэл гутрал гээд сэтгэцийн эмгэг болж эхэлдэг. Сошиал медиад их цаг гаргахаа больё гээд л тухайн хүн шийдээд зорилго, зорилттой амьдаръя гээд хэсэг хугацаанд явж байгаад буцаад л таагүй сэтгэл мэдрэмж төрөөд эхлэхээр мэдрэмжээсээ зугтаахын тулд эргээд сошиал медиад орж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр тэр төрөөд байгаа таагүй сэтгэл мэдрэмж хаанаас юунаас төрөөд байна гэдгийг тэр хүн таньж мэдэн өөрийгөө ухамсарлаад ирэхээр энэнээс болоод сэтгэлээр унаад байгаа юм байна шүү дээ гэдгээ мэдээд тэр зан үйл рүү татагдахаа больж эхэлнэ гэсэн үг.
-Юунаас болоод сөрөг зан үйлд татагдаад байгаагаа хэрхэн мэдэх вэ?
Ер нь дийлэнх тохиолдолд ялангуяа сэтгэл түгшүүр болон сэтгэл гутралын үед тухайн хүн яг юунаас болоод түгшээд, гутраад байгаа гэдгээ өөрөө ухамсрын түвшинд мэддэггүй. Ухамсаргүйн түвшинд үүсээд байгаа энэ мэдрэмж хаанаас үүсэж байгаа вэ гэдгийг сэтгэл заслын эмчилгээн дээр мэдэх боломжтой байдаг.
-Сэтгэл заслын эмчилгээнд явах шаардлагатай болсон үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Сэтгэл заслын эмчилгээнд ямар үед заавал явах ёстой байдаг вэ гэхээр хоёр шинж тэмдэг байдаг. Нэгдүгээрт сөрөг сэтгэл хөдлөл тэр хүний амьдралд удаан хугацаанд давамгайлах. Хоёрдугаарт сөрөг харилцаа хандлага давамгайлах. Жоохон юм болохоор уурлаад л байнга маргалдаад л хүмүүстэй харилцааны асуудал байнга үүсгээд байгаа бол. Энэ хоёр шинж тэмдэг хоёулаа байвал зайлшгүй сэтгэл заслын эмчилгээнд явах хэрэгтэй болж байгааг илтгэж байдаг.
-Зөвлөгөө өгсөнд баярлалаа