Засгийн газарт Цахим хөгжлийг дэмжих Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудал сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцож байна. Хөтөлбөрийн дагуу “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П. Сайнзориг илтгэл тавилаа.
П.Сайнзориг: Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж батлуулсан “Цахимын багц хуулиуд” хэмээх дөрвөн хуулийн хэрэгжилттэй холбоотой анхаарах асуудлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа УИХ-ын Тамгын газар болон холбогдох байнгын хороооны ажлын албанд юуны түрүүнд талархал илэрхийлье.
Өнөөдөр би “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр илтгэнэ.
Би энэ ташрамд юун түрүүнд хэлэхэд, бид цахим бичиг, цахим үйлчилгээ зэргийг хэрэглээд хэвшсэн юм шиг, эсвэл хэт загварлаг юм шиг, эсвэл хууль зүйн талаас үүнийг юу гэж ойлгох нь тодорхойгүй байна. Ийм олон асуудлуудад өнөөдөр энэ хуулиудаар хариулт олдож байгаа гэж үзэж байна. Цаашдаа илүү боловсронгүй болно гэдэгт итгэлтэй байна.
Бид цахим бичиг баримт гэж юу вэ гэдгийг сайн мэддэггүй. Шүүхэд цахим орчин байгуулсан гэрээ хэлэлцээр нь юу байдаг вэ, ямар хэмжээнд байгуулсныг нотлох баримтаар дүгнэх асуудлууд тодорхойгүй байдаг.
Хувийн хэвшлүүд ч цахим үйлчилгээг санал болгодог боловч яг бодит амьдралд цаасан гэрээ хэлэлцээрт гарын үсгийг зуруулахын тулд дор хаяж нэг удаа биечлэн ирж уулзах зайлшгүй шаардлага тавьдаг. Гэх зэргээр цахим гарын үсэгтэй болсноор олон асуудлууд бодит амьдралд цахим орчин нь орон зайн буюу цаг хугацаанаас үл хамаараад төрийн гэлтгүй хувийн байгууллагуудаас үзүүлж байгаа үйлчилгээнүүдийг авах бололцоо бүрдэж байна гэсэн үг.
Дээрээс нь энэ хуулийн гол нэг зүйл бол Төрийн “Шинэ сэргэлтийн бодлого”-д зарласан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх асуудал юм. Мэдээж, цахим шилжилт хийхэд эхлэх цэг хөрөнгө хүч шаардана. Хөрөнгө хүч бол том бэрхшээл гэж би харахгүй байна. Хамгийн гол нь хандлагын өөрчлөлт, ойлголтын нэгдсэн байдал гэж харж байгаа.Үүнийг бид хийж чадах юм бол цахим шилжилтийг үлгэр жишээгээр хийх бололцоо бүрдэнэ. Мөн авилга, хүнд суртлыг бууруулахад болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд энэ хуулиудын оролцооны ач холбогдол байна.
Иргэдийн оролцоо нь төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн үйл ажиллагааны шийдвэрт оролцох боломжийг цахим технологийн давуу талаар иргэддээ олгох нь энэ цаг үеийн, энэ зууны төрийн үйлчилгээний шинэ өнгө төрх болсон байна. Төрийн үйлчилгээний тоолох аргачлал, төрийн үйлчилгээ гэж юу гэж үзэж байна зэргийг авч үзэх зайлшгүй шаардлага байна.