Батаа, Хулан хоёр их сургуулийн найзууд. Хоёулаа сургуульдаа “толгой цохьдог”, онц сурлагатнууд байсан тул төгсөнгүүт урилгаар ажилд оржээ. Угийн мэрийлттэй болохоор ажил дээрээ ч хурдан зүгширцгээв. Ингээд таван жил ажиллав. Батаа хэлтсийн дарга болж, тасралтгүй өсөв. Цалин нь ч эрс нэмэгдэв. Харин Хулан харьяа хэлтэстээ нөгөө л шинжээчийн орон тоон дээрээ үлдсэн байв. Ажлын үзүүлэлт, идэвхээрээ Батаагаас ердөө ч дутаагүй мөртлөө тэр нэг цэг дээрээ, “карьерын гацаанд” орсноо олж анзаарчээ. Ажлынхан нь бүгдээрээ “Эрэгтэй хүн дарга болсон нь дээр байдаг юм даа. Эмэгтэйчүүд дэмий…” гэдэг хандлага мэдрүүлсэн нь Хуланд их л эвгүй санагдаж, гол нь гонсойх шиг болжээ. Уг нь тэд ур чадвараар эн тэнцүү. Гэтэл яагаад зөвхөн Батаа гэж?…
“ЖИЖИГ” МЭТ ХАНДЛАГА ДААМЖИРСААР ТОМ АСУУДАЛ БОЛСОН НЬ
Ажлын байран дээр түгээмэл гардаг ийм хандлага яван явсаар шийдвэр гаргах түвшинд, улстөрийн хүрээнд “бугшсан” нь өнөөгийн нийгмийн “шүдний өвчин” болжээ. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, улстөрийн эрхээ эдлэх эрхтэй. Тийм боломжийг бүрдүүлсэн цагт жинхэнэ ардчилсан тогтолцоо бүрдэнэ гэж судлаачид үздэг. Гэтэл өнөөдөр Монголд төдийгүй дэлхийн олон оронд ялангуяа, эмэгтэйчүүд улстөрийн эрхээ эдлэхэд бэрхшээлтэй тулгарсаар байна. Иргэдийн улстөрийн оролцоог спорттой жишиж үзвэл, эмэгтэйчүүд “бартаат замын уралдаанд” оролцож байна. Өөрөө хичнээн хичээн зүтгэвч, бусдаас шалтгаалах, нийгмээс хамаарах асуудлууд замд нь тээглэж байна. Өөрөөр хэлбэл, мөнгө ба хандлага эмэгтэйчүүдийн карьер, улстөрийн оролцоонд хаалт тавьж байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛСТӨРИЙН ОРОЛЦОО ДЭЛХИЙН ДУНДЖААС 8 ХУВИАР БАГА БАЙНА
Манай улсад улстөр дахь эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгааг судалгааны үр дүн харуулж байна. УИХ-ын нийт гишүүдийн ердөө 17 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь дэлхийн дунджаас 8 хувь, Азийн дунджаас 4 хувиар бага үзүүлэлт юм. Уг нь улстөрийн намын тухай хуульд УИХ-ын гишүүдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, доод хязгаар нь 20 хувь буюу үүнээс дээш байж болно гэсэн үг. Гэтэл улстөрийн намууд эмэгтэйчүүдээ дэмжих тал дээр хэт хойрго байна. Тиймээс ч эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхийн тулд улс төрийн намуудын жендэрийн мэдрэмжийг сайжруулах зэргээр анхаарах хэрэгтэйг судлаачид хүчтэй хөндөж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.11-д “Улс төрийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” гэж заасан. Мөн Улс төрийн намын тухай хуулийн 5.1.3-д “Гишүүддээ сонгуульд нэр дэвших, сонгогдоход хүйсээр ялгаварлахгүй адил тэгш боломж олгох”-ыг хуульчилсан” байдаг. Үүнийг анхаарч хэрэгжүүлэх цаг болсныг сануулж байна.
ЭМЭГТЭЙ УЛСТӨРЧДӨД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
Залуучууд, эмэгтэйчүүдийг улстөрөөс холдуулдаг нэг хүчин зүйл нь мөнгө. Улстөрийн шат шатны сонгуульд оролцоход зардал өндөр байдаг учир хичнээн мэдлэг боловсролтой байлаа ч замаасаа ухрахад хүргэж байна. Жишээлбэл, 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, сонгогдсон гишүүд нийт 27,3 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулжээ. Хэдэн зуун саяар нь мөнгө зарцуулж сонгуульд өрсөлдөх амаргүй. Тиймээс хууль эрх зүйн хүрээнд эмэгтэйчүүдийг дэмжих санаачилгууд ч судлаачдаас гарч байна. Тухайлбал, квотоо давуулан биелүүлж, эмэгтэй улстөрчдийг түлхүү нэр дэвшүүлсэн намуудад төсвийн дэмжлэг, урамшуулал олгох хэрэгтэй гэж үзэж байна. Ингэснээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог тэлэхэд томоохон хөшүүрэг болно гэж харж байна. Цаашдаа эмэгтэйчүүдийн квотыг дор хаяж 30 хувьд хүргэх шаардлага бий. Энэ зорилтод хүрэхэд эмэгтэй улстөрч шат шатны сонгуульд нэр дэвшвэл сурталчилгаанд нь ямар байдлаар дэмжлэг үзүүлэхийг ч нарийвчлан зааж өгөх нь чухал гэдэг саналуудыг гаргаж эхэллээ. Улстөрийн намын тухай хуульд нааштай, эерэг заалтуудыг тусгана гэсэн хүлээлттэй байна.
“АХ НЬ МУНДАГ ЮМ ЧИНЬ АРГАГҮЙ ДЭЭ…”
Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллахад саад тээг болж буй бас нэг шалтгаан бол хэвшмэл буруу ойлголтууд. Эмэгтэй хүн өөрийн чадлаар бус, хэн нэгний нөлөөгөөр л удирдах албанд хүрсэн гэж ойлгуулах гэж хичээдэг, нийгэмд ч ингэж хүлээж авдаг хандлага тогтоод удлаа. “Тэр дарга болж гэнэ. Найз нь өөд татаа биз дээ… Тушаал дэвшиж гэнэ. Ах нь угаасаа мундаг хүн байдаг юм. Дүүгээ дэмжээ байлгүй…” гэж ярих нь түгээмэл. Тэгвэл бид өнөөдрөөс энэ хэвшмэл ойлголтыг халах цаг болжээ. “…Тэр эмэгтэй ийм боловсролтой учраас, ингэж өрсөлдөөд тэнцсэн болохоор, өдий дайны мэдлэгтэй тулдаа ийм өндөрлөгт хүрсэн юм шүү” гэж няцаах шаардлагатай болж. Ингэж байж бид зөв, эрүүл жишиг рүү орох үүд бага ч болов нээгдэх учиртай. Эмэгтэйчүүдийн өөрийнх нь хүч чадал боломжийг үгүйсгэсэн хандлагыг хүлээн зөвшөөрдгөө больё. Судлаачид ч үүн дээр дуу нэгтэй санал нэгдэж байна. “Мөн эмэгтэйчүүдийг хүүхдээ л бод. Сайн гэрийн эзэгтэй л бай. Эмэгтэй хүнийхээ үүргийг л сайн биелүүл. Эрчүүд нь учир начраа олно” гэх мэтээр карьераас нь холдуулдаг, орон зайг нь үгүй хийдэг үзэгдэлд “цэг тавих” шаардлага байна.
Эмэгтэйчүүдийн удирдах түвшний оролцоог хангахад саад болж буй энэ мэт олон хүчин зүйлс байна. Энэ бүхнийг ганцхан өдөр, ганцхан хүн шийдчихгүй. Шат дараатай, өргөн хүрээтэй хэлэлцэж, системийн түвшинд өөрчлөлт авчрах хэрэгтэй байна. Эхнээсээ ч үр дүн, шинэ саналууд гарч эхэлсэн. Нийгмийн бүх хүрээллийн тэгш эрхийг хангаж, оролцоог нэмэгдүүлсэн цаг ардчилал бэхжинэ гэдгийг дахин дахин онцолж байна.