2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Банкны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар баталсан. Хуулийн хэрэгжилтийн дагуу банкууд нээлттэй компани болох хугацааг 2022 оны зургадугаар сарын 30-наар тогтоосон байдаг.
Арилжааны томоохон банкуудын эзэмшлийн эрхийг задлахаар болсон гэж хэсэгтээ “попорсон” ч, банкуудын IPO гарахын даваан дээр баталсан хуулиасаа буцав.
“ОУВС-гаас арилжааны банкуудын хувьчлалын хугацааг хойшлуулах санал тавьж, эдийн засаг хэвийн болтол хугацаа шаардана гэсэн зөвлөмж өгсөн” гэж шалтаглаж байгаа ч, зарим банкын “НО”-г нуух, эзэмшлээ хуваахыг хүсэхгүй байгаа зарим банкны “лобби”-д автав уу гэсэн хардалт нисэж байна.
Хэдэн сарын ч биш, хэдхэн хоногийн өмнө IPO-ийг зөв шийдэл гээд ам уралдаж байсан “томчууд” өнөөдөр үүнийгээ цаг нь болоогүй шийдэл мэтээр ярьж, хойшлуулах тухай хэлэлцэх гэж буй нь л хуулийг гууль болгож буй том асуудал.
Болж бүтэхгүй бүхий л асуудлаа ковидын нөхцөл рүү чихэж, баталсан хуулиа хууль биш болгож байгаа нь дараа дараагийн хуульд итгэх итгэлийг сарниулж байна.
Нөгөөтэйгүүр энэ хууль мэргэжлийн хөрөнгө оруулагчдад ихээхэн хүлээлт үүсгэж, тэд 2022 оны гол хөрөнгө оруулалтыг арилжааны банкуудын IPO гэж үзэж байв.
Монголын хөрөнгийн зах зээл бэлэн үү? гэвэл бэлэн байсныг “Түмэн шувуут” ХК, “Мандал даатгал” ХК, “Ард санхүүгийн нэгдэл” компанийн хувьцааны өсөлтүүд харуулна.
Гуравхан сарын дотор эрчээ авч хоёр их наяд төгрөг эргэлдсэн крипто зах зээл ч хөрөнгийн зах зээлд сонголттой бүтээгдэхүүн хэрэгтэй байгааг батална.
УИХ-ын чуулганаар хууль батлагдмагц системийн таван том банк Голомт, Хаан, Хас, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкууд өөрийн вэб сайтаар дамжуулан нээлттэй хувьцаат компани болох ажлаа эхлүүлж, Санхүүгийн зохицуулах хороонд төлөвлөгөөгөө хүргүүлж, зарим нь маркетинг сурталчилгааны ажлаа л явуулж байсан.
Үнэлгээ тайлан гаргах, аудит хийлгэх, маркетинг сурталчилгааны ажилд эдгээр банкууд багадаа 1-5 тэрбум төгрөг зарцуулаад эхэлжээ. Хэрэв хуулиар IPO-г хойшлуулбал хойшлогдсон хугацаанд дахин аудит, үнэлгээ хийлгэж одоогийн зарцуулсан 5 орчим тэрбум төгрөг нь салхинд хийсэх аж.
Төрийн тогтворгүй шийдвэрт бизнесийнхэн хэлмэгддэгийн нэг тод жишээ болох нь.
Хууль баталж “ТОГЛОДОГ”, богино хугацаанд сонгогчдоос оноо авах гэж уралддаг төр эдийн засгаа том зургаар нь сэргээж чадах нь л юу л бол.
САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ ИТГЭЛ ДЭЭР СУУРИЛДАГ БАЙХАД ТӨР УВАЙГҮЙ ҮЙЛДЛЭЭРЭЭ ҮҮНИЙГ ХӨСӨРДҮҮЛЭВ
Бид энэ асуудлаар эдийн засагч Г.Ганзоригоос хөрөнгийн зах зээлд хүлээлт үүсгээд буй энэ үйл явдлыг хойшлуулах нь хэнд ашигтай байж болох, хойшлуулснаар үүсэх сөрөг үр дагаваруулын талаар мэдээлэл авлаа.
Тэрбээр,
- Нэгдүгээрт, Хууль баталсан Засгийн газрын эрх баригчид, засаглаж буй нам нь хэвээрээ байна. Өөрсдөө хуулиа баталж, олон хүнээр бэлдүүлж бэлдүүлж байснаа болиулах нь маш утгагүй. Яагаад гэвэл бодлого цааш үргэлжилж байх ёстой. Ийм байдалтай байвал хэн хуульд итгэж дагаж мөрдөх вэ гэдэг асуудал.
- Хоёрдугаарт, банкнууд IPO хийх гээд маш их хэмжээгээр бэлдчихсэн. Бэлдэнэ гэдэг нь тодорхой хэмжээний сан байгуулах, үнэлгээ хийлгэх, яаж IPO гаргах вэ гээд маш олон төрлийн төлбөр төлдөг. Хуулийн зөвлөгөө, аудит хийлгэнэ гэх мэт зардлууд гаргаад, аль эрт бэлдсэн хойно нь буцна гэсэн зүйл ярьж байгаа нь маш буруу.
- Гуравдугаарт, хөрөнгийн зах зээлд маш их хүлээлт үүссэн шүү дээ. Хүмүүс банканд хөрөнгө оруулъя, Монголд анх удаа Apple, Facebook шиг топ хувьцаанууд гарч ирэх боломж гарч ирлээ гэсэн найдвар төрсөн. Ийм байхад “нөгөөдүүл” нь болиуллаа, хойшлууллаа гэхээр хүмүүсийн итгэл алга болж байгаа юм. Гэтэл санхүүгийн зах зээл гэдэг нь итгэл дээр суурилж явдаг. Хүмүүсийн итгэл нэг алга болохоороо дахиж сэргэхгүй. Өөрөөр хэлбэл, хүн дахиад нэг хойшилбол “За энэ дахиад хойшлох юм байна. Ер нь хэцүү юм байна” гэсэн бодолтой болох магадлалтай.
Хойшлуулж буй шалтгаан нь зарим банкнуудын зээлийн чанарт асуудал байна гэж байгаа. Үүнийг шалгаж үзэх хэрэгтэй гэдэг шаардлага тавилаа. Гэтэл түүнийг жил бүр шалгадаг. Жил бүр аудит хийдэг. Банкнууд дээр тодорхой чанаргүй зээлүүд гарч л байдаг. Алга болж л байдаг. Банкны бизнес өөрөө эрсдэлийн удирдлага хийж байдаг шүү дээ. Зээлийн чанар нь сайн, үйл ажиллагаа нь сайн банкнууд олон байгаа. Тэдэнд садаа болж байна. Жижиг асуудлыг том болгоод, банкнууд олон нийтийнх болох гэж буй нийгмийн эерэг өөрчлөлтийг зогсоож байгаад харамсаж байна гэсэн юм.
Монголын эдийн засгийг монголчууд бид өөрсдөө удирдах нь зүй. Учир нь энд бид л амьдарна.