Дэлгэрэнгүйг дээрх нэвтрүүлгээс үзнэ үү!
Нийгэм, улс төр, цаг үеийн асуудлыг хөндөж ярилцдаг Өрөг хэлэлцүүлэг энэ удаа авлигын гэмт хэргийн ялын бодлого сэдвийг хөндөж ярилцлаа.
Нэвтрүүлгийн зочдоор:
- УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар
- Монголын криминологичидын холбооны удирдах зөвлөлийн дарга Доктор профессор Б.Батзориг
- Авлигатай тэмцэх газрын гуравдугаар албаны дарга Ч.Жаргалбаатар
Одоогийн мөрдөгдөж байгаа байгаа эрүүгийн хуулиар нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг 2,5 жил хүртэлх хугацаагаар хасах, 5-27 сая төгрөгөөр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэл эдлүүлнэ гэсэн хууль мөрдөгдөж байна. Энэ үнэхээр авлига албан тушаалын гэмт хэргийг шийтгэх ял мөн үү?
Энэ талаар Авлигатай тэмцэх газрын гуравдугаар албаны дарга Ч.Жаргалбаатар:
Албан тушаалын байдлаа ашиглан, үйлдэж байгаа гэмт хэргүүдийг нийгэмд учруулж байгаа хор уршигтай дүйцүүлэх юм бол хамаагүй хөнгөн ял оногдуулж байгаа. Гэмт явдлаа бид зөв таних ёстой. Үүнийг зөв таньж чадаагүйгээс болоод субъектийн алдаа гардаг.
Нийтийн албан тушаалтан гээд заачхаар нийтийн албан тушаалтанд хамрагддаггүй төрийн албан тушаалтнууд, төрийн өмчит компанийн захирал, үүрэг гүйцэтгэж байгаа албан тушаалтнуудад ял завших нөхцөл байдал үүсдэг гэсэн үг.
Авлигын гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс дандаа эрсдэлээ тооцдог. Энэ нь хулгайлж байгаа, бусдын эрүүл мэндэд хохирол учруулж байгаагаас шал өөр зүйл. Би эндээс ямар ашиг олох вэ, хариуцлага хүлээхгүйгээр эндээс мултарч чадна гэдэг ийм тооцоон дээр хийдэг. Одоо зарим улс төрд нөлөө бүхий этгээдүүд гэмт хэрэгт холбогдоод шалгагдаад ирэхээрээ гадаад улсад очоод амьдарчихна. Энэ нь өөрөө баригдахгүй гэдгээ урьдчилаад тооцоолчихсон. Тэнд ажиллаж байхдаа хээл хахууль авлигын гэмт хэргүүдийг үйлдээд өөртөө ашгаа олчихсон цаашдаа амьдралын эх үүсвэрээ болгочихсон. Тэр хүмүүс хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцож байгаа. Хөөн хэлэлцэх хугацаанаас гадна халдашгүй байдал гэдгийг маш ихээр ашигладаг.
Халдашгүй байдал гэдэг зүйлийг өмнө нь аваачаад босгоод тавьчхаар хэрэгтэнд халдах боломжгүй, унаа байр нь дархан хамгаалалттай болж байгаа юм. Хамаг гол нотлох баримтууд, хууль бус хөрөнгөө хадгалдаг сейф савтай. Тэрэнд нь халдаж чадахгүй нөхцөл байдал үүсчхээр энэ хүн чөлөөтэй байна гэсэн үг.
Хэрэгт холбогдоод шалгагдаад, зорчих эрхийг нь хязгаарлая гэхээр ямар нэгэн өвчний шалтаг тайлбар гаргаад тэрийгээ магадалж чадахгүйгээр маш олон хүмүүсийг хилээр гаргаад алдчихсан. Нөгөө хохирогч нар нь хохирсон хэвээр. Улс орон ч хохироод байж байдаг.
Ял завшсан этгээдүүд эрх чөлөөтэй хэвээрээ л яваад байна шүү дээ. Тэгэхээр авлигын гэмт хэргийн ял, санкцын асуудал бол энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд зайлшгүй ач холбогдолтой.