Эдийн засгийн хүнд үед төрөөс эхлээд хаа хаанаа хэмнэлт хийе гэж УИХ-ын дарга, ерөнхий сайд уриалаад байгаа. 2022 оны төсөвт анх удаа УИХ-ын гишүүд дөрвөн тэрбум төгрөг зарцуулах эрхтэй болсон. Үүнийг зарим эдийн засагч тэгш бус байдлыг дэвэргэж, ЗГ УИХ-ын гишүүдээ авлигадаж байгаа гэж хэлбэр гэж үзэж байна. Тэгвэл Хэмнэлтийн үед гишүүд “авилгадуулсан” дөрвөн тэрбумаасаа татгалзаж чадах уу?
Энэ талаар бид УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ш.Адьшаа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Пүрэвдорж нараас тодрууллаа.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР:
-Бид бүгдээрээ л тойрогтоо өртэй байгаа шүү дээ. Иргэддээ сургууль цэцэрлэг, авто вокзал барина гэх зэргээр манай тойргийн гурван гишүүд гурвуулаа л өртэй гэсэн үг. Гэхдээ 76 улсаас ирсэн элчин сайд шиг энэ улсыг 76 тийшээ чангаахын оронд, тойрог дээр байгаа дөрвөн тэрбумаас бүгдээрээ татгалзаад, Монгол улсад нэг том үйлдвэр барихад хүчээ нийлүүлэх хэрэгтэй.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА:
-Төсвийн хууль батлагдаад нэгэнт хэрэгжээд явж байгаа учраас ямар төсөвт хэмнэлт гаргах, ямар төсвийг царцаах гэдгийг төрийн захиргааны байгууллага нь үүнийг ярилцаж байгаа юм билээ. Биднээс санал авсан юм байхгүй. Бид санал өгөх ч эрхгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ:
-Орон нутгаасаа санал авна шүү дээ. Жишээ нь над дээр жил болгон 40-50 тэрбумын санал орж ирдэг. Сумуудад барих зам, сургууль, цэцэрлэг гээд бүх л нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалтууд орж ирдэг. Нэн шаардлагатай ажилд, дөрвөн тэрбум төсөвлөнө. Заавал дөрвөн тэрбум биш шүү дээ. Хөрөнгө оруулалт л оруулна. Зарим аймгууд 100 тэрбум гараад явчихлаа гээд шүүмжлэл гараад байгаа. Манайд жишээ нь нийт 50 тэрбумын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Нэн шаардлагатай хөрөнгө оруулалтаа зайлшгүй авч үлдэх хэрэгтэй байгаа юм. Жишээ нь Булган аймгийн төв дээр хоёр хүүхдийн цэцэрлэг зайлшгүй шаардлагатай. Галын аюул осол болох нөхцөл нь бүрдчихсэн ийм газар хүүхдүүд боловсорч байна. Орхон сумын сургууль гэхэд дундуураа цуурчихсан. Нэг блокыг нь тэр чигээр нь ашиглахгүй, нэг тал руу нь хүүхдүүдээ чихчихсэн тийм сургууль байж л байна. Эмнэлэг нь гэхэд цуураад уначихсан. Тэгэхээр зайлшгүй хөрөнгө оруулалтыг татаж болохгүй гэсэн саналыг өгөөд байгаа. Соёлын төвүүдээ ч юм уу. Бусад иймэрхүү хөрөнгө оруулалтыг буцаад харъя. Татах боломж бололцоо гаргачихъя.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ПҮРЭВДОРЖ:
-Миний хөрөнгө оруулалтад шаардлагагүй хөрөнгө оруулалт огт байхгүй. Монголын бүх газар нутагт тэгш сайхан амьдрахын тулд Монголын төрөөс хөрөнгө оруулалт хийж байгаа. УИХ-ын гишүүний төсвөөс тодотголооор 18 хувийг хассан. Нэг зүйлийг анхааруулахад УИХ-ын гишүүн тойрогтоо очиж ажилладаг. Хөрөнгө хэрэгтэй байдаг. Зөвхөн цаллингаараа амьдарч ажилла гэвэл чадахгүй. Төрөөс хулгай хийдэг хүмүүс явж магадгүй.