Монголын эрчим хүчний салбар элгээрээ хэвтээд буй талаар бид өмнө сурвалжилж байсан. Аливаа улсад хэрэглээнээсээ гадна чадлын 20 хувийн аваарын нөөц байх стандарттай байдаг бол манайд ямар ч эрчим хүчний нөөц байхгүй, хүчин чадлын дутагдалтай байгаа юм. Бид Монгол улсын эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Ганжуураас өнөөгийн байдалд хүрсэн шалтгаан, гарц гаргалгааны талаар тодрууллаа.
Тэрбээр, “Монголын эрчим хүч нь баруун, зүүн, төвийн бүсийн гэх гурван том системээс бүрддэг.
- Зүүн бүсийг Дорнодын цахилгаан станц хангаад явж байгаа юм.
- Төвийн бүс бол манай гол үйлдвэрлэл явуулдаг газар. Харин цахилгаан эрчим хүчнийхээ 20 хувийг Орос Хятадаас авч байгаа юм. Энэ нь бидний эрчим хүч найдваргүй байдалд байна гэсэн үг.
- Баруун бүс дээр цахилгаан эрчим хүчний 70 хувийг Оросоос авдаг. Баруун бүсийнхээ эрчим хүчийг шийдэхийн тулд Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг барихаар болчихлоо шүү дээ.
Одоо төвийн бүсийн гадаадаас 20 хувийг авдаг эрчим хүчний асуудлыг шийдэх ёстой. Хоёр асуудал байна. Нэгдүгээрт Оросын, хоёрдугаарт Хятадын асуудал. Хятадаас авдаг цахилгаан эрчим хүчийг өөрөө үйлдвэрлэдэг болохын тулд Таван толгой цахилгаан станцыг барих ёстой. Үүнийг барих юм бол Хятад руу жилдээ урсаж байгаа 120-130 сая долларыг дотооддоо оруулна. Харин Оросын хамаардаас гарахын тулд манайх Эгийн голын усан цахилгаан станцыг л барих ёстой.
Бид яагаад хөрш орнуудтай хамааралтай байна гэхээр, Нэгдүгээрт цахилгааны чадлын дутагдал байдаг. Хоёрдугаарт Оросын эрчим хүчний системтэй манай эрчим хүчний систем зэрэгцээ ажилладаг юм. Тэгж байж давтамжаа тохируулж системийн найдвартай ажиллагааг хангадаг. Хэрвээ Оросын эрчим хүчний системээс тусдаа ажиллах юм бол Дөрөвдүгээр цахилгаан станц дээр нэг л зүйл доголдоход, тэр чигээрээ манай эрчим хүч нойл зогсоно гэсэн үг. Оросоос хамааралтай учраас асуудал шийдэхэд амаргүй байна. Мөнхийн хөрштэйгөө муудаж болохгүй. Уг нь энэ асуудал Оросын хувьд том зүйл биш. Жаахан зүйл шүү дээ. Үүн дээр төр засаг улс төрчид жаахан сүйхээтэй л ажиллах хэрэгтэй. Оросоос 240 МВ-тийн цахилгаан авах хязгаарлалттай боломж байсан. Түүнийг манай сайд яриад 345 МВ-т болгосон.
Мэргэжлийн түвшинд яриад шийдсэн гэсэн үг. Эрчим хүчний хувьд Оростой харилцах харьцааг мэргэжлийн хүмүүсийн түвшинд өгчих хэрэгтэй. Тэгээд л боллоо. Эрчим хүчийг мэдэхгүй. А ч байхгүй нөхөр орж ирээд л улс төржүүлээд хаяж байгаа юм. Эгийн голын цахилгаан станцыг улс төржүүлсэн шүү дээ. Техникийн мэргэжлийн хүн нь ярьсан бол энэ болох байсан. Хоёр өөр ойлголт байгаа биз. Тэгэхээр эрхэм улс төрчдөө, та нар энэ салбарыг мэргэжлийнх нь хүмүүст л өгчих өө. Нэг их оролцох гээд хэрэггүй. Дуугүй байж бай” гэлээ.