Сүүлийн саруудад мах гурилны үнэ огцом нэмэгдэж буйтай холбогдуулан бид хүнсний захаас махны үнийг хаанаас тогтоодог, хэдэн шат дамжлагтайгаар иргэдийн гарт хүрдэг, эрүүл ахуйн байдлыг хэрхэн хангасан байдаг талаар Хүчит шонхор зах дээрээс мэдээллээ. Өнөөгийн байдлаар зах дээр үхрийн цул мах 14-15 мянга, хонины цул мах 12 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
Худалдаачдын зүгээс малчид махаа үнэтэй зарж буй учраас үнэ нэмэхээс өөр аргагүй. Ченжүүдийн хэлсэн өндөр үнээр л махаа авч байна. Эдийн засгийн байдал давгүй сайн байхад иргэд махаа 10 кг-аар нь авдаг байсан бол одоо 5 кг мах ч авч чадахаа байсныг хэллээ.
Энэ талаар Хүчит шонхор захын лабораторийн эрхлэгч Б.Нарангэрэл, “Манай зах дээр хөдөө орон нутгаас мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй махнууд орж ирдэг. Түүнийг нь эмч нар өглөө шалгаж хяналтаа тавиад оруулж ирдэг байгаа. Халдварт өвчин гарсан бүс нутгаас мах тээвэрлэж оруулахыг хориглодог. Тиймдээ ч бүх мах чанарын баталгаатай гэсэн үг. Дамжлагын хувьд орон нутгаас бэлтгэгдсэн махыг түрээслэгч нар авч энэ зах дээр борлуулдаг. Бөөний үнээр авсан махаа түрээсийн лангуун дээр зардаг гэсэн үг. Эрэлт нийлүүлэлтээсээ хамаарч үнэ ханш хэлбэлзэнэ. Өнгөрсөн сард 12-13 мянга байсан мах 2-3 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа. Манай зах дээр нөөцийн мах ирээгүй” гэлээ.
Харин худалдаачид:
- Цул мах 13 мянгаар зарж байна. Гаднаас 10 мянгаар л авч байгаа юм. Нэг үхрээс 30-40 кг ясыг нь хаядаг. Энэ жил бол гаднаасаа л аваад байгаа. Дамжлага гээд байх зүйлгүй.
- Ашиг гээд байх юм байхгүй ээ. Үнэтэй болохоор ямар ч ашиг гарахгүй байна. Шинэ мах гэхэд бөөний үнээр 12.5 мянга байна шүү дээ. Ингээд бид 14.8 мянгаар л зарж байна. Иргэд 5 кг-аас дээшээ авч чадахгүй байна. Гайгүй байхад 10 кг авдаг байсан. Одоо 5 кг-аа ч авч чадахгүй байна.
- Жаахан үнэтэй байгаа болохоор өглөө авсан махаа зарж дуусгадаггүй. Зооринд хонуулдаг. Нойтон болохоор хүнд яс хаяж байна. Ашиг жаахан тааруухан байна. махны үнийг хэн тогтоодгийг мэдэхгүй юм. Малчид л их үнэтэй зардаг. Гадаа ченжүүдийн хэлсэн үнээр л авна. Тиймээс үнэ өсөхөөс өөр яах вэ.