Эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлаас үүдэн манай улсад ирэх оны өвлөөс цахилгаан, дулааныг хязгаарлах эрсдэлтэй нөхцөл үүсээд байна. Олон улсын стандартад, аливаа улс орон эрчим хүчний хэрэглээнээсээ гадна, 20 хувийн аваарын нөөц хуримтлуулдаг. Гэтэл манайд ямар ч эрчим хүчний нөөц байхгүй, хүчин чадлын дутагдалтай байгаа юм.
Энэ сарын 21-нд “Монголын эдийн засгийн чуулган-2022” форумын хүрээнд “Эрчим хүчний сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр салбарын сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд эрчим хүчний салбарт нийт 22 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснийг онцолсон юм. Гэвч эдгээр төслийн дийлэнхийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн асуудал тулгараад буй.
Бид энэ асуудалд ямар гаргалгаа байж болох талаар салбарын мэргэжилтнүүдээс тодрууллаа.
Энэ талаар Эрчим хүчний хөгжлийн төлөө монголын нийгэмлэгийн захирал Д.Пүрэвбаяр, “Цахилгаан дулааныг үнэхээр хязгаарлахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Цахилгаанаас гадна дулаан дээр маш ноцтой асуудал үүсч байгаа юм. Энэ нь юунаас болж байна гэхээр, эх үүсвэрийн дутагдал. Дээрээс нь энэ салбарт гадна дотны хөрөнгө оруулалт орохгүй байна. Шинэ эх үүсвэр баригдах үндэс бол хөрөнгө оруулалтын асуудал. Энэ салбар зах зээлийнхээ хувьд хоцрогдоод байгаа юм. Эрчим хүчний салбарыг либералчлах хэрэгтэй.
Манай улс эрчим хүчний хөгжлөөрөө Африкийн орнуудтай ижил түвшинд байна. Африкийн зарим орнууд манайх шиг 330 сум нь тогтой болох нь битгий хэл зарим хөдөө нутагт нь огт тог байхгүй. Тийм улстай нэг зэрэглэлд байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ганцхан зах зээлийн загвар нь тэдэнтэй адилхан байгаа юм. Томоохон л алхам хийхгүй бол өнөөгийн байдал 30 жил үргэлжилсэн шигээ, 20 жилийн дараа, магадгүй 2050 онд энэ хэвээрээ байсаар л байна” гэлээ.
Харин Монгол улсын эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Ганжуур, “Эрчим хүчний үнэ тариф 28 хувийн алдагдалтай явж байна. Техник технологийн хувьд чадлын дутагдалд орсон. Санхүүгийн хувьд хөрөнгө мөнгөний дутагдалд орчихсон. Маш хүнд байдалд байна. 1983 онд 4 дүгээр цахилгаан станц ашиглалтад орсноос хойш 40 жил болох гэж байна шүү дээ. Шинээр станц баригдаагүй. Таван толгойн цахилгаан станцыг барихад төр 70 хувийг санхүүжүүлнэ гэж яриад байгаа. Түүнд мөнгө олдохгүй байна. Төр хувийн хэвшлийн түншлэл гэж ойлголт байгаа шүү дээ. Нэг үгээр үндэсний хөрөнгөтнүүдтэй хамтарч ажиллах ёстой. Эрчим хүчний салбарт зарим хувийн хэвшлүүд итгэл найдвар алдсан байж болно. Тэгвэл итгэл алдсан нөхдүүдийг жагсаалтаас хасчих хэрэгтэй.
Гадаадад суугаа манай улсын иргэд өдөрт нэг сая ам.долларыг шилжүүлдэг. Жилийн дүнгээр 365 сая ам.доллар шилжиж байна шүү дээ. Таван толгойн цахилгаан станц бүтэх хөрөнгө 800 сая ам.доллар. Энэ 365 сая долларыг эргэлтэд оруулж Таван толгойруу шилжүүлэх юм бол Таван толгойн цахилгаан станцын мөнгийг босгож болж байгаа юм. Энэ станц ашиглалтад орвол жилдээ Хятадруу гардаг 120-130 сая ам.доллар монголд ороод ирнэ. Түүнээсээ хөрөнгө оруулсан хүмүүстээ мөнгөө төлөөд, дээр нь ашиг хүртэнэ. Хувьцаагаар ч босгож болно. Эрчим хүчний салбараа босгоод ирэх боломж уг нь их байна” гэв.
Мөн бид энэ талаар МЭЗ ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганбаатартай уулзаж үүсээд буй асуудалд ямар гаргалгаа байж болох талаар лавласан юм. Тэрбээр, “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшилтэй хамтрах, тодорхой ажлуудыг хувийн хэвшилд өгөх, эсвэл хувийн хэвшлүүд гаднаас хөрөнгө оруулалт босгож ирэх зэргээр төсөл хэрэгжүүлэх боломж байна.
Арван аймагт хэрэгжих дулааны станц 11 дэх жилдээ яригдаж байна. Солонгосоос хөрөнгө оруулалттай. Тендерт орох эрх нь зөвхөн Солонгос компаниудын дунд л байдаг. Ингээд тэд Монгол компаниудаар хямд төсвөөр ажил хийлгэдэг. Гэтэл үүнийг Монгол компаниуд элбэг хийж чадна шүү дээ. Хийгээд ч ирсэн.
Гадаадын зээл тусламжаар хийлгэсэн нь тодорхой бүлэг хүмүүсийн ашиг сонирхолд илүү нийцдэг байж магадгүй. Магтаад хэлье. Одоо байгаа сайд бол мэргэжлийн хүн. Тиймээс бодлогоо их зөв гаргаж байна гэж харж байгаа. Урд өмнөх сайдуудын хувьд, нэг сайд нь гарч ирээд дараагийн сайдаа үгүйсгэдэг, ажлыг нь зогсоодог. Салбарын цаашдын бодлого тэдэнд хамаагүй байсан. Ийм байдалтай явсаар байгаад өнөөдөр энэ салбар элгээрээ хэвтэж байна” гэсэн юм.