Энэ жилийн хувьд өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх, үүнд нэр холбогдох тоон үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өсжээ. Нийт үйлдэгдэж буй гэмт хэргийн 30 гаруй хувийг хулгай, дээрмийн төрлийн хэрэг эзэлж байгаа талаар ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, хурандаа П.Болормаа мэдээллээ. Бид түүнээс өсвөр насны хүүхдүүд гэмт үйлдэх нөхцөл, шалтгаан юу болох талаар тодруулсан юм.
Тэрбээр, “Энэ онд насанд хүрээгүй хүн гэмт хэрэг үйлдэх, хохирох байдал өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг цар тахлын нөлөө гэж харж байгаа. Хулгайлах, залилах төрлийн хэрэг илүү үйлдэж байна. Мөн зодоон танхайн гэмт хэрэгт ч хүүхдүүд холбогдож буй. Үүний шалтгаан нь буруу үлгэрлэх, нэгнийгээ даган дуурайх зэрэг байдлаас болоод байгаа юм.
Нөгөөтээгүүр гэр бүлийн уур амьсгал, таарамжгүй харилцаа, эцэг эхийн хараа хяналтгүй, тогтворгүй байдал, гэр бүл салалт, эцэг эхийн зан ааш зэрэг үүнд шалтгаалж байна. Мөн мөнгөний дутагдалд орсон, наад захын хэрэгцээг нь эцэг эхчүүд нь хангаж чадахгүй байгаагаас болоод хүүхдүүд хулгай хийх тохиолдлууд ч байна. Түүнчлэн ашиг олох, шунахайн сэдлээр хийж буйг үгүйсгэхгүй. Аливаа зөрчлийг эрт таслан зогсоох ёстой. Үгүй бол эргээд даамжирсаар ирээдүйд хүнд хор учруулах эрсдэлтэй. Үүнд эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо чухал” гэв.
Мөн бид өсвөр үеийнхнийг гэмт хэрэг үйлдэх нөхцлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв”-ийн сэтгэл зүйч Д.Намуунзаяагаас тодрууллаа.
Тэрбээр, “Өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгааныг аль ч талаас холбож үзэж болно. Хүүхэд бол бидний бүтээл. Магадгүй таны хүүхэд уур уцаартай, болохгүй зүйл ажиглагдаад байх юм бол эхлээд эцэг эхчүүд өөр рүүгээ өнгийж үзээсэй гэж хэлнэ. Хүүхдүүд гэмт хэрэг үйлдээд буй ихэнх хувийг аав ээж асран хамгаалагч нараас шалтгаалдаг гэж үзэж болно.
Харьцуулалт дунд өсөж байгаа хүүхэд өөртөө итгэх итгэлгүй болно. Гэр бүлдээ итгэлгүй болоод ирэхээр нийгмийн харилцаанд итгэлтэй байр суурьтай болохын тулд магадгүй дээрэлхдэг, эсвэл буруу үлгэрлэл үзүүлдэг хүүхэдтэй найзалж эхэлдэг. Өсвөр насны хүүхдүүдийн дунд цахилгаан тамхины хэрэглээ ихсээд байна шүү дээ. Яагаад гэхээр хүүхдүүд түүгээр өөрийгөө хүчирхэг гэж харуулаад байгаа юм. Нэг талдаа аав ээж хоёр, “Миний хүүхэд хангалттай хүчирхэг, том болж байгаа, бахархаж байгаа” гэдэг зүйлийг хэлээд, мэдрүүлээд байх юм бол харьцангуй сөрөг үр дагавар гарахгүй. Манайд ирж байгаа өсвөр насны хүүхдүүд дандаа гэртээ хүлээн зөвшөөрөгдөөгүй, эсвэл ямар нэг байдлаар гоочлуулдаг, итгээд ярьсан зүйлийг нь задруулдаг, үл хүндэлсэн учраас эргээд сөрөг араншинг гаргаж ирдэг. Тэгэхээр аав ээж нарыг өөр рүүгээ өнгийгөөд зарим асуултыг асуугаасай гэж бодож байна.
Би хүүхдээ байгаагаар нь хэр хүлээн зөвшөөрч байна. Миний хүүхэд байгаагаараа хангалттай юм уу, хэн нэгний хүүхэд шиг байх нь надад хэрэгтэй юм уу гэдгийг бодох хэрэгтэй. Эргээд тэр амьдралаар эцэг эхчүүд өөрсдөө амьдрахгүй. Хүүхэд алдаж онож үзэж байж, хүлээн зөвшөөрөгдөж байж, хүлээн зөвшөөрөгдөөд надад хайртай юм байна гэсэн итгэлийг авч байж шат шатныхаа хөгжлөөр явах болохоос биш өнөөдөр аав ээждээ буруутгагдаад, загнуулж зодуудаад энэ асуудал шийдэгддэг байсан бол бид бүгд гоё явж байх байсан” гэлээ.
Иймд та өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцож харьцах, тэднийг бусдаас дутуу мэтээр ойлгуулах үг үйлдэл гаргахгүй байх хэрэгтэй. Мөн тэдэнд итгэл хүлээлгэж, том болж байна гэх хариуцлагатай ухамсар суулгах нь чухал гэдгийг анхаараарай. Хэрвээ та хүүхэдтэйгээ харьцах учраа олохгүй байвал мэргэжлийн сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна.