Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Үндэсний Аудитын газрын Гуравдугаар газрын захирал Д.Энхболд тус банканд 2014, 2015, 2019 оны үйл ажиллагаатай холбоотой хийсэн гүйцэтгэлийн аудитын үр дүнгийн талаар танилцуулсан юм.
Аудитаар Хөгжлийн Банкны 2012-2017 оны үйл ажиллагаа, 2012-2018 оны зээлийн үйл ажиллагааг хамарчээ. Тухайн үед хууль хяналтын байгууллагад шилжсэн шалтгаанаар "Мон лаа", "Эгийн голын УСЦ", Хөгжлийн Банкны Мэдээлэл түгээхтэй холбоотой баримт бичгүүдээс бусад зээл, үйл ажиллагаанд аудит хийснийг тайлбарлалаа.
Аудитаар
- Эрх зүйн зохицуулалт хангалтгүй
- Эрсдэлийн тогтолцоо бүрэн бүрдээгүй гэж үзсэн байна.
Үр ашиггүй зарцуулалт өндөр, удирдлагын бүтэц томорсоор ирсэн зэрэг асуудал анхаарал татсан гэв. Тухайлбал, гадаад томилолт, орон тоо бүтэц, цалин зэрэг зардал өндөр байснаас гадна маш их хэмжээний зар сурталчилгааны ажлыг хийсэн байна. Жилд хамгийн багадаа 720 тэрбум, ихдээ 1.2 их наяд төгрөгийг банкны үйл ажиллагааг олон нийтэд түгээхэд зарцуулсан.
Үйл ажиллагаанд хамааралгүй зардлуудыг Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу зарцуулснаас тухайн банкны арвилан хэмнэлттэй ажиллах зарчим хангагдаагүй гэж дүгнэжээ. Мөн Худалдан авах ажиллагаанд мөрдөх журам хангагдаагүй гэж үзсэн байна.
Тухайлбал, Хөгжлийн Банкны байрыг 20 орчим тэрбум төгрөгөөр шууд худалдан авсан. Тус байртай адил А бүсэд, МУИС-ийн Номын сангийн 15 мянган ам метр талбай бүхий байрыг 14 тэрбум төгрөгөөр босгосон байхад Хөгжлийн Банкны барилгыг шууд гэрээгээр өндөр үнээр авсан нь ашиг сонирхлын зөрчил орсон байж болзошгүй хэмээн дүгнэжээ.
Иймд тухайн худалдан авалттай холбоотой 12.2 тэрбум төгрөгийн хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж байжээ.
Улмаар УИХ-д дараах хоёр асуудлыг зөвлөмж болгосон.
- Зээл олгох үйл ажиллагааг улсын хөгжлийн бодлоготой уялдуулахад анхаарах
- Банкны худалдан авах ажиллагааны журмын эрх зүйн зохицуулалтад анхаарах.
Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт төсвийг арвилахад анхаарах зөвлөмж өгсөн байна.
Үндэслэл нь:
Хөгжлийн Банк тооцоо, судалгаагүйгээр эх үүсвэр татаж, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохисгүй хэрэгжүүлснээр их хэмжээний алдагдал хүлээсэн. Тодруулбал,
- Бэлтгэл бүрэн хангалгүйгээр бонд гаргасан.
- Зарим бонд гаргах үйл ажиллагааны зардал хэт өндөр байсан нь бодит хүү нэмэгдэхэд хүргэсэн.
- 2012-2015 онд мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохистой хэрэгжүүлээгүйгээс их хэмжээний орлого олох боломжийг алдаж, 102 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн.
- Арилжааны банкуудад зарим хадгаламжийг Монголбанкны хүү, эх үүсвэрийн хүүгээс бага хүүтэй байршуулснаас 14.9 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдсан
зэрэг нь тооцоо судалгаа хангалтгүй, ямар төсөлд ямар хөрөнгө татан төвлөрүүлэх нь тодорхойгүйгээр зарцуулсны үр дүн тул банканд активын зохистой удирдамж хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдэг дүгнэлт өгчээ.
Улмаар төслийн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт иж бүрэн бус, зээл олголтод мөрдөгдөх дүрэм журам хангалтгүй, зарим зээл зорилгод нийцээгүй, УИХ-аас батлаагүй төсөл, хөтөлбөрт арилжааны банкаар дамжуулж зээл олгосон, зээлийг зориулалт бусаар ашигласан, зээлийн эргэн төлөлт хангалтгүй гэх мэт зөрчил илэрснийг Д.Энхболд танилцууллаа.
2014 он хүртэл дотоод аудитыг томилоогүй, түүнээс хойш дотоод аудитруудыг байн байн сольж иржээ. Өөрөө өөртөө хяналт тавих тогтолцоо бүрдсэн бол хөндлөнгийн хяналтын тогтолцоо хангалтгүй байгааг тухайн үед өгсөн байна.
Иймд шаардлагатай зөвлөмжүүдийг холбогдох байгууллагуудад өгч байжээ.
2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн 28 зээлдэгчийн 569.8 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн төлүүлэх, эрсдэлд орсон 237.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй 3 зээлд анхаарч, зээлийг хугацаанд нь төлүүлэх, эрсдэлийг бууруулах талаар арга хэмжээ авахыг даалгаж байсан ч өнгөрсөн гурван жил хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрснийг мөн дурдлаа.