Чингэлтэй дүүргийн 7-р хорооны задгай хэсэгт амьдардаг айлуудын ойр хавьд тогны шийт байхгүйн улмаас тогоо бусад айлуудаас татаж, гарсан тогны мөнгийг нь хувааж төлдөг гэлээ. Задгай гэх энэ хэсгийг удахгүй хаягжуулж, тог цахилгаантай болгоно гэж хорооноос хэлдэг ч юу ч хийхгүй байна хэмээн иргэд хэллээ.
Бидний эхний очсон айлд хүн байхгүй байсан ч урт хар утас урд талын хашаанаас үргэлжилсэн байдалтай тог татсан байв. Тогны утас нь хэд хэдэн газар шалбарсан харагдана. Энэ нь бороо ороход эсвэл салхи шуургатай өдөр гэмтлийн улмаас оч үсрэхэд л гал алдаж мэдэхээр эрсдэлтэй харагдаж байв.
Ингээд урд талын тог залгуулсан айл руу очиход аав, ээж нь ажилтай гэж өсвөр насны хүү хэлэв. Тухайн айлыг хаанаас тогоо авдаг эсэхийг асуухад урд талын тавилгын үйлдвэрээс авдаг гэлээ. Өнөөх хар утас газар доогуур явж хэсэг, хэсэг газар ил гарсан байлаа. Тавилгын үйлдвэрээс ойр хавийн зарим иргэд тогоо авч байсан тул тавилгын үйлдвэрт ороход гадаа нь хэд хэдэн залуус барилгын ажил хийн зогсож байсан юм. Тэднээс тогоо хаанаас авдаг тухай асуухад цахилгааны шийтээс авдаг гэлээ.
Ойр хавийн зарим айл тогоо үйлдвэрээс нь татаж авдаг эсэхийг асуухад "Зарим айлууд манайхаас л цахилганааа авдаг. Түрүүн авч байсан. Одоо бол өгөхгүй байх. Танайхаас тог авсан айлуудад өгөхгүй байгаа гэхээр утсыг нь тастчих юм уу? гэхэд тэгнэ шүү дээ" гэж хариуллаа.
Үйлдвэрээс гарч урд талын хоёр хашааны дундах айлаас тогоос хаанаас татсан талаар асуухад тэрбээр "Тог авдаг байсан айл маань СХД-ээс авдаг байсан гэсэн. Тэр нь шийтээ солино гээд манай утсыг сольчихсон. Тэгээд хоёр сар гаруй тоггүй яаж харанхуй байгаад байх вэ хүүхэд хэцүү байгаа юм чинь. Хойно тавилгын үйлдвэрээс тог авсан. Уурлаад байх юм билээ, хэцүү юм билээ. Уг нь мөнгө төгрөгөө өгч байсан л даа. Заа болъё салгая гээд тэгээд салгачхаад хэд хоног байж байтал урд талд байдаг нутгийн ах манайх тогоо залгачихлаа гээд, тэгээд буцаад залгачхаад байж байна даа" гэв.
Иргэн Д.Отгонбаатараас тодруулахад, "Чингэлтэй дүүргийн 7-р хороонд гэр бүлээрээ нүүж ирээд нэг жил болж байгаа. Сургууль, цэцэрлэгтэй ойрхон байдаг учраас амар. Газрыг хаягжуулж, удахгүй зөвшөөрөл гаргана гэж хорооноос хэлсэн. Зөвшөөрөл байхгүй гэхдээ энд буу гэсэн гэнэ лээ. Ямар ч байсан зөвшөөрөл өгөх л юм гэсэн. Энэ уг нь манай хүргэний газар. Би хоёр гурван газраар яах вэ. Манай хүргэнийх СХД-ийн Баян хайрханд байдаг юм. Тэнд бас газартай. Чи энд буугаад энэ газрыг өөд нь татаад ав гээд хэдэн шон зоочхоод л байж байна. Хороондоо тогтой болмоор байна гэж хэлсэн. Энэ задгай хэсгийн хаяг нь бүрэн гарчихсан. Хороо тодорхой болохоор бүх юмыг чинь зохицуулна л гэдэг шүү дээ. Ерөөсөө өөдөөс хэлдэг үг нь л тэр. Ганцхан айлаас хоёр дахь айл руугаа гэж орохгүй байгаа шүү дээ.
Хэчнээн айл дамжиж орж ирж байгаа тог болохоор халуун тогоо эсвэл ус буцалгагч гэх жишээний юм залгавал гэрэл бүдгэрнэ. Тэрнээс арай ахиу юм залгачихвал тог тасарна.
Тэр доор энэ айлууд байсан гэсэн. Бүгд доор замын наана хавьцаа байсан гэсэн. Тэрүүгээр зам тавих гэж байна гээд бүгдийг нь нааш нь гүйлгээд энэ газар талбайд гэрийн буйр зэргийг засаж өгөөд буулгасан юм гэнэ лээ. Энэ албаны хүмүүс нь мэдээд л ингэж засаад буулгасан юм байгаа биз" гэв.
Тухайн өндөрлөг хэсэг доошоо эгц налуу. Явахдаа болгоомжтой явахгүй бол эгц налуу учраас хөл муутай ахмад эсвэл бага насны хүүхдүүд унаж мэдэхээр байв. Айлууд нь хашаагаа наад талаас нь модоор тулж жийрэглэсэн байлаа. Мөн тус газар энд тэнд буйр засаатай байв. Задгай гэж нэрлэх энэ хэсэгт энд тэнд тал хашаатай эсвэл хашаагүй, шинэхэн хашаатай гэр, байшингууд харагдана. Ихэнх айлууд өндөр хүчдэлийн дэргэд ч буусан байлаа. Иргэн Д.Отгонбаатараас өндөр хүчдэлийн дэргэд буухад анхааруулга, санамж өгсөн эсэхийг асуухад "Нэг удаа анхааруулга ирсэн. Бүгдийг нь нийтэд нь нүүлгэвэл нүүх л байх. Түүнээс биш би ганцаараа юу гэж нүүх вэ дээ. Ханьтайгаа охинтойгоо ингээд гурвуулаа л амьдарч байна даа" гэж хариуллаа.
Бид Чингэлтэй дүүргийн 7-р хорооноос тухайн хэсгийг хэзээ хаягтай болгож тог залгах талаар асуухаар очиход тухайн хэсэг СХД-т хамаардаг гэв. СХД-ээс асуухад тус хэсэг Баянгол дүүрэгт хамаардаг. Шууд Чингэлтэйгээс СХД-т тухайн хэсэг хамаарах боломжгүй гэж хариулсан юм. Харин Баянгол дүүргээс асуухад Чингэлтэй дүүрэгт хамаарна гэдэг хариулт хэлэв.
Аль ч дүүрэгт хамаарах байсан хотын төвөөс хэдхэн километрийн цаана XXI-р зуунд иргэд тоггүй хоёр сар амьдарч эсвэл айлаас айлын хооронд тог залгуулж өдөр хоногийг өнгөрөөж нэг дор цахилгаан хэрэгсэл ажиллуулж ч чадахгүй нөхцөл байдалтай байна. Хот хүрээ тэлж өдрөөс өдөрт хотод ирэх оршин суугчдын тоо нэмэгдэж буй энэ үед цахилгааны шийтгүйн улмаас айлаас тог татах үзэгдэл энгийн болж, ямар ч хараа хяналтгүй гал гарах өндөр эрсдэлтэй байгаа юм. Эрчим хүчний яамнаас эрчим хүчний байгууламжууд огт нэмэгдээгүй учраас 2023 оноос шинээр ашиглалтад орох барилга, орон сууцуудыг цахилгаанаар хангах боломжгүй болно гэдгийг ч хэлсэн юм. Иймээс ирэх онд хэсэгчилсэн эрчим хүчний хязгаарлалтуудыг хийнэ гэдгийг яамнаас мэдэгдсэн. Эрчим хүчний үнийг ч нэмэх асуудал яригдаж байна. Гэтэл хотын захаар цахилгаанд холбогдож чадаагүй иргэд байсаар байна.