Төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй компаниуд үнийн өсөлтийг шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлах болсон талаар хэвлэлийн хурал хийж байна.
Барилгын компанийн төлөөллүүдийн мэдээлж буйгаар, "Засгийн газар ажил хийхгүй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийж байгаа компаниудын үйл ажиллагаа маш хүндрэлтэй нөхцөл байдалтай нүүр туллаа.
Барилгын салбар 100 хувь хувьчлагдсан. Бид улсын ажлыг төсвийн хязгаартай хийдэг. Бидний ажил батлагдсан төсөвт өртөгтөө багтахаа больсон. Үнийн суурь өсөлтийн тарифыг шинэчилж өгөөгүйгээс болоод барилгын компаниуд алдагдалд ороод, ажил явуулах боломжгүй боллоо.
Тиймээс улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, спорт заал зэрэг барилгын ажлыг гүйцэтгэдэг 21 аймаг, 9 дүүргийн барилгын компанийн нэгдлээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарт шаардлага хүргүүлж байна.
2021 оны хоёрдугаар сарын 24-ний дотор зарлагдсан 25 саяас 10.5 тэрбум төгрөг хүртэлх өртөгтэй 109 тендерт шалгарсан компанийг судалгаанд хамрууллаа. Өөрөөр хэлбэл, орон нутгийн 59, нийслэлийн 11, Төрийн худалдан авах ажиллагааны 39 тендерт нэг бүрчлэн судалгаа хийсэн.
Судалгаанд оролцсон компаниудын 97.7 хувь нь хил, гаалийн асуудал, үнийн өсөлтөөс шалтгаалан алдагдалд орсон байна. Мөн 66.2 хувь нь нийгмийн даатгалд өртэй болжээ. Ихэнх компани өнгөрсөн жилийн үнийн өсөлтөөс болоод санхүүгийн чадамжгүй боллоо.
Бидний алдагдлыг шийдэж өгөөч гэдэг саналыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлээд хангалттай хүргүүлсэн. Гэвч Ерөнхий сайд, Сангийн сайд хэн нь ч тоож үзсэнгүй. Компаниуд үнийн өсөлтөөс айгаад тендерт оролцохоо больж эхэллээ. Тэгэхээр Ерөнхий сайд аа, таны зорилго биелэхгүй болсон шүү. Энэ хавар барилгын ажил эхлэхгүй.
Үнийн өсөлтийг шийдүүлж байж ажлаа эхлэхгүй бол бид дахин алдагдалд орно. Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан үнийн индексийг даруй батлахгүй бол бидний ажил цааш явахгүй. Бидэнд тодорхой саналууд бий. Саналаа танилцуулах шаардлагатай байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биднийг хүлээн авч уулзах хэрэгтэй. Үгүй бол бид шаардлагаа өлсгөлөнгийн хэлбэрт шилжүүлнэ.
Барилгын салбарынханд 2009 оны тарифт цалин мөрдөгдсөн хэвээр байна.
Барилгын компаниуд цалингаа өгдөггүй гэдэг. Бид 2009 оны Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын тушаалаар цалингаа төрөөс аваад явж байна. Хаа байсан 2009 оны тушаалаар мөнгө авч ажилчдынхаа цалинг арай чүү хүргэж явна. Барилгын салбарт хамгийн өндөр, ур чадвартай хүнд л өдөрт 80 мянган төгрөгөөр бодож цалин өгч байна шүү дээ. Гэтэл БНХАУ-аас өдрийн 160 мянган төгрөгөөр хүн авч цалинжуулдаг.
Засгийн газраас 1 метр квадратыг 860 мянган төгрөгөөр барь гэж биднийг шахаж байна. Энэ ямар ч боломжгүй. Тиймээс үүнийг 20-30 хувиар өсгөж өгөөч гэдгийг л бид шаардаж байна. Бидэнд одоо үнэхээр 2009 оны төлбөрөөр барилга барьж чадахаа байлаа.
Сангийн сайд Б.Жавхлан мөнгө байхгүй гэсэн. Тэтгэмж, тэтгэврээ өгөх нэн тэргүүний асуудал. Барилгын салбарынхны асуудал дараагийнх гэж хэлсэн. Тэр охиндоо пальто авч өгч чадахгүй болсон учраас хоолныхоо асуудлуудыг шийдэж байна гэж зүйрлэж ярьсан. Бидэнд шинэ пальто авах шаардлага байхгүй. Барилгын салбарт гүйцэтгэх 2022 оны төсөл, хөтөлбөрүүдийг зогсоогоод 2020-2021 онд ажил гүйцэтгэсэн барилгын компаниудын үнийн өсөлтөөс шалтгаалсан алдагдлыг шийдээд өгөх хэрэгтэй. Хил, гааль хаалттай гээд л байсан. Гэвч үнэндээ орж ирсэн цементээ төмөр замын бүтээн байгуулалт руугаа зөөсөөр байгаад үнийн хөөргөдөл үүсгэсэн нь үнэн.
Ерөнхий сайдыг бидэнтэй уулзаач гэж гуйж, хүсэж, шаардаж байна. Бидний асуудлыг шийдэж өгөхгүй бол барилгын салбарын 100 мянган хүн ажилгүй болоход ойрхон байгаа" гэлээ.