Зэвсэгт хүчин байгуулагдсан 101 жилийн ойг тохиолдуулан бид цэргийн улаан тугийн одонт, зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн штабыг зорилоо. Өнөөдөр энэхүү штабын 100 жилийн ой тохиож буй. Ардын хувьсгалтай нас чацуу, олон жилийн түүхтэй Монголын ууган штабуудын нэг болох 089 дүгээр нь анги нь манай улсын авто тээвэр үүсэх суурийг тавьсан төдийгүй Батлан хамгаалахын жанжин штабын удирдлагын бүрэлдэхүүнд авто машинаар үйлчлэх, Улаанбаатар хотод эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх, мөн төрийн ёслолын үйл ажиллагаанд ёслолын бүрэлдэхүүнийг тээвэрлэх, ачаа тээврийн үүргийг гүйцэтгэх гэсэн үндсэн гурван чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Бид 089 дүгээр ангийн штабын захирагч, хурандаа Б.Бямбаатай уулзаж, цэргийн амьдралын хатуу хөтүү зүйлс, бахархам үйл явдал, мөн штабын үйл ажиллагаа хэрхэн өрнөдөг талаар ярилцлаа.
-Танд Зэвсэгт хүчин байгуулагдсаны 101 жилийн ойн мэнд дэвшүүлье. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Миний бие Баасан овогтой Бямбаа. Хурандаа цолтой. Зэвсэгт хүчинд 27 жил тасралтгүй алба хааж байна. Зүүнбаянгийн 126 дугаар нэгтгэлд салбарын захирагчаас цэргийн албаныхаа гарааг эхэлсэн. Энэ ангийг 2017 онд командал, удирд гэдэг үүргийг надад өгсөн. Маш хариуцлагатай үүрэг дээр буусан гэж харж байгаа.
-27 жил ажиллахдаа амаргүй саад бартааг туулсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Миний хувьд чамгүй сайн байсныхаа үр дүнд өнөөдрийн зэрэгт хүрсэн гэж боддог. Би нэг ч шат алгасалгүйгээр цолоо ахиулсан юм. Бүх үе шатыг туулсан гэсэн үг. Шат алгасахгүйгээр цол ахиснаар, ангийн захирагч хийж байгаа би ангийн орлогчийнхоо ажлыг, ангийн албаны даргынхаа ажлыг, сургалтын офицерынхоо ажлыг мэддэг учраас томоор харж зөв шийдвэр гаргаж чаддаг гэж боддог. Аливаа зүйл цаг хугацаагаараа хэмжигддэг.
-Та залуу үеийн алба хаагч нартаа юу хэлж, зөвлөдөг вэ?
-Алба хаагч нартаа ганц зүйл л хэлдэг. Өглөө ирэхдээ зорилготой ирж бай. Орой явахдаа би юу хийв ээ гээд нэг бодож бай гэдэг. Зорилго гэхээр нэг их томоор “зорилго” гэж бичиж байгаад л, бодоод шаналаад суух биш. Хийх ажил, зорьсон зүйлтэй байж л амьдрал урагшилна шүү дээ.
-Та сая олон ч газар руу томилогдож байснаа ярилаа. Хамгийн хүнд томилгоо нь юу байв аа?
-Би өөрөө цэргийн хүн болно гээд сонгосон учраас, “монгол улсын төлөө зүтгэе” гээд л өгсөн үүрэг даалгавар бүрийг биелүүлэх учиртай. Гэхдээ цэргийн алба хаагч гэдэг хүний ард нь эхнэр, хүүхэд нь байгаа. Хамгийн хүндхэн томилолт авч байсан үе бол Зүүнбаянд зургаан жил ажиллаж ирээд, гэр бүлийн хүн ажилтай болоод хоёр хүүхдээ цэцэрлэгт өгөөд жигдрээд байж байтад дахиад томилогдох шаардлага гарсан. Ар гэр бүлээ “Мэдлээ гүйцэтгэе” гэх үгийн хүрээнд байлгахын тулд асуудал үүсдэг. Манай хүн, “Чи өөрөө яв” л гэсэн. Хүний хань ижил юм болохоор намайг явуулаад хоёр сарын дараа араас ирсэн дээ. Өөр арга байхгүй. Бид эрхээ хязгаарлуулсан хүмүүс шүү дээ. Ар гэрийн хүн ойлгох, ажил мэргэжилтэй нь хайрлах хэрэгтэй болдог.
-Ингэхэд эрхээ хязгаарлуулсан гэх салбарыг яагаад тэгтлээ хүсэх болсон юм бэ?
-Би эцэг эхээс арвуулаа. Хүүхэд байхад манай дээрээсээ хоёр дахь эгчийн нөхөр, цэрэг хувцастай сайхан өндөр дэслэгч ах хүрч ирсэн юм. Хуягт танк гэж ийм зүйл байдаг юм гээд аав, ээж, бидэнд яриад л. Би ам руу нь кино үзэж байгаа юм шиг орчих гээд л. Томдчихсон ч гэсэн малгай хувцсыг нь бүсэлж гүйгээд л. Тэрүүгээр хүүхдүүдэд онгирч байгаа юм. Хөдөөний хүүхэд шүү дээ би. Сурахаар Улаанбаатарт ирсэн, гараад л төөрнө. Цэргийн сургууль гэхээр офицер хувцас өгөх юм болов уу гэж бодсон хэрэг. Гэтэл цэрэг шар ногоон хувцас байдаг шүү дээ. Тийм хувцас, томдсон гутал өгдөг байгаа. Хэд хоног яг манан дунд байсан. Доод шатнаас нь эхлээд тэр хүрдэг гэдгийг мэдэхгүй, шууд л хүргэн шигээ болчихно гэж санасан учраас би хэсэг шоконд орсон нь тэр. Гоё хувцсаа өмсөөд л хичээлээ хийгээд суугаад байх юм бодсон чинь. /инээв/
-Төсөөлөл бодит байдал нь өөр байжээ. Шантраад больё гэж бодож байв уу?
-Би нэг зүйлдээ тууштай. 1990-ээд онд цаг хэцүү байлаа. Аав ээж нэг сургуульд оруулаад түүнийгээ хаяхад, дараагийн сургуульд оруулах чадваргүй л байсан юм. Төгсөж чадахгүй бол би Эрдэнэбулган сумандаа хонь хариулаад явах юм байна, эсвэл төгсөөд ажиллах гэдэг хоёр сонголт байсан. Тиймээс яадаг ч байсан төгсөөд үр дүнг нь харна гэсэн тууштай зорилго тавьсан, шантрах үе байсан.
-Цэргийн баярыг эрэгтэйчүүдийн баяр гээд тэмдэглэх нь их байдаг. Энэ өдрийн үнэ цэн юу юм бэ?
-Энэ өдөр бол Зэвсэгт хүчнийг үүсгэсэн Сүхбаатар жанжны командалсан цэргүүд, бүрэн эрхт байдлаа авч үлдэж чадсан түүхээрээ бахархаж, бодол санаандаа эх орноо гэсэн сэтгэл тээж байх ёстой өдөр. Баярлаж цэнгэхдээ гол нь биш шүү дээ.